Caakmedee

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг халсан шигээ өөрийн хүмүүсээ “хөөж” явуулах уу, Г.Занданшатар дарга аа

  • Улс төр
  • 2020/05/11
"Та муу хоёр монголыг хар жагсаалтад оруулчихлаа. тэгэхээр ажлаа өг”
Одоогоос зургаан сарын өмнө Монгол Улс Европын холбооны саарал жагсаалтад орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга асан С.Даваасүрэн нарыг ажлаас нь чөлөөлж байв. Тэднийг халах болсон гол шалтгаан нь зүгээр шахам сууж байгаад улс орноо саарал жагсаалтад оруулсан сэтгэлгүй хүмүүс төрд хэрэггүй гэх утга байв.
Гэтэл зургаахан сарын дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын томилсон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар Монгол Улсыг хар жагсаалтад оруулав. Шууд улстөржсөн утгаар нь харахад, тухайн үед Г.Занданшатарын дүгнэж байсанчлан Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нар сэтгэлгүй ажилласнаас болж, бид хар жагсаалтад орсон болж таарна.
Эсвэл Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нар М.Энхболдын талын хүн учраас "сэтгэлгүй ажилласан” гэдэг онош тавьж болох. Харин Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нар яг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүмүүс учир энэ ангилалд оруулж болохгүй юм уу гэх асуулт үүснэ. Мэдээж Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нар саарал жагсаалтад орохгүй байх даалгавруудыг шат дараатай биелүүлж ажилласан ч "бараагүй”.
Тэдний ажлыг авсан Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нар ч саарал жагсаалтаас гарах даалгаврыг биелүүлэхийн төлөө л ажиллаж байж таарна. Гэвч тэд авсан даалгавраа онц муу биелүүлж, улсаа дээрдүүлэх биш дордуулав. Тэгэхээр одоо манай спикер өнөө хоёроо дуудаж ирж байгаад, баахан камерын өмнө "Та муу хоёр монголыг хар жагсаалтад оруулчихлаа. Тэгэхээр ажлаа өг” гэж хэлээд, өнөөхөө сошиалаар баахан сэвэх үү. Эсвэл чимээгүй дарах уу.
Улстөрчид нь 30-180 хүүтэй мөнгө хүүлж, дипломатчид нь хар тамхи зөөдөг улсыг Панамтай л харьцуулж харна
Бид яг зургаан сарын өмнө "Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг халаад Саарал жагсаалтаас гарчихгүй” гэсэн нийтлэл бичиж байжээ. Өнөөдөр ч бас манай спикерт сайхан далим гаргаж, өөрийн хүмүүсээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог удирдуулах боломж эргээд өөр дээр нь унах эрсдэл байсныг зүгээр л сануулж байна.
Одоо саарал жагсаалтаас гаргах үүрэг хүлээж, ажлаа аваад, хар жагсаалт руу улсаа оруулсан Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг халлаа гээд бид аврагдчихгүй. Гол нь, асуудал юунд байв. Яагаад биднийг Европын холбоо мөнгө угаалтаараа дэлхийд алдартай Багам, Ботсвана, Камбож, Панаматай адилтгаж, нэг цонхонд хийв. Манайх өөрөө оффшор бүс болчихсон юм биш биз  гэх том асуулттай тулгарч байна.
Монголд 30-180 хувийн хүүгийн өгөөж хүртдэг мөнгө хүүлэлтийн ББСБ, ХЗХ, ломбардны сүлжээг улстөрчид өөрсдөө үүсгэн хөгжүүлж, хуулиар хамгаалж байна. Хадгаламжийн хүүгийн өгөөж хэт өндөр байгаа тул 3-5 хувийн хүүгийн өгөөжтэй улс орнуудын бийлэг эрхмүүд Монголд мөнгөө байршуулах сонирхолтой байна. Түүнчлэн дипломат ажилтан нь 500 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдахдаа "Үүнд Монголын Засгийн газар оролцсон” гэж дэлхий дахинд ил тод мэдүүлэв.
Энэ бүхэн Монголыг Багам, Панамтай адилтгах үндсэн шалтгаан биш гэж үү. Санхүүгийн систем дэх асар их гажуудлыг хэн нэг даргын сонгуулийн мөнгө босгох, тэдэнд нийцэх шийдвэр гаргах үүрэг хүлээсэн "толгойгүй” дарга нар яаж шийдэх юм. Ямар ч гарц харагдахгүй. Тэгэхээр улстөрд орогносон бохир мөнгөтэй хүмүүсийнхээ асуудлыг шийдэж, мафиа задлахгүй бол Европын холбоо лав бидэнд нар харуулахгүй нь тодорхой боллоо. Одоо тэгэхээр хэнийг ч халж, хөөлөө гээд бид хар жагсаалтаас гарахгүй гэдгийг манай спикер ойлгосон байх аа.  

Ж.Мядагбадам
Эх сурвалж: Eguur.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу