Caakmedee

Б.Пүрэвдорж: МАН хангалттай хулгай хийчихсэн

  • Улс төр
  • 2020/01/14
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сонгуулийн хуулийн дагуу ирэх хоёрдугаар сарын 1-н гэхэд мандатын тоог хуваарилах ёстой. Одоогоор зарим аймаг хоёр мандаттай болж, дүүргүүдээс хасах тухай яригдаж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? 
-МАН-ынхан нийс­лэ­лийн сонгогчдоос дандаа айж ирсэн. Ингэхдээ сон­голт хийх эрхэнд нь хал­даж, нийслэлийн тойргийн мандатаас хасч, орон нутаг руу шилжүүлж ялалт авахыг хичээдэг. Энэ бол нэг төрлийн хул­гай юм. Харин АН энэ асуудалд зарчимтай хандаж, нийслэлд квотыг нэмсээр ирсэн. Яагаад гэхээр Улаанбаатарт Мон­гол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж байна. Тэгэхээр иргэдийн төлөөлөл эндээс арай олноор сонгогдох ёстой юм. Харин МАН хулгайн аргаа 2020 оны сонгуулиар дахиад л хэрэглэх гэж байна. Нийслэлд 28 квот байсныг буцаагаад 24 болгох тухай яригдаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс нэг квот хасна.  Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Бул­ган гэсэн аймгийг хоёр квоттой болгож байна. Уг нь нийслэлийн сонгогчдын эрхэнд ингэж халдах болохгүй л дээ.  Нийслэлд тойрог алдаж болзошгүй гэсэн намынхаа эрх ашгийг л бодож ингэж шийдэж байна.
 
-Нийслэлд МАН-ын нэр хүнд муу байгааг та юу гэж тайлбарлах вэ? 
-Сонгууль болгоноор л ийм дүр зураг ажиглагддаг. Энэ жил нэр хүнд нь бүр ч уналаа. Яагаад гэхээр 2020 төсөв дээр Улаанбаатарт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг маш их танаж баталлаа. Энэ нь цаашид МАН нийслэлийн сонгогчдод найдалтгүй гэдгээ улам тод харуулсан. Мөн тэд сонгуулийн ман­датыг батлахдаа газар нутгийн хэмжээг харгалзах нь зүйтэй гэдэг асуудлыг ярьдаг. Гэтэл УИХ-ын гишүүн хүн тухайн газар орноос биш сонгогч, иргэдээс санал авч орж ирдэг шүү дээ. Улмаар хэдэн сонгогч байна тэдний эрх ашгийн үүднээс ажилладаг. Тэгэ­хээр мандат хуваарилах асуудал дээр газар нутгийн хэмжээнээс илүүтэй иргэ­дийн тоог харгалзах нь зүйтэй.

–МАН-ын дарга У.Хүрэл­сүх нэр дэвшигч­дээс хандив авахгүй гэд­гээ мэдэгдлээ. Харин АН 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа. Эрх баригч намын мэдэгдлийг та юу гэж дүгнэсэн бэ? 
-Эрх баригч нам өн­гөр­сөн дөрвөн жилийн хугацаанд ЖДҮ, тендер, концесс гээд улсаас хул­гайлж болох бүх зүй­лийг хулгайлсан. Тэд 2016 оны сонгуулиа 60 тэрбумын схемээр зохион байгуулсан. Тэр нь бүтэл­гүйт­сэн. Харин одоо Улсын төсвийн хөрөнгийг хул­гай­лах замаар буюу ту­хайн тойрогт хийх ажил нэрээр том дүнтэй төсөв тавиад сонгогчдын саналыг хулгайлах гэж оролдож байна. Гэхдээ энэ намд нь төсвөөс гадуур тодорхой хэмжээний сан­хүүжилт хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Харин энэ санхүүжилтээ ширээн доогуур, томоохон олигар­хиудаас авахаар тохирсон гэдэг нь илт байна. Сон­гуулийн дараа нам нь олонхи болвол тухайн олигар­хиуд нь концесс, тендер авдгаараа л авцгаах юм байна.
 
Төрийн хулгай үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Манай нам 100 сая төгрөгийн дэнчин ав­сан. Энэ мөнгөний ихэнх нь орон нутгийн намын хороод руу зарцуулагдана. Тухайн тойргийн ухуулагч, мене­жерийн цалин гээд на­мын гишүүдийн үйл ажиллагааны зардалд зар­цуу­лагдах юм.
 
-Мөн МАН нэр дэв­шигч­дээ ард түмний рей­тингээр тодруулна гэсэн. Үүнийг хэрэгт холбогдсон бол нэр дэв­ших боломжгүй гэж ойл­госон. Та юу гэж харж байна вэ? 
 
-Ерөнхий сайд У.Хүрэл­сүхийн үндсэн зан одоо л илэрч байна. Өнгөрсөн хуга­цаанд тэр ЖДҮ-чдийг өөрийнхөө төлөө хангалттай ашигласан. Ин­гэх­­дээ тэдэнд та бүхнийг дахин дэвшүүлнэ гэсэн амлалтыг өгч байсан. Ингэж өөрийнхөө Засгийн газ­рыг хамгаалж, өөр бусад булхайг ч хийлгэсэн. Харин  одоо Засгийн газрыг унагах тухай асуудал цаг ху­гацааны хувьд боломжгүй.
 
Энэ үедээ тэднээсээ бууруулж байх шиг байна. Сонгогчдын дунд өндөр рейтэнгтэйг нь  нэр дэвшүүлнэ гэж байна. Хэрэв энэ санал асуулгаар болвол ЖДҮ-чдээс нэг ч хүн нэр дэвшихгүй. Тэгэхээр одоо ЖДҮ-чид МАН-ын даргад хэрэггүй болжээ.
 
-Хуульч Б.Гүнбилэг таны мэдэгдэл, мэдээ­лэл дээр үндэслэн  Ц.Ням­дорж сайдын асуудлаар ҮАБЗ-д хандсан байсан. Та энэ тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ? 
-Би Б.Гүнбилэгийг та­них­гүй. Гэхдээ хуульч хүний хувьд Ц.Нямдорж сайдын асуудлаар баримт материал цуглуулж, ҮАБЗ-д хандсан гэж ойл­госон. Өнгөрсөн хуга­цаанд миний УИХ бо­лон байнгын хорооны хурал­даан, хэвлэлд өгч байсан байр суурийг маань хэд хэдэн үндэслэлээр гол ба­римт болгож өгсөн байна лээ. Миний ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн та­лаар хэлсэн бүх зүйл ба­римт нотолгоотой гэдгийг дахин хэлмээр байна.  Хуульч хүний хувьд энэ баримтуудыг ч дахин няг­талж дээд байгууллагад хандсан байх.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу