Caakmedee

Улсаа хорлох гэрээ хийхийг завдсан М.Энхсайхан та ялгүй өнгөрч болно гэж үү?

  • Улс төр / Нийтлэл
  • 2020/04/24

Ил захидал
 
МоАХ-ны анхны гишүүдийн нэг олонд нэрлэгдэж танигдсанаар “гэзэг” Батчулууны хүү Энхбат миний бие Танд хандан энэхүү ил захидлыг илгээж байна. 
 
Би мэдээ орох цагаасаа өдий хүртэл ардчилсан хувьсгалд зүтгэсэн олон хүмүүсийн яриаг сонсонгоо бичмэл үүх түүхийг нь судлаж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл та мэтэд итгэн төрийн өндөр дээд албан тушаалуудад халаагүй суулгасныхаа хариуд амьжиргааны доод төвшинд шаналж явдаг олон партизан ах эгч нараа хараад өрөвддөг нэгэн залуу.
Та болоод таны мэт этгээдүүд ардчиллын ололтыг хөөсрүүлснийхээ төлөө албан ёсоор уучлал гуйгаагүйгээр үл барам нүглээ нуухыг оролдоцгоож байгаа нь харамсалтай юм.
Захидал тэрлэх болсны учир гэвэл Та захидлаа “Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд...” гэхчилэн илт худал үгсээр дүүргэсэнд эгдүүцэж, үнэн төрхийг чинь олон нийтэд бага ч болтугай уудлах гэснийх.
Та залуус бидний ирээдүйг булшлахыг оролдсон.
Таны улс төрийн 30 жилийн замналыг мэддэг миний аавын үеийн олон зуун мянган гэрч өнөө амьд байхад гэм хоргүй нэгний дүр эсгэх нь залуус бидэнд үлгэрлэлгүй харагдаж байна. Ой гутмаар.
Би ардчиллын түүхийг алдаа, оноотой нь судалсан.
 
 
 
Улс төрд МАХН-ын 15 эрдэмтний нэг гэгдэж орж ирснээсээ хойш АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга, том төслүүд хариуцсан сайд гэх зэрэг өндөр албан тушаалуудад ажилласан Таны түүхийг нэг бүрчлэн сөхвөл үндэсний эрх ашгийн төлөө хийсэн зүйл байхгүй шахам юм билээ.
 
 
 
МАХН-д хамт байсан П.Очирбаттай хуйвалдан ардчилал бүрэн ялах боломжийг үгүйсгэн, өөрсдөө л албан тушаалтай үлдэх чиглэлээр шаргуу ажиллаж хүссэндээ хүрсэн тань 1993 он. Дараа нь ардчиллын суурь зарчмыг уландаа гишгэж, намын дарга биш атлаа намын даргын эзгүйд П.Очирбатынхаа тусламжтайгаар ордны эргэлт хийж Ерөнхий сайд болсон тань 1996 он.
Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Ардчилсан намын цор ганц ялалтыг Та мордохын хазгай болгосныг ардчиллын ах эгч нар гашуунаар санаж яваа.
Та Ерөнхий сайд болмогцоо гаалийн татварыг тэглэснээр Монголын үндэсний үйлдвэрлэл мөхлийн, монголчууд импорт шүтсэн хэрэглэгч үндэстэн болох уруудлын замдаа орсон. Та шатахууны суурь үнийг орон нутгийн сонгуулийн өмнө чөлөөлснөөр МАХН-д амь өгч, Ардчилсан намыг хөлгүй болгосон. Та энэ аймшигтай түүхээ “Эх орон-Ардчилал” эвслийн Ерөнхий зохицуулагчаар ажиллахдаа ч бас давтсан.
Ц.Элбэгдорж ах Ерөнхий сайд болж чадаагүйнхээ өсийг Танаас авах дажин хийснээр Ардчилсан холбоо эвсэл олонх болсон хэрнээ олигтой засаглаж чадалгүй дөрвөн жилд дөрвөн Засгийн газар унагаж, Та огцорсныхоо шөнөөс эхлээд амар заяа үзүүлэлгүй Элсний 13 гэгчдийг турхирч үймүүлж байсныг мартсан хүн алга.
 
Таныг Эгийн голын УЦС-ын төслийг будлиулж Чехийн жижиг компани шалгаруулж байсныг монголчууд тодхон санаж байгаа бизээ. Энэ үйлдлээсээ хойш Та мега төсөл нураадаг мэргэшилтэй болжээ. Баабар ах "98 он" нийтлэлдээ тодорхой бичсэн учир  түр орхиё. Та олон төсөл нураасан. Тоочвол магистр миний цаг их үрэгдэнэ.
Тиймийн учир буруугүй гэж гоншигноод байгаа Тавантолгойн уурхайг хятадуудад зарах гэж байсан “мега төсөл” дээр чинь тогтож ярья. Таны мега төсөл хэвээр явсан бол Монголын хойч үе харийнхний хоол горьдох байлаа. Хяналтын Прокурор яллах дүгнэлтэндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар "хорлон сүйтгэх" гэдгээр буруутгажээ. Энэ бол илэрхий улс төрийн зохиомол хэрэг... гэж Та захидалдаа тоочиж.
Үгүй ээ, яллах дүгнэлт хуудуугүй үнэн!Гэрээ бэлтгэх үеэсээ Та залилан мэхлэх шинжтэй үйлдлүүд гаргаж, Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний дөрвөн өөр гэрээний хувилбарыг төрийн байгууллагуудад зөрүүтэйгээр өгч байсан нь тогтоогдсон. 2015 оны хоёрдугаар сарын 12-нд Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамдад хүргүүлсэн хувилбар, 2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд гарын үсэг зурахаар бэлдсэн гэрээ, 2015 оны дөрөвдүгээр сарын 17, 23-ны өдрүүдэд УИХ-д өргөн мэдүүлсэн гэрээний хоёр хувилбар бүгд үг үсэг, агуулгын зөрүүтэй, яаж ийж байгаад батлуулчих гэсэн санаархал нуугдаж байсан нь тухайн үеийн үйл явдлуудаас харагддаг.
“Гэрээний үндсэн хугацаа 30 жил, цаашид 30 жилээр сунгах боломжтой” гэж гэрээнд заасан ч “хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол түүнийгээ нөхөх хүртэл хугацаагаар гэрээг сунгана” гэх заалтаар үүнийгээ үгүйсгэсэн. “Хөрөнгө оруулалт нөхөгдөөгүй” гээд гэрээний хугацааг хэдэн ч жилээр сунгах боломжийг хятадуудад олгосон хэрнээ гэрээний хугацааг Засгийн газар зохицуулах боломжийг бүрэн хумьсан, хэзээ хөрөнгө оруулах, ТЭЗҮ-ийн хуваарь, тооцоо, жилд олборлох нүүрсний хэмжээ, экспортод гаргаж, борлуулах үнэ зэргийг хөрөнгө оруулагч өөрийнхөө үзэмжээр шийдэхээр гэрээг төлөвлөсөн байсан.
 
Гэрээнд буй маш ноцтой заалтуудаас дурдахад:-“Засгийн газар үндэсний үйлдвэрлэл, нийтийн эрх ашигтай холбоотой аливаа шийдвэр гаргавал гэрээгээ зөрчсөнд тооцно”. Энд Монголын төрийн халдашгүй бүрэн эрхийг үл тоомсорлох агуулга байсныг Та хэл ам гарангуут авч хаясан мөртөө гэрээг цуцалбал Монгол улс 1,5 тэрбум долларын нөхөн олговор үл маргалдах журмаар олгох заалтыг хасаагүй. Хөрөнгө оруулагч гэрээ байгуулсныхаа маргааш хэн нэг урвагчаар “тань мэт” гэрээг цуцлуулахад л зүгээр сууж байгаад 1,5 тэрбум доллар хүртэх тийм гэрээ!
 
 
 
-Хөрөнгө оруулалт нийтдээ дөрвөн тэрбум ам.доллар болно гэсэн атлаа яг ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулах үүрэг хүлээгээгүй, санхүүжилтийн гэрээ, ТЭЗ-ийн тооцооллоос шалтгаалан хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөнө гэх заалтаар дөрвөн тэрбум ам.доллар оруулахгүй байх боломж бүрдүүлэх гэж Та хичээсэн.  
 
-Гэрээнд ““Энержи ресурс” компаний Ухаа худагийн уурхайн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж тооцно” гэжээ. Тэр цагт Ухаа худагийн уурхай 1.3 тэрбум ам.долларын өртэй, 400 сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй компанийг нэг тэрбум ам.доллараар үнэлж, хөрөнгө оруулалтад тооцох гэсэн нь бусдад давуу тал олгох гэж хичээсэн үйлдэл мөн.
-Гэрээ байгуулагдмагц Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаас бусдыг нэвтрэх эрхгүй гэж заасан. Засгийн газрын төлөөлөгчид ч ордод нэвтрэхийн тулд “Энержи ресурс” компаниас бичгээр зөвшөөрөл авахаар тусгасан. Арай ч дээ.
-Гэрээнд орсон нэг ноцтой зүйл нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хятадын консерциум 30 жилээр өөрийнхөө эзэмшилд авч, дараа нь төрд 51 хувийг нь өгөхөөр гэрээнд тусгасан. Энэ нь Төмөр замын хувь эзэмшлийг тогтоосон Монголын хууль тогтоомж, ҮАБЗ-ийн 2010 оны шийдвэрүүдийг үгүйсгэсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг бүхэлдээ зөрчсөн. Уул уурхайн тээвэрлэлтийн дэд бүтцийг олборлогч эзэмшвэл бусдыгаа хяхах нөхцөл үүсдгийг Ухаа худаг-Гашуун сухайтын авто зам тодорхой харуулсан сургамжийг Та зориуд мартсан байдаг.
-Иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт үүрэг өгч, 1072 хувьцааны үр өгөөжийн тал дээр Тавантолгойн гэрээнд тусгайлан бие даасан бүлэг оруулахыг даалгасаар байтал Та 1072 хувьцаатай холбоотой нэг ч заалт оруулаагүй.
-Борлуулалтын орлого зөвхөн гадагш урсана, бүх төлбөрийг гадаадын банкуудаар дамжуулж хийх заалтууд оруулсан. Энэ нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжийг үгүйсгэсэн, төлбөрийн чадварыг доройтуулсан заалт юм. Оюутолгой дээр яг энэ үйлдэл давтагдсан.
 
 
 
-Төсөлд ажиллах гадаадын ажиллах хүчний тоог Засгийн газар квот тогтоож өгөх заалт байсан. Монгол ажилчдыг өрсөлдөөний журмаар авч ажиллуулахыг эрмэлзэнэ гэсэн нь биелүүлэхгүй ч байж мэдэх заалт. Монголын залуус хожим хэнээс ажлын байр горьдох байсан бол?!!
 
 
 
-“Хөрөнгө оруулагч жилд олборлох нүүрсний хэмжээ, үнийг өөрөө тогтооно”. Өөрийнхөө тогтоосон үнээр борлуулж, орлогынхоо хоёр хувийг л төсөвт оруулах заалт нь хөрөнгө оруулагч талд санхүү, борлуулалтын бүх эрх мэдэл хадгалагдаж, ямар ч хяналтгүйгээр ажиллах эрх олсон заалт. Хэлэх үг алга.
Та Монгол Улсынхаа “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах” зорилго хэзээ ч тээж байгаагүй...” гэж бичсэн нь Таны зүтгүүлсэн гэрээний заалтуудаар шууд үгүйсгэгднэ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэнд ч хянагдаж, захирагдахгүй “нүүрсний бүгд найрамдах улс” байгуулах нөхцлийг гэрээнд тусгаж, батлуулахын тулд олон хувилбараар төрийн байгууллагуудад тарааж, толгой эргүүлэх гэж байсан үйлдэл шууд хорлон сүйтгэх ажиллагаа, урвалт шүү. Жилд нэг тэрбум ам.долларын ашигтай ажиллаж чадах уурхайг дөрвөн жилийнх нь ашгаар гадны компанид өгөх гэсэн байсан санаархал тань Монгол Улсын эдийн засгийн эсрэг агуулгагүй гэж үү?
Та муу санаатай. Байнга урьдчилсан хамгаалалт хийж “мегатөсөл том хардалт, том улстөржилт дагуулдаг”, “мега төсөл нурдаг” гэх бөгөөд үүнийхээ далбаан дор Тавантолгойн ордыг ашиглах гэрээ байгуулахдаа Энержи ресурс, Шенхуа зэрэг компаниудад давуу байдал олгохоор санаархаж байсан нь ил болсон. Мэдээж үүнийг том хамгаалалт, ивээлгүйгээр хийх зүрх Танд байхгүй. Таныг зоригжуулан турхирч байсан хүмүүс нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар гэж би хувьдаа хардаж байна.
Таны байгуулах гэж байсан гэрээ олон улсын бүхий л журам, шударга ёсыг уландаа гишгэсэн, луйврын агуулгатай байсныг Монголд суугаа олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд англи хэл дээрх хувилбарыг хүлээн авч танилцсаны дараа бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг. Үгүй бол асар их эсэргүүцэл гаргах, хориг тавих гэж оролдох эрсдэл байлаа.
 
Та нарын гажуудуулсан ардчиллын ачаар Монголд оффшорчид бий болсон.Түүний эсрэг миний аав АТОЗ /Ард түмний онц зөвлөл/ байгуулсан. Тэр хүн одоо болтол тэмцсээр явна. Аавтайгаа хамт олон зүйл судалсан.
 
Авлига гэдэг нь зөвхөн мөнгө төгрөг өгч авалцах биш юм. Авлигын эсрэг хуульд заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ... урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авлига гэнэ гэж хуулинд тодорхой зааж өгчээ. Тэгэхээр оператор компаниас өгсүүлээд 1072 хувьцааны өгөөжийг тусгах зэрэг чигаэл, үүргийг огт тусгаагүй гэрээ байгуулах гэж байсан Таны оролдлого авилгын эс үйлдэл яалт ч үгүй мөн.
Та Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйпийн 1 дэх хэсэг заасан гэмт үйлдлийг үйлдсэн. Хулгай хийхээр завдах гэж гэрт нь ороод амжаагүй хүнийг зүгээр суллаад явуупчихдаг хуулийн байгууллага бий билүү?
Тэгвэл улсаа хорлох, эдийн засгийн хүчин чадлыг нь доройтуулах гэрээ хийхийг завдсан Та ялгүй өнгөрч болно гэж үү? Шүүх хэрвээ Таны талаар шударга бус шийдвэр гаргаж, гэм бурууг тогтоохоос татгалзвал ард иргэд юунд итгэх юм бэ? Төрд шургалсан луйварчид зоригжиж Та нарын жишгээр улсаа худалдах, хорлох их аян өрнөх биш үү?
Та захидлаараа монголчуудыг доромжилжээ. Биднийг юу ч ойлгох чадваргүй, үнэнийг олж харах нүдгүй, тархи толгойгүй мэтээр өөрийгөө өмгөөлөн гоншигнож байгаа чинь жигшил зэвүүцэл төрүүлж байна. Ардчиллын буянаар Энэтхэгт шавилан суралцаж байсныхаа хувьд миний бие Богд Зонховын “Өөрийнхөө хийсэн үйлийн үрээс зайлна гэж горьдох хэрэггүй, Өрөөлийн хийсэн үйлийн үрд оногдоно гэж эмээх хэрэггүй” хэмээсэн нэгэн сургаалийг Танд сануулья.
Надтай маргалдах гэж хүсвэл 2015 оны дөрөвдүгээр сарын УИХ-ын чуулганы халуун өдрүүдийг саначихаарай. Бас ажлын хэсгийн 90 хуудас дүгнэлтийг дахин харчихаарай.
 
2020.04.22 
Батчулууны  Энхбат
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу