Caakmedee

Аса тэргүүтэй Ерөнхийлөгчийн багийнхан АН-аас шахагдаж эхэлжээ

  • Улс төр
  • 2020/05/06
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 16-нд тодорно. Энэ жилийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болохоос гадна зарим хүний хувьд улс төрийн карьераа дуусгах, олонд танигдсан дээрээ үзээд алдах сүүлчийн сонгууль болохоороо онцлог юм. Тийм учраас хамгийн олон бие даагчид нэрээ дэвшүүлж, намын бүлэг фракцуудын дотор тойргийн наймаа эхэлжээ.
АН дотор гэхэд намын дарга С.Эрдэнэ ба зөвлөх З.Энхболд нарын хайрцагласан 76 нэрсийг эвдэхээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан шахалт үзүүлж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөх голдуу түүний багийнхан энэ удаа АН-аас нэр дэвших боломжгүй болж бие даагчаар бүртгүүлжээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга АН-аас нэр дэвших хүсэлтээ өгсөн ч намын дарга С.Эрдэнэ хүлээн аваагүй учраас бие даан нэр дэвшихээр болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн зөвлөх Асашорюү Д.Дагвадоржийг АН-аас Өвөрхангай аймгийн тойрогт нэр дэвших магадлалтай гэж улс төрийн хүрээнд таамаглаж байв. Тэрээр ч багагүй хугацаанд Өвөрхангай аймгийг “усалж”, эргэж тойрч яваа нь үнэн. Тэгвэл АН-ынхан “Аса” аваргыг Өвөрхангайд нэр дэвшүүлэхгүй бололтой. Учир нь, Өвөрхангайн гурван мандатад АН-аас талийгаач Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, хуульч О.Алтангэрэл, АН-ын даргын зөвлөх З.Энхболд өөрийнхөө мандатыг сэтгүүлч Д.Энхтуяад шилжүүлж, нэр дэвшүүлэх урьдчилсан таамаг гарчээ.
Мөн Н.Түвшинбаяр аварга Булган аймгийн тойрогт нэр дэвшихээр горилж байгаа ч АН-ынхан  Булганы тойрогт “Буян”-гийн Жаргалсайханы дүү Б.Батсайханыг нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байгаа сурагтай. Б.Батсайхан нь Булган аймагтаа амьдардаг бөгөөд тус аймгийн МоАХ-ны даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Адьшаа Ховдын тойрогт АН-аас нэр дэвшихээр горилж байсан ч С.Эрдэнэ даргад шахагдаж, бие даан нэр дэвшихээр болсон. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн багийнхныг намаасаа нэр дэвшүүлэхгүй, шахаж эхэлсэн бололтой.
С.Эрдэнийн энэ байр суурийг намынх нь дэд дарга нар, ҮБХ-ны гишүүд ч дэмжиж байгаа бололтой. Учир нь сөрөг хүчин болж дөрвөн жил “лааз өшиглөж” явахад зарим хүн АН-ын квотоор Ерөнхийлөгчийн зөвлөхийн зөөлөн суудалд суусан, Н.Түвшинбаяр, Аса нар хэдхэн жилийн өмнө АН-д элссэн, зөвлөх Г.Уянга, Ш.Адьшаа нар өмнө нь өөр намын гишүүн явсан нь 2016 оны сонгуульд АН-ын саналыг хувааж байсан гэдэг шалгуураар тэдэнд боломж олгохгүй гэж байгаа бололтой юм. 
Н.Алтанхуягийн тухайд Ерөнхий сайдаасаа огцорсноос хойш АН-аа, тус намаас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, мөн томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг дөрвөн жил балбаж хуссан  нь буцаад тус намаас өөрөө болон бие даагчаар бүртгүүлэн шантаажилж буй экс “Алтан гадас”-уудаа нэр дэвшүүлэх нэр нүүргүй гэж үзэж байгаа бололтой. 

Э.Мөнхцэцэг
Эх сурвалж: Itoim.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу