Caakmedee

Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

  • Нийгэм
  • 2020/04/08
Хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.
-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах үүрэгтэй байдаг. Өнөөдөр манайд эх сурвалжаа нууцалсан сэтгүүлч ялтан болох нөхцөл бүрдчихээд байна. Сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж мэдээ материал нийтэлснийхээ төлөө хуулийн байгууллагад дуудагдахад хамгийн түрүүнд эх сурвалжаа хэлэхийг шаарддаг болжээ. Үүнийг хуульч хүний зүгээс хэрхэн харж байна вэ?
-Хэвлэн нийтлэх эрх чөлөө, нөгөө талаараа хувь хүний мэдээлэлтэй байх эрхийг хамгаалсан хуулийн зохицуулалт байдаг ч хийдэл, цоорхой ихтэй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрөвхөн заалттай нэг нүүр хууль. Яаж, хэрхэн хамгаалах нь тодорхойгүй. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарласан хууль эрхзүйн орчин бий болгохгүй гэх хязгаарлалт байдаг ч баталгаа байхгүй. Өнөөдөр Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө баталгаатай хангагдаагүй байгаа. Сэтгүүлч баримттай ярих ёстой гэдэг. баримтаа дэлгэхэд хувь хүн байгууллагын нууц задруулсан хэрэгт ордог. Баримтгүй ярихад худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг үйлдсэн болж байгаа. Баримтынхаа араас хайж яваад олоход хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсхүл хууль бусаар гүйцэтгэх ажил хийлээ гээд эрүү үүсдэг болчихоод байна. Хаашаа л гишгэнэ, цаана нь гэмт хэрэг тосож байна. Ийм орчинд ажиллаж байгаа сэтгүүлч нарын эрх чөлөө баталгаажсан, хамгаалагдсан гэж хэлж чадахгүй.
-Сар орчмын өмнө гүтгэх заалтыг Зөрчлийн тухай хуулиас аваад Эрүүгийн хууль руу оруулчихлаа. Энэ нь сэтгүүлч нарын ажиллах эрх зүйн орчинг бүр л дордуулаад байх шиг. Та энэ үйлдлийг хэрхэн харж байна вэ?
-Хоёр талтай. Хуульч хүний зүгээс харахад Эрүүгийн хуульд байсан нь дээр гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтад гутаан доромжилсон агуулгатай мэдээ, мэдээллийг олон нийтэд тараах нэр төр алдар хүндэд халдах гэсэн заалт байсан.Сэтгүүлчийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох санкцтай байсан.
Зөрчлийн хуулиар зөрчлийг тодорхойлсон зөрчлийг илрүүлж шалгах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан процессын хүрээнд явагдана. Энэ хуулиар гүтгэсэн үү, үгүй юү гэдгийг тогтоох эрхийг цагдаад өгчихсөн. Зөрчилд холбогдогчийг дуудсан болоод л тайлбарыг нь ч авахгүй, баримтыг нь үзэхгүй шууд л торгодог байлаа. Олон ч сэтгүүлчийг торгосон доо. Өөрөө ирээд, нотлох баримтаа гаргаж, өөрийгөө хамгаалах тайлбар хийгээгүй байхад нь торгочихдог байсан шүү дээ. Сүүлд баримтаа аваад очиход нь “шүүхээр явж учраа ол” гэсэн хариутай нүүр тулдаг. Сэтгүүлч өөрийгөө хамгаалах бололцоо муу байсан гэж ойлгож болно. Хүн гүтгэснийг нь цагдаа нар аль хэдийнэ тогтоочихож байгаа юм. Эрүүгийн хоёр шатны шүүхээр явах хуультай. Дээд шүүхийн хяналтаас гадуур байсан. Үүнийг би сөрөг гэж харж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь процесс нь сэтгүүлчийг хамгаалах заалтууд нь байхгүй байгаа нь илэрхий харагдаж байна. Ийм учраас л эрүүгийн хэрэгт тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн процессын хяналт, хамгаалалтад оруулах нь зөв гэж боддог.
-Сэтгүүлчид хазгай гишгэхэд л Эрүүгийн гэмт хэрэгтэн болох айдастай ажиллаж байна. Эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэх сэтгүүлчид олон байна лээ...
-Гэмт хэргийн шалган шийдвэрлэх ажиллагаанд нь цагдаа оролцож байгаа боловч зөвхөн нотлох баримт бүрдүүлэх ажлыг хийж байгаа. Сэжигтэн яллагдагч өөрийгөө хамгаалах, өмгөөлөгч авах эрхээр хангана. Мөн прокурорын хяналт хэрэгжинэ. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиас хавьгүй өргөн, хяналт, баталгаатай. Цагдаа материал бүрдүүлэх ажиллагаа хийгээд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно. Ингээд харьцуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл явцаар явсан нь илүү дээр байгаа юм. Дараагийн нэг үндэслэл нь гурван шатны шүүхээр гэм буруутай эсэхээ хянуулна. Энэ үед нь өөрийгөө хамгаалах тайлбараа өгөх, өөрт шаардлагатай гэрчүүдийг дуудах, бусад иргэн хуулийн этгээдэд байгаа нотлох баримтыг гаргуулах, үнэн зөвийг батлах бололцоо өргөн болж ирсэн. Гүтгээгүй ч байж болно шүү дээ. Гурван шатны шүүхээр гэм буруугаа дэнслүүлэх зэрэг процессын давуу тал, хамгаалалт байгаа.
-Хоёр талтай гэж та яриандаа дурдаж байсан. Сөрөг талыг нь та яаж харж байна вэ?
-Сөрөг тал гэвэл гутаан доромжилсон гэдэг агуулгын шаардлагыг нь аваад хаячихсан. Зөвхөн илт худал мэдээлэл гэдэг томьёоллоор оруулчихсан. Гутаан доромжилсон агуулгагүй байсан ч нийтэлсэн агуулга бодит байдал хоёр зөрөхөд л гэмт хэрэгт орооцолдчих нөхцөл байдал үүссэн. Зөрчлийн хуульд агуулгын шаардлага, үнэн зөвийн шаардлага, нэр төрд нь халдсан үйлдлийг шалгадаг байсан бол одоо больсон. Анхаарал алдаж жаахан худал мэдээлэл нийтлэхэд л гэмт хэрэг рүү халтирч орох гээд байна.
-Сэтгүүлчид хардах эрхтэй. Энэ эрх хөрсөн дээр хэрэгжихгүй байх шиг...
-Хардах эрхтэй л гэдэг. Одоогоор баталгаажсан хууль нь алга. Хэрэв энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гэж хардаж байгаа ч өөрт тань баримт байхгүй бол хэвлэн нийтлэх биш, хууль хяналтын байгууллагад хандаж болно. Тухайн эрх бүхий байгууллагууд иргэний өргөдөл, мэдээлэлд үндэслээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж таны хардлагын үнэн зөвийг тогтооно. Нөгөө талдаа хардаж байна гээд сонссон бүхнээ олон нийтэд цацаад байж болохгүй. Цаана нь хохирч буй иргэний нэр төр гэж байгаа шүү дээ. Мөн л хуулиар хамгаалагдсан эрх. Үүнд дур зоргоороо хандаж болохгүй.
-Сэтгүүлчид цаашид ажил үүргээ гүйцэтгэхдээ айх аюулгүй ажиллах гарц гаргалгааг хуульч хүний зүгээс та хэрхэн харж байна вэ?
-Дөрөвхөн заалттай нэг л хуулийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Ямар тохиолдолд сэтгүүлчийн хардах эрхийг хамгаалах, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэрэгжүүлэх цар хүрээ, сэтгүүлчийн оролцоо ямар вэ гэх мэт зөвшөөрөгдөх нөхцөлүүдийг тогтоох ёстой. Эрэн сурвалжлах сэтгүүлч жаахан хазайхад л хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох гээд байна. Тэгвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ямар тохиолдолд зөвшөөрөх, аль тохиолдолд зөвшөөрөгдөхгүй гэсэн хэмжээ хязгаарыг тогтоогоод өгөх ёстой. Мэдээж нийтийн албан тушаалтны хууль бус үйлдлийг илчлэх хэцүү. Араас нь мөрдөж баримт цуглуулна. Энэ үед нь л сэтгүүлчийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гээд гэмт хэрэгт холбоод байвал нийтийн албан тушаалтны үйлдэл, шийдвэрийн сүүдэртэй хэсэгт хүрэхгүй биз дээ. Нийтийн албан тушаалтан олон нийтийн хяналтад байх ёстой. Хяналтыг хэрэгжүүлдэг субьект нь сэтгүүлчид. Энэ чиг үүргийг хууль ёсны болгох нөхцөлийг хуулиар тогтоож, хамгаалах ёстой. Энэ цагт л сэтгүүлчид баруун зүүн алхаад гэмт хэрэгт орчихолгүй ажил үүргээ гүйцэтгэнэ. Ажлын үр дүнд нийтийн албан тушаалтнуудын хууль бус үйлдэл илчлэгдэнэ. Ингэснээр нийтийн алба цэвэрших ач холбогдолтой. Хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар сэтгүүлчид ажиллах л ёстой.

О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу