Caakmedee

УИХ нарлагч хөгшдөөс 10-20 жил хоцорч явдаг

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/05/13
Төрийн ордны чуулганы танхимд УИХ-ын эрхэм гишүүд онолдож байхад хашаа байшингийн үүдний сандалд нарласан хөгшид монгол хар ухаан гүйлгэж суудаг. Нарлагч хөгшдийн хар ухаанаас УИХ-ын бодлого 10-20 жилээр хоцордог гэвэл эрүү үүсгэх үү? Утаагүй зуух гэгч Төрийн бодлого халтуурч бүлэглэлийг цатгаж, хотод нүүж ирэгч айлын яндангийн тоогоор утаа ихэссэн. Утаагүй түлш үйлдвэрлэнэ гэж увсынхны Аморе компани 20 тэрбумыг тендерээр авч хулхидаад хормой ч түлш өгөөгүй. 2-3 тэрбумын хулгайд цочирддог хэнхэг хөгшид 20 тэрбумаа хэн ч нэхээгүйд туйлж байсан санагдана. Төр Засгаа атгасан хүчирхэг хуйвалдааны далд хүч гэж нарлагчид үүдэндээ дүвчигнэж байв. Нарны илч бараадсан бөгцийж эвхийсэн хөгшдөд ойртож очвол тэнд өөр ертөнц мэдрэгдэнэ.
“Утаанаас хэдэн жилдээ гарах бинчингүйгээс хойш утаагүй зуух, утаагүй түлш гэгчид үрдэг олон тэрбумаа нөөцлөөд сантехникийн шугам гэр хороолол руу тавь. Ойртсон шугамнаас айлууд өөрсдөө салаалаад хашаа байшиндаа оруулчихна. Халуун хүйтэн ус, халаалт бохирын үйлчилгээндээ төлбөрөө авчих тул Засаг зарсан хөрөнгөө яваандаа олж, утаанаас сална” гэж 2000-гаад оноос нарлагч хөгшид үглэсэн бол УИХ өдгөө 20 жилийн дараа энэ тухай ярьж эхэлсэн нь хоцрогдол мөн биз? 
“Бондын зээлийг эхний дугаарт зардлаа даруй нөхөх төсөлд зарахгүй бол өнөө тавиад маргааш эвдэрдэг хар замд зарвал өрөнд унана” гэж нарлагч буурай нар бувтнаад л суув. Хэний нь зөв байж вэ? Өр хэд болов? Төлөх эх үүсвэр ундруулсан баялаг бүтээгч үйлдвэр бондоор хаана хаана хэдийг сүндэрлүүлэв? “Уурхайн төмөр замаа түргэн тавьж нүүрс зөөдөг тээврийн зардлаа хэд дахин хямдруулж, нүүрсээ угааж хөнгөрүүлбэл ашиг суга өснө. Хулгайчдыг шоронд цоожлохын оронд хохирлоо юуны өмнө тоо ёсоор төлүүлж ав. Иргэдийг ажилтай болго. Хавтгайрсан халамжаа хямгадаад хуримтлал үүсэг” гэж нарлах зуураа өвгөд эмгэд 20 гаруй жил шаагилдсаныг худал гэх үү. 
“Эх оронч онгироо “гар”-ууд Оюу толгойгоо зуун хувь колончлогчдод эзэмшүүлэхгүй, Чингисийн Монгол дор хаяж 34 хувийг мэдэлдээ авна гэж мангарлаад түүндээ гаргах зоосгүйдээ хамтрагчаасаа ичихгүй зээл авч өрөнд унасан. Огт юу ч эзэмшилгүй нөөцийн төлбөрөө хангалттай аваад явахад л 34-ийг эзэмшсэнээс илүү ашиг хүртэнэ” гэж нарлагч хөгшид дүйцэлдээд л суулаа. “Тэгсэн бол 34-ийн өр зээл, зардал нэмэгдлээ гэх хардлагагүй мулгуу бэлгүй улсад таарсан гэрээ болох байсан” гэж сэнхрүүлэх элит хөгшид тэдний дунд цөөнгүй. Эдүгээ 34 хувь эзэмшсэн нь буруу байж гэх Төр Засгийн том амьтад гараад ирж. Тэгэхээр хэн нь түрүүлж, хэн нь хоцорч явна аа. 
Үүднийхээ сандалд бөөгнөрөөд монгол хар ухаан гүйлгэж суугаа буурай нарыг УИХ-ын баруун зүүний онолоор зэвсэглэсэн гишүүд долоон буудлын Должин эмгэн, дугаар хорооны Дооёо өвгөн гэж басамжлан дооглодог ч Должин Дооёо нар эрх баригчдыг Оюу толгойн 34 хувьд яагаад шүлэнгэтсэнийг монгол хар ухаанаар тайлдаг. Оюу толгойгоо 100 хувь гадагш алдалгүй 34 хувийг авч үлдэж чадлаа гэж эрх баригчид харанхуй массдаа биеэ магтаж цээжээ дэлдээд далдуур өөрсдөө 34 хувьд шахаа хийдэг. Эрдэнэтийн дараа Оюу толгой шахаачдын шуналыг бадраав гэж нарлагчид бухимддаг. Өвөө эмээгийн үглэснийг УИХ олон жилийн хойно ярьдаг. Сайндаа бус булхай нь үнэнд гүйцэгдэж мухардсандаа ярьдаг юм. Хөгшдөд олон жилийн нэг мөрөөдөл бий. Тэр нь хулгайч гишүүдийг эргүүлэн татах. Үүнд УИХ хөдөлдөггүйд нарлагчид гишүүдийг хулгайгаа дархаллаа гэж зэвүүцдэг.
Итгэл алдахгүй түншилбээс олз хэн хэндээ нэмэгдэнэ гэх монгол жинчдийн улстөргүй хар ухааныг нулималгүй анхаарлаа хандуулаач, бодлого боловсруулагч мэргэд ээ. Эртний монгол жинчдийн итгэл алдахгүй түншлэх ухааныг эргэцүүлээд үз. Энэ хар ухаан эртний монголчуудаар түүхэнд туршигдан батлагдаад шалгарч үлдсэн ухаан учраас практикт хэрэглэхэд хөрөнгө оруулагчдыг татах юм биш үү. Монгол хар ухаан “оюуны баялаг” гэвэл элэг нь хөшиж үхэх коммунист онолчдоор Монгол нэг үе бялхсан. Тэдний угшил Төр Засгийн эрх дахин дахин барих гэж намаараа үхэн хатан тэмцэхдээ эх орныхоо баялгийг өчүүхэн ч гамнасангүй. Өр тавихаас огтхон ч гудийсангүй. Ийм зан чанар монгол хар ухаанд харш. Ядуурсан шалтгаанаа монгол ухаанаар оношлоё гэвэл ердөө гишүүдийн дахин сонгогдох өвчин гэсэн хариу гарна. 4 жил хулгуулж амжаагүйгээ 8 жилд гүйцээх гэсэн шунал Монголыг хоосолжээ гэж нарлагч хөгшид оношлов. 
Манай эдийн засаг 17 хувиар өссөнд барууныхан коммунист дарангуйллаас ардчилал чөлөөт зах зээл сонгосон ядуу Монгол азийн бас нэг бар болох нь гэж алга ташсан. Энэ өсөлт бидний сайных гэж манай онгироо эрх баригчид одоо ч дэлдэг. Хэрэг дээрээ Австралийн нүүрсний уурхай үерт автаж, Хятадын хэрэглээ суга өссөнөөр ашигт малтмалын үнэ цойлсон мөчлөг азаар бидэнд таарсан юм. Бид гавлаараа гараараа эдийн засгаа 17 хувь өсгөсөн гэж бүү доог бол. Мөнгөний боломж нүүрлэсэн зурвас хоромд төмөр замаа оросуудад маллуулаад тавиагүй. Тээврийн зардлын зөрүүд жил бүр 350 сая орчим доллар алдсаар буйг төмөр замаас тэтгэвэрт гарсан нарлагч буурай манд сануулав. Үүнийг гурван жилээр тооцоход 1,050 тэрбум доллар бөгөөд үүгээр Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замаа өлхөн тавих байлаа. Коксжих нүүрсээ баяжуулаад төмөр замаар тээвэрлэсэн бол цэвэр ашиг бялхуулах төслийг Төр Засаг балласан даа гэж үхэх дөхсөн нарлагч хөгшид үр удмаа өрөвдсөндөө халаглаж сууна. 
Чалькогоос 350 сая доллар зээлж, дахин сонгогдох хахууль болгон аманд ч үгүй хамарт ч үгүй цацаад, олон жил өрөнд унагаж ядууруулав. Юун азийн бар. Агуу өгөгдлийг тэнэглээд алдчихсан. Халдашгүй дархан эрхтэй бурхдад хувилсан гишүүд ард олноо ингэж цусгүй алчихаад ирэх сонгуулиар бас хулхидах нь. Яаж чадаж байна аа? Нарлагч хөгшдийн монгол хар ухаан тийм нүгэл хийхгүй шүү эрхэм гишүүд минь. “Завилах нь жанжин шиг, залгих нь мангас шиг”, “нохой амаа долоогоод цадахгүй, ноён хээл аваад ханахгүй” гэж буурай нар коронавирусээс аварч чадах эсэх нь бүрхэг амныхаа хаалтыг пөмбөлзүүлж харагдана. 
Тариан талбайгаа технологийн дагуу нарийн чанд боловсруулсан ч гэлээ оготоргүй дусал бороо хайрлахгүй бол яалт ч үгүй. Зэс нүүрсний үнэ өсөх мөчлөг сохор азаар таарч, хаяа хатгасан аварга захын хэрэглээ огцом дэвэрдэг завшаан бол Монголын хувьд тариан талбайд хур буухтай ижил. Энэ хоёр завшаан тохиовол ядуу Монгол сэргэдэг. Тиймээс хасах хүртлээ унасан эдийн засгаа 6 хувь өсгөсөн гэж эх орноо хар жагсаалтад унагасан МАН биеэ магтах ичиж үхмээр. (Парламентад 65 суудалтай, нүүрс зэс алтны үнэ дажгүй байхад шүү).
“Бодлого боловсруулагч” гээд л гэдийх юм. Үхсэнээ бодоо вэ? Зүгээр л нарлагч хөгшдийн үглээд буйг хэрэгжүүлчих. Тэгвэл баяжуулсан коксоо галт тэргээр 10-аад жил зөөж доллар багсайтал олоод баялгийн сандаа хадгалчихсан ханхалзаж байгаа. Хулгайч гишүүдээ эргүүлэн татсанаар парламент цэвэршээ. Гэр хороолол руу сантехник салбарлаж утаа угаар түүх болоо. Бондоор баялгаа үржүүлээд зээлээ хүүтэй нь “баярлалаа” гээд төлөх байв. Донор орнууд итгээд дахин хөрөнгө оруулж юу магад. Хужаа, гуравдахь хөрш гээд өөрсдийн чадаагүйг өрөөлд чихэх монгол хар ухаанаар бол шившиг. Нарлагч хөгшдийн үг хэрэгжсэн бол ингэх байв. Харин УИХ-ын боловсруулсан бодлого хар жагаалт авчрав.
Эцэст нь хэлэхэд хөгшдийн сэтгэц гишүүдийнхээс түрүүлээгүй гэдгээ бид муухан мэдэхтэйгээ. Та нар хөгшдөөс хоцроогүй ч нохой зан чинь хөгжилд гай тарьсаар. Нохойтож буйг чинь хөгшид мэддэггүй бол амар байх сан. Мэдэрдэг учраас бид шаналаад байна. Хэний ч мэдээжийн шууд бүтчих төслүүдэд УИХ, ЗГ (мэдэхгүй чадахгүй дээ бус хувийн ашиг сонирхлоор) 30 жил сохор тэнэг мэт зориуд мунгиналаа. Энэ бааш чинь та нарыг нарлагч хөгшдөөс хоцроогоод байна. Эрх баригчдын тархинд эдийн засгаа өсгөх мэргэн бодлого бус сонгуульт дөрвөн жилдээ хэрхэн амжиж баяжих вэ гэх хорхой язганадаг. Нохой зан чинь үүнээс эхтэй. Сонгуулиар хөгшдөд мэдээжийн тэнэг юмаа нуршиж бүү ядраагаарай. Биеэ дэндүү магтвал хулгай луйврыг чинь сайн мэддэг хөгшид цус харвана шүү. Нарлагчид цөөрсөөр авай.

Ц.Доржготов
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу