Caakmedee

С.Гомбобаатар: Шонхорын тооллогыг жил бүр хийх хэрэгтэй

  • Нийтлэл
  • 2020/01/30
МУИС-ийн профессор багш, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал С.Гомбобаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн хавар идлэг шонхорын хууль бус сүлжээний асуудлыг ТЕГ шалгаж, хоёр хүнийг саатуулаад алдсан гэсэн. Дараа нь Засгийн Газар шонхорыг эргэлтэд оруулахад болохүй юм үгүй гээд лицензээр хаацайлан хариуцлагын асуудлыг сулруулсан. Дээр нь  нүүдлийн шувууг барьж амьжиргаагаа дээшлүүлэхэд ашигласан иргэнд Ерөнхий сайд эрүүгийн хэрэг битгий үүсгэ гэж үүрэг өгсөн  гээд  явж байгаа хүн ч байна. Та энэ талаар ву хэлэх бол?

-Төр, засгийн буруу бодлого, зарим сэтгүүлчийн ташаа мэдээлэл, сошиал дахь цуурхал иргэдийг  буруу зүйлд турхирч байна уу гэж хардаг. Идлэг шонхор нь 100 хувь нүүдлийн шувуу биш шүү дээ. Идлэг шонхорын  бие гүйцсэн бодгалиуд Монголд өвөлждөг.

Бие гүйцсэн гэдэг нь Монгол орны тал хээрт амьдрах, өвөлдөө идэш тэжээлээ олох чадвар бүхий туршлагатай, ид үржлийн насны шувууд юм. Зөвхөн залуу шонхорууд нь нүүдэг.

Үлийн цагаан оготно ихтэй, өвөл нь идэш тэжээл арвин бол энэ жилийн ангаахайнууд нь ч бас үлддэг. Шувуу судлалд үүнийг “хагас нүүдлийн” гэж нэрлэдэг. Хэрэв бид энэ цөм популяциа алдвал үржлийн насны идлэг шонхорууд байхгүй болно гэсэн үг. Гашуун жишээ зөндөө бий. Одоо дэлхийн идлэг шонхорын цөм популяци Монголд л бий. Тиймээс дэлхийн идлэг шонхорыг хамгаална гэдэг нь манай орны шонхорыг хамгаалах тухай асуудал болоод байна.
Таны асуугаад байгаа сүлжээний талаар надад мэдэх зүйл  алга. Бодвол араб хэлтэй, энэ чиглэлээр ажиллах туршлагатай хүмүүстэй л хамтарч ажилладаг байлгүй дээ. Тэгээд эвтэйхэн үгэнд нь ороод, хий гэснийг нь хийгээд байдаг улсуудтай л гар нийлж ажилладаг байх. Мань мэтийн Монголын эрх ашиг гээд хашгирч суудаг хүмүүстэй өөр сонирхолтой хүмүүс ажиллахад хэцүү байлгүй дээ. Миний баримталдаг зарчим бол ямар ч тохиолдолд шувууны хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй. Шонхор судлалаар ажилласан 15 жилийн хугацаанд энэ л зарчимдаа үнэнч явж ирлээ. Тийм ч учраас намайг маргаантай асуудлуудаар экспертээр томилж ажиллуулдаг юм.

-Монголд цагаан шонхорын хууль бус наймаачдын  мафи байдаг гэх юм?

-Дуулаагүй юм байна.  Таны амнаас л сонслоо. Монголд цагаан шонхор байдаггүй. Зөвхөн өвөл л цөөн тоогоор нүүдэллэж орж ирдэг маш ховор шувуу юм. Тэрийг барилаа гэхэд хилээр гаргах боломжгүй шүү дээ. Харин экспертийн дүгнэлт хийж байхад цагаан өнгөтэй хоёр шувуу гарсан гэсэн тоон мэдээлэл байсан. Нэг нь цагаансах ген давамгайлсан идлэг шонхор байсан. Нөгөө нь яг цагаан шонхор мөн эсэхийг мэдэхгүй, ямартай ч нэг гарсан гэсэн тоон мэдээ байсан. Түүнээс биетээр нь харсан биш, зураг хөрөг нь  байгаагүй. Гэхдээ аль ч тохиолдолд цагаан шонхорыг барих юм бол маш өндөр хариуцлага хүлээж таарна.

-Ингэхэд энэ онд шувууны, тодруулбал идлэг шонхорын тооллого хийх болов уу? 

-Тэрийг мэдэхгүй байна. Ер нь бол тооллого хийгээсэй, тэгээд юу болж байгааг нь мэдээсэй гэж бодож байгаа. Миний хувьд одоогоор та нарын адил мэдээлэлтэй байна.  2019 онд хэд байсан, 2020 онд хэд байхаар төлөв гарсан талаар мэдээлэл алга. Нөхөн төлждөг баялгийг ашиглах хэрэгтэй ч тухайн жилийн ангаахайнуудын үхэл хорогдлыг сайн тооцох ёстой. Тийм тооцоо, судалгаа манайд маш бага. Нөгөө талаас, шонхор цөөрөхөд  нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Түүний нэг нь таны асуугаад байгаа хуулийн дагуу буюу тусгай зөвшөөрлөөр гардаг шувууд мөн. Гэхдээ энэ нь тусгай хяналттай учраас хууль бусаар авч гарах нь бараг л боломжгүй шүү дээ. Хууль бусаар гаргасан, эсэх талаар  мэдэхгүй юм. Хэрэв ийм тохиолдол  байгаа бол тэр нь холбогдох байгууллагуудад бүртгэгддэг байх. Тэр талаар  цагдаагийн байгууллагаас лавлагаа авах хэрэгтэй болов уу. Хууль бусаар шонхор гарсан бол мэдээж тэрийг дагаад хууль бус худалдаа явагдаж байдаг. Тэр тоо, нарийвчилсан үнэлгээг хийсэн баримт алга. Шонхорын тоо толгой цөөрч буй өөр нэг хүчин зүйл нь өндөр хүчдэлийн шугам. Ялангуяа 10-15 киловольтын өндөр хүчдэлийн шугамд идлэг шонхор цохиулж үхэж байна. Энэ тоог жилд 200, мянга гэхчлэн янз бүрээр гаргасан байдаг юм билээ. Бидний тооцоогоор хамгийн багаар бодоход  Монголд байгаа таван мянган км өндөр хүчдэлийн  шугамд нэг улиралд л гэхэд 200 гаруй шонхор шувуу цохиулж үхдэг. Үржлийн улиралд, хаврын, намрын гээд тооцоод үзэхэд нийтдээ мянга гаруй шувуу өндөр хүчдэлд цохиулж үхдэг юм байна лээ.

-Шонхорыг ашигласнаас орсон орлого юунд зарцуулагддаг юм бол?

-Манай улс  шонхор шувуугаа  гадагш нь гаргаад орж ирж байгаа мөнгө нь хаашаа ордог тухайг ил тод мэдээлдэггүй.  Энэ бол шонхор шувууг тойрсон эргэлзээтэй асуудлын нэг. Бодвол улсын төсөвт ордог байлгүй дээ. Тухайн биологийн  төрөл зүйл, байгалийн нөөцийг ашигласан бол түүнээс олсон орлогын 50 хувийг тэрхүү  зүйлийг хамгаалахад зарцуулна гэсэн заалт бүхий хуультай. Миний сайн мэдэж байгаа зүйл юу вэ гэвэл, шонхороос орж ирсэн мөнгөний хэдэн хувийг түүнийг хамгаалахад зарцуулсан бэ гэхэд бараг зарцуулаагүй гэж болно. Улсын төсвөөс  зардлыг нь гаргаж 2007,  2010, 2018 онд тооллого хийсэн  байдаг. Ер нь бол Засгийн Газар ихээхэн  хариуцлагагүй байгаа юм. Судалгаа шинжилгээний байгууллагууд энэ талаар аль эрт санал хүсэлтээ тавьсан шүү дээ. Өндөр хүчдлийн 10-15 киловольтын өндөр хүчдлийн шугамын бүтцийг өөрчлөх, шонхорын тооллогыг жил бүр хийх, шонхорын үхэл хорогдлын хэмжээг тогтоох нэн шаардлагатай. Мөн Арабаас ирж байгаа нөхдүүдийн шонхор барьж байгаа арга замд хяналт тавих хэрэгтэй.  Засгийн Газар ийм хэмжээний шонхорыг энэ улс орнууд руу гаргалаа тухайг мэдээлдэггүй. Тиймээс хардлага төрүүлээд байгаа юм. Хэн нэг нь шонхорын мөнгийг зувчуулаад байгаа юм шиг, хэн нэгэн ашиг олоод байгаа юм шиг. Гэтэл тэр нь бүгд улсын төсөв рүү л орж байгаа байх. Гол нь тэр мэдээллээ нээлттэй болгомоор байна. Жишээлбэл, энэ жил энэ улс руу ийм тооны шонхор гаргалаа, ийм хэмжээний мөнгийг улсын төсөвт оруулж тийм зүйлд зарцууллаа гээд мэдээлэл нь ил тод нээлттэй байвал хардлага сэрдлэг байхгүй болно.

-Та бол шонхор шувууг судлах, хамгаалах ажилд ажил, амьдралынхаа 15 гаруй жилийг зориулсан судлаач, багшийн хувьд ямар  асуудалд хамгийн их эмзэглэж байна вэ?

-Манайд шонхор барих тухай маш сайн журмууд бий. БОАЖЯ-наас баталсан дүрэм, журмыг хрэгжүүлж буй дээр холбогдох газрууд нь  хяналт тавьдаг байлгүй. Мэргэжлийн хяналтын   шонхор шувууг мэдэхгүй байцаагч, БОАЖЯ-ны шонхороо танихгүй мэргэжилтэн очиж хяналт тавина гэдэг нь хүндрэлтэй. Яамнаас гаргасан журамд нэг шувууг барихын тулд нэг  урхитай тагтаа тавина.  Тэр тагтааг нисгэсний дараа тухайн шонхор бариагүй бол буцаагаад барих ёстой. Гэтэл манайхан тэгдэггүй. Нэг шонхор хараад урхитай тагтаа нисгэдэг, тухайн шонхор очихгүй бол нөгөө тагтаагаа орхичихдог. Урхитай хээр орхисон тагтааг өөр шонхор барина, эсвэл өөр махчин шувууд ангуучилна . Тэгэхээр энэ чиглэлээр хийж байгаа мониторнг маш бага. Шонхор шувууны үхэл хорогдол доторх бас нэг асуудал бий. Тэр нь үлийн цагаан оготны эсрэг хэрэглэж байгаа хор юм. 2018-2019 онд хэдий хэмжээний хор хэрэглэсэн талаар одоогоор надад мэдээлэл алга. Улсын төсөвт 1.8 тэрбум төгрөг тусгасан нь юунд зориулсан нь бүрхэг байна. Үлийн цагаан оготно цөөлөх зорилготой бромедлион  хор нь гэрийн хулгана, харх зэрэг мэрэгчдэд орон сууц буюу хаалттай системд  хэрэглэдэг  хор. Гэтэл манайд түүнийг олон дахин өндөр концентрацитай задгай хээрт хэрэглэж байна. Хамгийн эмгэнэлтэй нь үлийн цагаан оготно төдийгүй бусад хөхтөн, шувууд мал сүрэг хордон эндэж байна. Энэ чиглэлээр судалгаа алга байна.

-Тэр нь ямар нөлөө үзүүлдэг хор юм бэ?

-Тухайн амьтны цусны нийлэгжилтийг саатуулдаг, өөрөөр хэлбэл цусны бүлэгнэлтийг алга болгох үйлчилгээ үзүүлдэг хор. Тухайн амьтан дотуур цус алдаж үхдэг. Буудайнд шингээсэн ийм хорыг оготно иднэ. Хордсон оготныг махчин шувууд түүж иддэг.

Идлэг шонхор, шилийн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд зэрэг шувуу нэг өдөрт 5-8 оготно иднэ. Нэг бодгаль дахь хорны хуримтлал өндөр байгаа учраас уг шувууд бас дотуур цус алдаж үхнэ. Хамгийн харамсалтай нь энэ хорыг Монгол орны тал хээрийн бүсэд онгоцоор аваачаад цацчихаж байна.

Түүнийг нь ямаа, хонь иднэ. Тэр өндөр хуримтлалтай хор гадаад орчинд саармагждаг эсэхийг би сайн мэдэхгүй. Ер нь бол саармагждаггүй байх. Гэтэл  зарим  амьтны элэг, бөөр зэрэг  дотоод эрхтнүүдийг монголчууд идэх дуртай. Тэгэхээр манайхан зөвхөн үлийн цагаан оготноор зогсохгүй бусад зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, мал сүрэг, эко систем, тэр байтугай хүн амын эрүүл мэндэд аюултай зүйлийг хийж байна. Энэ талаарх сэрэмжлүүлгийг  хэчнээн хэлдэг ч мониторингийн судалгааг огт хийдэггүй нь харамсалтай.

-Идлэг шонхорын үндсэн тэжээл болох үлийн цагаан оготны олшрох шалтгаан юу вэ?

-Үлийн цагаан оготно олширсон  олон шалтгаан бий. Түүний нэг нь малчид өөрсдөө. Гэхдээ тэрийгээ ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Яагаад үлийн цагаан оготно олширдог вэ гэвэл, ойлголт их энгийн. Өндөр ургамалтай газар үлийн цагаан оготно байдаггүй. Яагаад гэвэл бодгалиуд хоорондоо дуугаар холбогддог. Тэр нь та бид хоёр хоорондоо ярьж байгаатай адилхан. Өндөр өвсөн дотор дуу өвсөнд цохигдоод буцаад ойно, нөгөө оготно руу хүрэхгүй. Тэгэхээр тэдний махчдын идэш тэжээл болох магадлал өндөр. Түүхэн хөгжлийн явцад үлийн цагаан оготно хаана намхан тачирхан  өвстэй, талхагдал ихтэй газар байна, тэнд л олноороо байна. Ийм орчныг малчид бид өөрсдөө бий болгодог. Үүнийг ярихаар бэлчээрийн талхагдал, малынхаа тоо толгойг цөөлж, чанарыг түлхүү тавих менемжентийн асуудал хөндөгдөнө. Ер нь бол үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нараас үл хамааран сая сая жилээр үлийн цагаан оготно болон идлэг шонхор, шилийн сар, үнэг, хярс бие биетэйгээ уялдаа холбоотой амьдарч ирсэн. Энэ шүтэлцээт холбоог хүн бид өөрсдөө эвддэг. Иймээс цаашид бодлого, үйл ажиллагаандаа энэ зарчмыг баримтлах нь зүйтэй гэж боддог. Энэ шүтэлцээ алдагдахаар нэг нь хэтэрхий олширдог, нөгөө нь цөөрдөг. Энэ бол байгалийн зүй тогтол. Асуудал бол үүнийг хүн өөртөө ашигтай байхаар төсөөлж, төлөвлөөд байгаатай холбоотой. Бид бэлчээр талхагдаж, үлийн цагаан оготно олон болсноор миний мал бэлчээргүй болоод байна гэж харахгүй байгаад оршино. Бид “Миний малыг оготно бэлчээргүй болголоо” хэмээн бухимддаг. Яагаад үлийн цагаан оготно бэлчээрийн ургамлыг идэв гэж хардаггүй. Идлэг шонхор болон экологийн системийн бусад бүрэлдэхүүнээ хадгалж үлдэнэ гэвэл үлийн цагаан оготнотой байх ёстой.

Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу