Caakmedee

МАН муу CV-тэй хүнтэй дөрөө харшуулахгүй

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/05/15
Сонгууль гэх сунгаа ойртож, ард түмнээс мандат өвөртлөх бөөн дурын уран сайханчид дарга нарынхаа үүдийг сахиад тунчиг завгүй өдрүүд өнгөрч байна. Хууль тогтоох байгууллагын сонгуульд хүчээ үзэж, хэн гэдгээ харуулъя гэх эр бяр цээжинд нь амтагдаж буй дутуу боловсрол, дулимаг чадвартайчууд олон байгааг хэвлэлийн хуудаснаас харж болно. Бид “Сонгууль-2020” буландаа өнгөрсөн дөрвөн жилд түшээд ямар ажил хийж, амжуулав гэх мэтээр алдаа, оноог хөндсөн.
Ердөө хэдхэн хоногийн дараа шинэ Үндсэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Үүгээр Эрдэнэт, Дарханыг улсын статустай хот байхаар заагаад буй. Олон жил ярьсан ч манайд шинэ тутам ажил. Уг ажлыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд дээрх аймгуудаас сонгогдсон түшээд жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй байна. Тиймээс тус аймгаас ямар хүмүүс горилж буйг энэ удаа хөндөж буй юм. Учир нь, боловсролтой, мэдлэгтэй, ажлын туршлагатай хүмүүс дээрх аймгийнхныг УИХ-д төлөөлж байж, Үндсэн хуульд заасан “улсын статустай хот” гэх заалт цаасан дээр үлдэх бус бодит амьдралд хэрэгжихээр байгаа билээ. 
У.ХҮРЭЛСҮХ ЖДҮ-ЧДЭЭ ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭХ БАЙР СУУРЬТАА ХАТУУ ЗОГСЖЭЭ 
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг “За” гэвэл “Ёо”-гүй эр гэлцэх нь бий. Улс төрд ч, бодит амьдралдаа ч энэ зарчмыг баримталдаг тэрбээр эрх баригч намын дарга болсноосоо хойш ЖДҮХС-гаас зээл авсан, нэр холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ олон нийт болоод журмын нөхдөдөө зарласан. Хэлсэн, ярьсандаа байхгүй өөртөө тавьсан энэ зарчмаа зөрчвөл сонгуульд удирдаж оролцох нам нь ялагдал хүлээнэ гэдгийг тэр  мэдэхийн дээдээр мэдэж буй. Нам нь ялагдвал түүний мөрөөдөж асан эрх мэдэл, албан тушаал зүүд зэрэглээ л болж хоцорно. Эрх мэдэлтэй байгаа дээрээ улс төрийн зөв нүүдэл хийхгүй бол У.Хүрэлсүхэд ялагдал нь дэндүү ойрхон буй учир намаасаа хийлгэсэн гишүүдийнхээ рейтинг тогтоосон судалгааг генсекээсээ өөр хүнд үзүүлэхгүй байгаа аж. Энэ нь тэр тойрогт түүнийг, үүнийг нэр дэвшүүлнэ гэж хана гаргахад хамгийн амар болж байгаа гэсэн. 
Тухайлбал, Орхон аймагт нэр дэвшихээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч асан Б.Бат-Эрдэнэ, МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар горилж буй аж. Эднээс Ц.Бат-Энх, Б.Бат-Эрдэнэ нарын хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан учир тойргийн гадна үлджээ. Нэг ёсондоо тэд У.Хүрэлсүхтэй ойр байдаг ч тэрбээр энэ удаа “Зарчмаа барихаас өөр аргагүй” гэх хариултыг тэдэнд өгсөн байна.
Үлдэж буй дөрвөн хүний хувьд Б.Оюунгэрлээс бусад нь Эрдэнэтэд танигджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Эрдэнэтэд бүү хэл улс даяараа дийлэнх нь мэднэ. Тэрбээр Орхон аймагт нэр дэвших сонирхолтой байсан ч төрөлх нутаг Увстаа хүч үзвэл хамгийн боломжтой гэх хувилбар яригдаж байгаа аж. Учир нь, энэ удаагийн сонгууль Ц.Нямдоржийн хамгийн сүүлийн гараа, дэвээ. Тэрбээр долоон удаа парламентад сонгогдож, насаараа дарга, сайд, төрийн түшээ хийж, өдгөө тэтгэвэрт гарах нас нь болчихоод буй учир сүүлийн удаа зөв сонголт түүнд маш чухал. Харин МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайваны хувьд Эрдэнэтийн унаган хүүхэд аж.
Тэрбээр 2016 онд нэр дэвшихээр ажиллаж байсан ч эмэгтэй квотод боломжоо алдаж, тэр тойргоос  О.Баасанхүү гишүүн сонгогдож байжээ. Түүний хувьд БНХАУ, АНУ, Шинэ Зеландад боловсрол эзэмшсэн, Үйлдвэр, худалдааны яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ дахь Элчин сайдын яам, У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн юм байна. Хамгийн гол нь орхончууд унаган иргэнээ нэр дэвшвэл дэмжих магадлал маш өндөр буй судалгаа гарчээ. Учир нь, өнгөрсөн 30 жилд Эрдэнэтийн унаган хүүхэд биш дандаа “явуулын” хүмүүс ирж нэр дэвшиж, олигтой ажил хийлгүй аргацаасаар өнгөрүүлжээ. Энэ нь 2020 оны сонгуулиар Эрдэнэтийнхээ унаган хүүхдийг дэмжинэ гэсэн акц орхончууд өрнүүлэхэд хүргэжээ. Түүнийг нэр дэвшинэ гэх яриа гаргасан эсэхийг мэдэхгүй ч МАН-аас хийсэн судалгаагаар дээгүүрт орсон байна. 
Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын хувьд нэр дэвших нь тодорхой болсон гэх. Өнгөрсөн дөрвөн жил албан тушаалаа ашиглан бусдад илт давуу байдал олгосон, хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьсан гэх хэл ам түүнийг дагаж байгаа аж. Ямартай ч энэ удаагийн сонгуульд МАН Орхонд ялалт байгуулахад амаргүй харагдаж байна.
ДАРХАН-УУЛД ГОРИЛОГЧДООС ХЭН МАНДАТ АВАХ ВЭ
Дархан-Уул аймагт горилогсод ч олон байгаа аж. Тус аймаг гурван мандаттай. УИХ-д Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар дарханчуудыг төлөөлж буй. Энэ гурав гурвуулаа дэвших сонирхолтой ч Б.Баттөмөрийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авчээ. Тиймээс Б.Баттөмөрийг энэ удаа өнжөөж оронд нь УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатарыг сойх яриа эрчээ авч эхэлсэн байна. Түүний хувьд хуульч мэргэжилтэй өмнө нь УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Гишүүн болохоосоо өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд ажиллаж, улс төрийн болоод хуулийн чиглэлээр бодлого боловсруулахад чамбай суралцсан гэдгийг журмын нөхөд нь хэлдэг юм билээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. 
Гэхдээ тэрбээр намаасаа гарч МАХН-д элсэж, генсекээр нь ажиллаж байгаад саяхнаас намын гишүүнчлэлээ сэргээгээд буй учир намын хуучцуул ам муутай байгаа гэх яриа байна. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувьд намдаа нэр хүнд боломжийн ч У.Хүрэлсүхтэй төдийлөн сайн харилцаатай биш байгаа учир тойргийн гадна үлдээж магадгүй аж. Б.Жавхлан гишүүний хувьд эдийн засгаа сайн ярьчихдаг учраас энэ удаа хоёр дахь удаагаа мандат өвөртлөн Дарханы сунгаанд хүч үзэхээр болсон гэх. 
Хэдий ийм яриа бий ч МАН-ын дарга муу намтартай хүн сонгуульд авч орвол дахин олонх болж чадахгүй учир долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар асуудалд хандаж байгаа аж. Түүнчлэн удирдсан нам нь эрх барьж, үнэмлэхүй олонх байхдаа батлуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, автор нь болоход дараагийн парламентад сонгогдох намынх нь нөхдөөс ихээхэн хамаарна. Тиймээс Эрдэнэт, Дарханыг улсын статустай хот болгох ажилд ханцуй шамлан орж, нүүр тахлах хүмүүс нь энэ тойргоос сонгогдсон түшээд болох учир боловсрол, мэдлэгтэй, төрийн албаны туршлагатай хүнд мандат өвөртлүүлж явуулах нь МАН-ын хувьд нэн чухал сонголт, сорилт болж буйг У.Хүрэлсүх дарга зөв харж, тооцоолсон гэдэгт найдъя. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу