Өнөөгийн 30 настнууд Ж.Батзандан шиг попрохгүй, бодлогогүй алхам хийдэггүй гэдгийг 30 насандаа гудамжинд цагаан хоолойгоор олон нийтийн тархийг угааж явсан хүн ойлгохгүй яваа нь бололтой.
Учир нь өчигдөр /2020.05.07/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусан. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “30 орчим насны залуу нэр дэвшиж орж ирж байгаа юм байна. Монголбанк гэдэг бол мөнгөний бодлого барьдаг маш чухал байгууллага. Залуучуудыг дэмжиж, Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болгож байгааг буруу гэж бодохгүй байна. Гэхдээ 30 настай хүүхэд гэж бодохоор нэг л итгэж өгөхгүй байна. 30 настнуудыг доош нь хийж байгаа хэрэг биш шүү. Н.Энхбаярын хүү Э.Батшугар бас 30 орчим насандаа энэ албан тушаалыг хашиж байсныг мэдэж байна. Одоо Н.Ганбямба гуайн хүү орж ирж байна. Г.Дөлгөөний боловсрол мэдлэгт эргэлзэж байгаа юм алга. Эрх баригч нам болно гэж оруулж ирсэн бол албан тушаалд тавих байлгүй дээ.” гэхчилэн ярьсан.
Түүний энэ үгсээс Ж.Батзандан өөрөө 30 насандаа хүүхэд байв уу. Бусдын итгэлийг даахааргүй хүн байв уу гэдэг сэтгэгдэл олон нийтэд төрснийг нуух юун. Угтаа бол 25-40 насыг идэр нас хэмээдэг бөгөөд яг энэ үедээ л Ж.Батзандан анхны поп алхмуудаа хийж улстөрд хөл тавьж байсан нэгэн.
Тэр гудамжны жагсагч байсныг түүний үеийнхэн андахгүй сайн мэднэ. Бүр тодруулбал, монголчуудын сэтгэлд хар түүх болон үлдсэн 2008 оны 7 сарын 1-ний жагсаалыг Ж.Батзандан тэргүүлж байсныг хүн бүр мэдэж буй биз ээ. Тэр тийнхүү жагсаж явахдаа 34 настай байсан. Тэгсэн хэрнээ бусдын итгэл үнэмшлийг хөөргөн, яг өнөөгийн поп зан, чанга дуугаар олон нийтийг турхирч явсныг гэрчлэх хүн олон. Анх иргэний хөдөлгөөн байгуулж явахдаа тэр бүр 30 нас ч хүрээгүй, 28-тай байсан. Гэтэл өнөөдрийн “өндөрлөг”-т хүрч УИХ-ын гишүүн болмогцоо 30 настнуудыг голж байгаа нь мань хүний хэн болохыг төвөггүйхэн ойлгуулах биз ээ. Өнөөгийн нийгэмд боловсрол, мэдлэгийг үнэлэхгүй, “попын хаад” л өндөр албан тушаал хаших ёстой мэт ойлголт нь аль хэдийн өнгөрсөн гэдгийг Ж.Батзандангийн хувьд ойлгохгүй байгаа нь хэтэрхий гунигтай. Тэр ердөө л ганц өөрөө л болж, бүтэж попорч чадаж байвал бусад хүн хэн ч биш гэж үнэлдгийн нотолгоо нь өөрийнх нь хэлсэн үгнээс илэрхий байлаа.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn