Гуравдугаар сарын 27-ны өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Газпром"-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ "Сила Сибири-2" хий дамжуулах хоолойн төслийн судалгааны ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ.
Энэ уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, төслийн судалгааны ажлыг эхлүүлэх даалгавар өгөхийг Миллер хүсэхэд Путин "Мэдээж, тэгэлгүй яах вэ" хэмээн хариулжээ. "Газпром"-ын тэргүүн Миллер урьдчилсан техинк эдийн засгийн судалгаа явуулсан гэдгийг дуулгаад, энэ судалгааны дүнд шинэ хий дамжуулах хоолой барих нь "зөв зүйтэй, эдийн засгийн үр ашигтай" гэдэг нь харагдсаныг онцолсон байна.
Түүнчлэн "Сила Сибири-2" хий дамжуула хоолойг барихад Оросын Европын хэсэг дэх хүчин чадлуудтай Дорнод Сибирийн хийн хоолойн хүчин чадлыг нэгтгэх шаардлагатайг онцолжээ. Эдгээр хий дамжуулах сүлжээг нэгтгэснээр хоёр чиглэлээр хийг найдвартай дамжуулах боломж бүрдэх бөгөөд энэ нь Оросын бүс нутгуудын хийн хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлнэ гэж Миллер цохон тэмдэглэжээ.
Мөн шинээр байгуулах хий дамжуулах хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум куб метр байх гэнэ.
Ийнхүү Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шинээр байгуулах хий дамжуулах хоолойн төслийг эхлүүлэх зөвшөөрөл өгснөөр энэ хоолой Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжих боломжтой болж байгаа юм. Хятад руу нийлүүлэх хий дамжуулах чиглэлтэй холбоотой төрөл бүрийн хувилбар яригдаж байсны нэг нь ийнхүү Монголоор дамжуулах хувилбар байв.
Орос, Хятад улс 2000-аад оны эхээс хийн хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулах хувилбарыг авч үзэж байсан ч олон тооны сөрөг шалтгааны улмаас өнөө хэр нь хэрэгжээгүй юм. Саяхныг хүртэл "Сила Сибири-2" хий дамжуулах хоолой өөр чиглэлээр дайрна гэж таамаглаж байлаа. "Өмнө нь Бээжин Монголоор дамжуулахыг эсэргүүцэж байсан бол одоо энэ хувилбарыг дэмжиж байгаа" хэмээн Путин өнгөрсөн оны сүүлээр ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзахдаа онцолж байв.
Г.Бямбасүрэн
Shuud.mn