Caakmedee

Б.Мэргэн: Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас тавдугаар сард засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй

  • Улс төр
  • 2020/04/10
Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлнэ. хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Засгийн газартай холбоотой зүйл, заалт хэрэгжиж эхлэхээр одоогийн Засгийн газар огцрох уу?
-Яг зайлшгүй огцрох тухай асуудал яригдахгүй. Харин бүрэлдэхүүнээ өөрчлөх шаардлага гарна. Миний уншиж судалснаар давхацсан тоогоор Үндсэн хуулийн 28 зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон. Эдгээрээс нам байгуулахтай холбоотой хэсгийг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс, бусдыг нь 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө гэж Үндсэн хуульд өөрт нь зааж өгсөн. Үүнд Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой заалт хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүх гишүүнийг Улсын Их Хурлын гишүүдээс сонгон томилж болдог байсныг Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байж болохоор зохицуулсан. Тэгэхээр одоогийн Засгийн газар уг зохицуулалтад нийцүүлж бүрэлдэхүүнээ өөрчлөхөөс өөр арга байхгүй. Үгүй бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Өмнөх Ерөнхий сайдууд өөрийн хүссэнээр бүтэц, бүрэлдэхүүнээ бүрдүүлж чаддаггүй буюу саналаа л оруулж, эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргадаг байсан бол одоогийн Ерөнхий сайдад яаж ч бүрдүүлэх, өөрчлөх эрх нь нээлттэй болсон. Нөгөөтэйгүүр Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар огцордог байсан бол одоо зөвхөн Ерөнхий сайд л огцрохгүй байхад Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь хэвийн үргэлжилнэ. Тэгэхээр У.Хүрэлсүхийн хувьд бүх гишүүдээ ч “дан дээл”-тэй болгох боломжтой. Ямар ч л байсан Үндсэн хуульд нийцүүлэн бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гээд бэлхнээ заагаад өгчихсөн шүү дээ.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юү?
-Аливаа хууль өөрч-лөгдөхөд өмнөх хуулиар зохицуулагдаж байсан харилцаа өөрчлөгдөх үү, тийм бол хэрхэн, яаж, хэзээнээс гэх мэт асуудлыг дагаж мөрдөх журмын тухай хууль баталж зохицуулдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль батлагдсан. Үндсэн хуульд өөрт нь хэзээнээс хэрэгжих хугацааг нь тодорхой заагаад өгчихсөн учраас энэ оны тавдугаар сарын 25 хүртэл л одоогийн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой.
-Зарим улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар зохицуулсан. УИХ-аас баталсан хуваарийн дагуу органик хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд ҮХНӨ-ийн заалтыг дагаж мөрдөхгүй гэж тайлбарласан байсан...
-Үгүй. Тийм зүйл байхгүй. Би дахин дахин хэлээд байгаачлан Үндсэн хуульд өөрт нь аль аль заалтыг хэзээнээс дагаж мөрдөхийг хар дээр цагаанаар хэн ч уншсан ойлгогдохоор хоёрдмол утгагүй, тодорхой заагаад өгчихсөн байна шүү дээ. Үүнийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн заалттай хольж хутгаж болохгүй. Тэгээд ч өөр утгатай зохицуулалт. Хэрвээ дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн зохицуулалтыг тэдгээр улстөрчдийн хэлээд байгаа шиг ойлгох юм бол суурь Үндсэн хуультайгаа зөрчилдөөд эхэлнэ ээ дээ. Тодруулбал, Үндсэн хуульд тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ ээ гээд заачихсан байхад дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд холбогдох хуулиудыг баталсны дараа хэрэгжиж эхэлнэ гэж давхцуулан зааж өгнө гэж байхгүй. Энгийнээр бодоод үзье. УИХ холбодогдох хуулиудыг батлахгүй удаашруулаад байвал тэр хугацаагаар Үндсэн хуулийн хэрэгжилт гацах уу, Засгийн газрын бүх гишүүд давхар дээлтэй байсаар байх уу. Тийм зүйл байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалт нь Үндсэн хуулиас бусад хуульд хамааралтай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар шууд зохицуулаагүй харилцааг холбогдох хууль батлагдах хүртэл хуучин хуулиар зохицуулна гэсэн утгатай. Харин Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхийг Үндсэн хуульд шууд заагаад өгчихсөн учраас тогтоосон хугацаанаас эхлээд хэрэгжих ёстой.
-Үндсэн хуулийн яг ямар журам гарах ёстой вэ. Засгийн газар, Ерөнхийлөгч гэх субъектүүдийн цаашдын мөр нь тодорхойгүй харагдаад байна...
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг маш ойлгомжтой байдлаар боловсрууалгүй, яарч сандран баталснаас болж л Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой өнөөдрийн бүх маргаан өрнөөд байна. 1992 оны Үндсэн хуулийг дагалдан баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулиар холбогдох асуудлуудыг хэрхэн зохицуулахыг хэн ч уншсан ойлгогдохоор тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, 1992 оны зургадугаар сард сонгууль явуулж, УИХ-ыг, түүнээс Засгийн газрыг байгуулна. Тэр хүртэл одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа үргэлжилнэ. 1993 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулна. Тэр хүртэл одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө хэрэгжиж байсан хуулиуд Үндсэн хуульд нийцэж байвал үргэлжлүүлэн мөрдөнө, нийцэхгүй байвал шууд хүчингүй болсонд тооцно гэх мэтээр тодорхой заагаад өгчихсөн учраас маргаан гарах шаардлага байгаагүй. Харин 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн хувьд 2000 оны долдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ гэж заагаад өгчихсөн байсан. Нэгдүгээрт, одоогийн нэмэлт, өөрчлөлтийг бодоход цөөхөн өөрчлөлт орсон, хоёрдугаарт дагаж мөрдөх хугацаа нь угаасаа УИХ-ын сонгуулийн дараа буюу шинэ Засгийн газрыг бүрдүүлэх үетэй давхцаж байсан учраас маргаан гараагүй. Үүнтэй адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг сонгуулийн дараа байхаар заагаад өгчихсөн бол өнөөдрийн маргаан гарахгүй байх боломжтой байлаа. Энэ бүгдийг тооцоололгүй өөрсдийгөө ч буланд шахсан шийдвэрийг хууль тогтоогчид маань гаргачихаад байна. Гэхдээ тэглээ гээд Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас холбогдох хугацааг баримталж, тавдугаар сард Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх л үүрэгтэй. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны Үндсэн зарчим шүү дээ. Тэр тусмаа, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн Ерөнхий сайдад энэ зарчим бүр хамаатай.
-Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Хойшлуулах нөхцөл байдал манайд бий болчихсон уу?
-Хойшлуулах нөхцөл байдал бий болсон эсэхийг УИХ тогтооно. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын нийт нутаг дэвсгэр, эсвэл зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол тухайн нөхцөл арилтал сонгуулийг хойшлуулж болох тухай заасан байдаг. Эндээс юуг онцгой нөхцөл гэж үзэх юм бэ гэсэн асуулт гарна. Хэрвээ ердийн хуулийг Үндсэн хуулийн тайлбар гэж үзэх юм бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл гэдэгт Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлийг ойлгоно гэсэн утгатай зохицуулалт бий. Тодруулбал, тус хуулийн 9.4 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт онц байдал зарлах болон дайны байдал зарлах талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, онц байдал зарлах хэмжээний онцгой нөхцөлд юуг хамаарах талаар заагаад тэр нь бүрдвэл онц байдал зарлана шүү гэсэн утгатай. Ингээд хууль хооронд тайлбар хийгээд үзвэл онц байдал зарласан тохиолдолд л сонгуулийг хойшлуулж болохоор байгаа юм. Харин онц байдал зарлах эсэхийг УИХ шийдвэрлэдэг. Хэрвээ чуулганы хуралдаангүй үед онц байдал зарлах зайлшгүй шаардлага гарвал Ерөнхийлөгч зарлаад, түүнээс хойш долоо хоногийн дотор УИХ хуралдаж, Ерөнхийлөгчийн саналыг батлах, эсвэл хүчингүй болгох эсэхийг шийддэг хуультай. Товчхондоо, сонгуулийг хойшлуулах эсэхийг УИХ л шийдвэрлэнэ гэх үү дээ.

Б.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу