Caakmedee

Алдах эрхгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

  • Нийтлэл
  • 2020/01/29
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90-100 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болоод байгаа билээ. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор техник эдийн засгийн үнэлгээ боловсруулах ажил ид үргэлжилж байгаа аж. Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барих бөгөөд гэрээ хэлэлцээрүүд нь хийгдчихсэн, тэнд бүтээн байгуулалт эхлэх нь ердөө цаг хугацааны асуудал болжээ. Баруун бүсийн эрчим хүчний хангалтад ихээхэн ач холбогдолтой тус станцыг барихдаа шийдвэр гаргагчид зайлшгүй анхаарах ёстойчухал асуудлууд байна.
МОНГОЛ ХАДРАН ЗАГАС ШИЖИГТИЙН ХАВЦЛААР ДЭЭШ ӨГСӨЖ ТҮРСЭЭ ШАХДАГ УУ?
Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судалжээ. Тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлаар дээш Ховд голоо өгсөж түрсээ шахдаг нь батлагдсан байна. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ. Зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй, уян пластик юм.
Судалгааны энэ үр дүн монгол хадран загасны хамгаалалдих ач холбогдолтой. Учир нь, Шижигтийн хавцалд монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг байдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. Харин албаны зарим хүмүүс “усан цахилгаан станц барих газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа тул ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж түрсээ шахчихаад буцдаг гэсэн ойлголттой байв.
Тэгвэл монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаар дээш өгсдөг нь ийнхүү тодорхой болсон учир тэнд усан цахилгаан станц барихдаа загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна. Байгуулахдаа ямар загвараар хийхэд анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Учир нь, Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс загас дамжин гарч чадаагүй юм. Одоо ашиглагддаггүй, харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран цөөрөх эрсдэлтэй юм.

ТАЙШИР, ДӨРГӨНИЙ АЛДААГ БҮҮ ДАВТААСАЙ
Шинээр усан цахилгаан станц барихдаа алдааг нь давтаж болохгүйг сануулдаг тод жишээ нь Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд юм. Баригдсан даруйдаа байгаль, экологид хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн нь Тайширын усан цахилгаан станц. Завхан голын усыг боосноос энэ гол тасарч Увс аймгийн Завхан сумын малчид уух ус, малаа тэжээх бэлчээргүйболж олон арваараа нутгаа орхин нүүж байсан цаг саяхан. Завхан голын ус татарснаас болж Их нууруудын хотгорын усны экосистемд онцгой үүрэгтэй Хяргас нуурын усны төвшин жил ирэх тусам багасч, эргийн бүс дотогшилсоор байгааг судлаачид онцлох болсон.
Яг үнэндээДөргөн, Тайширын хувьд бид ус багатай нутагт усан цахилгаан станц барьж сургамжтай түүх бичсэн билээ. Нөгөө талаар Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж байгаль, экологид хэр хэмжээний хохирол учирсныг тодорхойлсон судалгаа өдийг хүртэл алга. Хяргас нуурын усны төвшин хэр буурсан, Завхан голын урсац станц барихаас өмнөхтэй адил хэмжээтэй байж чадаж байна уу гэдгийг судалж тогтоосноор маргаантай олон асуултад хариулт өгөх учиртай. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын хам нөлөө Хяргас, Дөргөн нууранд тусдаг. Алтайгаас ирж байгаа ус Ховд, Буянт голоор, Хангайгаас ирж байгаа ус Хүнгүй, Завхан голоор дамжин Хяргас, Дөргөн нуурт цутгадаг. Гэтэл Хангайгаас ирж байгаа Завхан голын усыг Тайширт, Алтайгаас ирж байгаа Ховд, Буянт голын усыг Дөргөний станцын далангаар хаачихсан. Их нууруудын нэг хэсэг болох Хяргас нуурын хотгор нь хуурайшилт ихтэй, гадагш урсгалгүй бүс нутаг юм.
Ховд гол олон төрөл, зүйлийн усны шувуу цуглардаг Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Энэ нуур Рамсарын конвенцид бүртгэлтэй, олон улсын хамгаалалтад орсон. Хар-Ус бол Монголын дөрвөн том нуурын нэг мөртлөө гүехэн. Хөвсгөл 234 метр, Хяргас нуур 80 метр гүн. Тэр хэрээр ус ихтэй. Харин Хар-Ус нуур гүн хэсэгтээ л 3-4 метр хүрнэ. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарвал хуурайшилт ихтэй энэ цаг үед нуурын усны төвшин багасах эрсдэлтэй гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 20 гаруй сумын 80 гаруй мянган хүн, хоёр сая гаруй мал сүрэг Ховд голоос ундаалдаг. Тиймээс л энэ төсөлд эхнээс нь болгоомжтой хандаж тооцооллоо маш сайн хийх шаардлагатай болоод байгаа юм. Ялангуяа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхдээ үүнийг тооцох хэрэгтэй байна.
Мэдээж зээл өгч байгаа Хятадын тал ч энэ асуудалд онцгой анхаарч таарна. Тэд өөрсдийнх нь санхүүжүүлсэн төсөл олон улсын хамгаалалтад орсон Хар-Ус нуур болон Их нууруудын хотгорын экосистемд сөргөөр нөлөөллөө хэмээх шүүмжлэлд өртөхийг хүсэхгүй нь лавтай. Хятадууд аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ байгаль, экологид сөргөөр нөлөөлөхгүй байхад онцгой анхаардаг болчихсон, холбогдох хууль журмандаа ч бодлогын өөрчлөлт оруулж дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгаа. Хятадын дарга Ши Жинпин 2018 оны тавдугаар сарын сарын 18-19-нд Бээжин хотод болсон Бүх Хятадын экологихамгааллын хуралд оролцохдоо” Ногоон хөгжлийг бүх талаар ахиулах ёстой. Экологийн эрсдэлээс хамгаалж, бүх явцын олон давхаргын экологи хамгааллын системийг байгуулах хэрэгтэй” хэмээн онцолсон билээ. Мөн тэрээр 2019 оны гуравдугаар сард Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан зөвлөлдөх хуралд оролцохдоо “Эдийн засгийн хөгжил хүндрэлтэй болох үед төсөл хэрэгжүүлж, байгаль орчныг хохироож эдийн засгаа нэмэгдүүлэх үзэл бодолтой байж болохгүй. Экологи хамгааллын улаан шугамыг эвдэж болохгүй” гэж сануулж байсан юм.
Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь маргахын аргагүй үнэн. Тэр тусмаа эрчим хүчнийхээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаагүй, бусдаас хамааралтай манай улсын хувьд бүр ч чухал. Хамгийн гол нь, өмнөх алдаагаа давтахгүйгээр экологид ээлтэй бүтээн байгуулалт хийх нь энэ төслийг хариуцагчдын заавал анхаарах ёстой асуудал юм. Нөгөө талаар цаашид бүтээн байгуулалт хийхдээ заавал ус гэхгүйгээр нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр асуудлыг шийдэх олон сонголт гарч ирээд байна. Технологийн дэвшлээс шалтгаалж үнэ тариф нь ч өдрөөс өдөрт хямдарч байгааг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байгаа билээ.

Д.Батбаяр
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу