Caakmedee

Тэнэглэхэд хязгаар үгүй

  • Нийгэм
  • 2020/01/06
Чулуу дууссан учраас чулуун зэвсгийн үе дууссан юм биш... Энэ бол эдийн засагч Да.Ганболдын “Эрх чөлөө” хөдөлгөөний залуустай өглөөний уулзалт хийх үеэр хэлсэн үг. Уулзалт, ярианы сэдэв Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч болсон уул уурхайн үйлдвэрлэлийн тухай байлаа. Одоо ч бүр хог дээр үсэрлээ л дээ.
Харин өнгөрсөн долоо хоногийн тренд “Ухаанд хязгаар байдаг, тэнэглэлд хязгаар байдаггүй” гэдэг болов. Учир нь тэнэглэх “шанс” бидэнд хангалттай их аж.
“Тэнэг хүмүүс аль ч улс үндэстэнд байдаг. Олон зуун жилийн турш сонгуулийнхаа тогтолцоог сайжруулсаар яваад, хүмүүсийнх нь улс төрийн боловсрол сайжрахын хэрээр тэнэг хүмүүсийг эрх мэдэлд хүргэх нь харьцангуй бага болж байна. Харин манайд хараахан тийм цаг ирэх болоогүй байна” хэмээн ноён Да.Ганболд ярьсан. Улстөрч хүмүүс яахаараа байж болох бүх эерэг өөрчлөлтийг заавал арагш нь татаж ярьдаг байна аа хэмээн бодож сууснаа нуух юун. Гэвч үнэн хэрэгтээ тэр үг байгаа зүйлийг байгаагаар нь хэлсэн төдий гэдгийг өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдал бас дахин нотоллоо.
Манай Ерөнхийлөгчийн хэлсэн “тэтгэврийн зээлийг тэглэх” мэдэгдэл өнгөрөгч долоо хоногийн гол сэдэв болов. Бүр ҮАБЗ-өөр хэлэлцээд, УИХ-д хууль санаачлах үүрэг хүртэл өгөгдөөд, Засгийн газар нь эх үүсвэрээ бүрдүүлэх гээд явж байгаа юм байна. Яаж гэдэг нь бүр ч их сонирхолтой. Өнгөрөгч намар хятадуудаас булааж авсан Салхитын мөнгөний ордыг эргэлтэнд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх гэнэ. Энэ ордоос хоёр их наяд төгрөгийн хуримтлалыг бий болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга ам гарав. Таван жилийн дотор...
Харин манай “хөдөлмөрчин ардууд” тэтгэврийн зээл авсан, аваагүйгээрээ талцан хэрэлдэж эхэллээ. Тэтгэврийн зээлтэй 300 мянган ахмад, тэдний үр хүүхдүүд бүгд “бусдын хөдөлмөрийг сорон мөлжигчид, хулгайчид, бэртэгчид” болж таарав. Энэ хагарал лав мөддөө эдгэхгүй ээ. Хэрэвзээ Засгийн газар яг одоо 700 тэрбум төгрөг гаргаад ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж гэмээн бусад нь тэдний тархийг хагалахад бэлэн байна. Учир нь эдийн засгийн энэ мэт харалган шийдвэрийн үр дагаврыг иргэд нийтээрээ үүрдэг гэдгийг нийгмийн олонхи нь гадарлахтайгаа болчихсон. Харин манай эрх баригчдад тэр бүхэн ямар ч падлийгүй.
Одоохондоо уул уурхайгаа эргэлтэд оруулаад энэ тэр гэсэн гоё үг ярьцгааж л байна. Цагаа тулахаар яг ямар арга хэмжээ авах нь бараг л тодорхой. Сонгууль дөхөөд ирэхээр энд тэндээс зээлж хуйлсан баахан мөнгөө /оны өмнө Засгийн газар урьд хожид байгаагүй маш их хэмжээний зээлийн хэлэлцээрүүдийг УИХ-аар батуулсан/ бүгдийг нь тавиад амлалтаа биелүүлж таарна. Засгийн газрын өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлогыг аваад үзвэл хэн ч бидэнд итгэж хөрөнгө оруулахгүй. Тэгээд сонгуулийн маргааш хормойгоо сэгсрээд “Та нарын өрийг тэглээ биз дээ, өөр юу хүсээв?” тархин дундуур татах байлгүй. Бидэнд “Тэнэглэх шанс” үнэхээр мундахгүй юм даа.  

Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу