Caakmedee

Уучлаарай аа, Ч.Улаан сайд аа

  • Улс төр
  • 2020/05/13
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг энэ удаа “УУЧЛААРАЙ” гэж хэлээд улстөрөөс тэтгэвэрт нь гаргах ёстойг МАН-ынхан байтугай монголчууд харлаа. Тэрээр саяхан “Манай ахмад гишүүд төрийн бодлого үйл ажиллагааны ой санамжийг тээж яваа үнэт капитал гэж бодож, хүндэтгэж ханддаг. Бусад улс орнуудад ч ийм байгаа. Айл өрхөд ч ийм байдаг. Өвөөгөө нас өндөр боллоо гээд ад үзээд байдаггүй биз дээ. Манай ахмад гишүүд төрийн ой санамжийг агуулж өнөөдрийг хүртэл цаг үетэйгээ мөр зэрэгцээд явж байна. Тиймээс ахмадуудаа солих тухай ярих нь учир дутагдалтай” гэх ярьсан байв. Үнэхээр үнэт капитал байсансан бол өнөөдөр Монгол Улс тэргүүлэх зэргийн эдийн засагтай байх боломж хангалттай байсан гэдгийг Улсын төлөвлөгөөний комиссын мэргэжилтнээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар олон жил ажиллах явцдаа Ч.Улаан ойлгож мэдэж л байсан. Харамсалтай нь, улсаасаа түрүүлж ураг садны холбоогоо бодож ирснийг нь хэвлэлийн хуудас, цахим сайтуудаас харж болохоор байгаа. Тэгээд ч үе нь ирэхэд зайгаа тавьж өгөхгүй, гүрийсээр өнөөдрийн улстөрд үнэт капитал болж үлдэх ахмадууд ч алга.
Болж өгвөл төрийн бодлогод оролцож буй нэр зүүж, төрлийн хэлхээгээ албан тушаалд зуучлах гэсэн хүмүүс л бий. УУЧЛААРАЙ, Улаан сайд аа, та “Би 1976 онд төрд ажиллаж эхэлсэн. Тэр үед эдийн засаг төлөвлөлт, урамшууллын системтэй байсан. Дараа нь шинэ аж ахуй механизмын систем рүү шилжсэн. Дараа нь төрийн сангийн нэгдсэн тогтолцоо руу шилжиж байлаа. Энэ шилжилтийг 2000-2002 онд гардаж хийсэн. Тийм учраас сүүлийн 40 жилийн үйл явцын гэрч, 50 жилийн үйл явцын судалгааг хийсэн ийм мэдээлэл надад байгаа юм.” гэж ярьсан байна билээ. Энэ гайхуулаад байгаа мэдээлэл, гэрчийн үйлдлээ хамтатгаад одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахыг зааж, зөвлөх ёстой байсан юм биш үү. Гэтэл туршлага, мэдлэггүй хотын жаахан хүүхэд нэгнийгээ чихрээр хуурч буй мэт малчдын ноолуурын ханшийг үндэслэлгүй тоогоор үнэлчхээд эргэж мэлзэж суугаагаас тань харахад үнэт капитал болох нас тань өнгөрч дээ гэж хэлмээр байна шүү. УУЧЛААРАЙ, Улаан сайд аа.  
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу