-Түүнд гишүүн болох гашуун шалтаг олон бий ажээ-
АН гэмт хэрэгт холбогдсон улстөрчдийн хоргодох байх, дамжин өнгөрөх дэн буудал болсоор удав. О.Магнай, Ж.Батзандан, Л.Гүндалай гээд олон улстөрч хэрэг төвөгт орооцолдож, шорон гяндангийн хаалга татахдаа хүрмэгц АН-ын гишүүн болж байсан түүхтэй. Энэ жишгээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр болж, 100 саяын урьдчилгаа төлбөрөө төлжээ.
УИХ-ын гишүүн болж халдашгүй дархан эрхээр халхавч хийж авахгүй л бол түүний хувьд юу юугүй 461-р анги руу ачигдаж магадгүй байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Б.Хурцыг бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутган баривчилж, 15 хоног цагдан хорьсон. Түүнээс хойш хэд хэдэн удаа шүүх хурал нь зарлагдсан ч ялих шалихгүй шалтгаар хойшилсоор жил тойрч байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад Б.Хурцыг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Энэ хэрэгт түүнээс гадна есөн хүн холбогдсон. Түүнчлэн Б.Хурцыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 2003 онд Дамирангийн Энхбатыг сэжигтнээр татан шалгахдаа түүнийг Франц, Бельги, Германы хил дамнуулан хулгайлан авчирч эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий. Үүн дээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн нэр дээр байсан 190 тэрбум төгрөгийг битүүмжилсний 80 орчим тэрбумыг нь Б.Хурц болон түүний хамаарал бүхий хүмүүс ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь хууль, шүүхийн байгууллагад шалгагдах удаахь үндэслэл болсон байна.
Тэгэхээр Эрүүгийн, онц ноцтой гурвын гурван хэрэгт холбогдоод байгаа Б.Хурцад УИХ-ын гишүүний суудал бол аврах хантааз л гэсэн үг. Тиймээс шүүх хурлыг арга саам хийн хойшлуулж, цаг хожиж байгаад, ямар ч аргаар хамаагүй төрийн ордонд төвхнөөд авахыг санаархаж байгаа ажээ.
Эгэл жирийн иргэн ийм онц ноцтой хэрэгт холбогдсон бол аль хэдийнэ “Монгол Улсын нэрийн өмнөөс...” сонсоод, ял шийтгэлээ эдэлж байгаа. Харин ТЕГ-ын дарга, АТГ-ын дэд дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг өндөр хариуцлагатай албыг завсаргүй хашиж явсан учраас Б.Хурцын хэрэг шийдэгдэлгүй сунжирч, ул мөр нь бүдгэрч буй юм биш биз.
Төрийн хууль эрх тэгш үйлчлэх зарчим ийнхүү тагнуулын хурандаагийн өмнө үнэгүйдэж байгаа бол харамсалтай. Тэр тусмаа түүнийг өндөр албан тушаалд байхад нь мөр зэрэгцэн нэгэн тэрэгний дугуй болж явсан шүүгчид өнөөдөр ч тэр бүрэлдэхүүнээрээ шахуу ажиллаж байгаа нь дээрх хардалтыг улам лавшруулж байна.
Сүүлд “Хонгилын” хэмээн нэрлэгдэх болсон хэсэг бүлэг шүүгч нэгэн үе улс төрийн шинжтэй бүх хэргийг багаараа шүүн, яллаж, шорон руу илгээдэг байсан юм. Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тавьсан хүмүүс. Тиймээс түүний дохио зангаагаар хөдөлж байсан ч гэдэг. Б.Хурц бол тэрхүү “Хонгилын” гол тоглогчийн нэг. Ц.Элбэгдоржийн хамгийн ойр дотнын хүн нь. Нэг ёсондоо нүд, чих, гар хөл нь. Анх 2010 онд Б.Хурцыг хил дамнуулан хүн хулгайлсан хэргээр Их Британи, Германы шоронд жил орчим хоригдоод байхад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж суллуулан, нэг онгоцоор хамт эх орондоо ирж байсныг олон нийт мартаагүй.
Түүнээс хойш Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний суудлаас буутал долоон жилд Б.Хурц дээр дурдсан албан тушаалуудыг дамжин, эрх ямба, эд хөрөнгө нь зузаарч, Элбэгдоржийн хүр гэсэн газарт хүрч, хий гэсэн бүхнийг хийж явсан билээ. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эздийг олж тодруулан, яллахад Б.Хурцын үүрэг, оролцоо өндөр байсан. Тиймээс эдүгээ уг хэргийг үйлдсэн хэмээн ял эдэлж байгаа иргэдийг эрүүдэн шүүсэн нь камерын бичлэг сэлтээс гадна бас бус баримтаар нотлогдоод байгаа. Ийнхүү үнэнд гүйцэгдэж, үгэнд хүлэгдэж, хууль шүүхийн өмнө дуудагдмагцаа УИХ-ын суудал руу амь тэмцэн зүтгэж байгаа тагнуулч генералд гишүүн болох гашуун шалтгаан олон бий ажээ.
Эх сурвалж: sonin.mn