Caakmedee

Сүүлчийн чуулганы дараа ХААЧИХ ВЭ

  • Улс төр
  • 2020/05/15
УИХ-ын отгон чуулган хуралдаж, завсарлалаа. Одоогийн парламентийн гишүүдийн сүүлчийн чуулган. 2016 онд тойрог, тойргоос ард түмнийхээ итгэлийг тээн, нэгэн парламентыг бүрдүүлсэн тэд дөрвөн жилийг ийн ардаа үдэж байна. Өнгөрч буй дөрвөн жилээ тэд өнөөдөр хэрхэн дүгнэж суусан бол.
“За, өнгөрсөн дөрвөн жил арай хударгагүй загначихлаа” гээд шилээ маажиж суув уу. “Сүүлчийн боломжоо ашиглаад сүржин гэгч нь дуугараад авъя. Тойргийнхон маань зурагтаар үзэж юуны магад” гээд ухасхийсэн ч байв уу . Нээрэн тэд юу бодсон бол.
Заримых нь хувьд дахиад нэр дэвших сиймхий хайж, арга ухаанаа сийлэх сүүлчийн өдөр юм. Тойргийн мандатаас мултрах ирмэг дээр байгаа хэд нь тун ч сандарч буй нь мэдээж. Тойргоо сайтар усалж, тоймтойхон “юм” хийсэн нь харин додигор гэгч нь суусан нь бас мэдээж.
Ийм олон эргэлтээ, тээнэгэлзэлтэй отгон чуулганы, сүүлчийн хонх дуугарлаа. Сүүлчийн чуулганы дараа тэд харин хаачих вэ.
Нэг хэсэг нь сонгуулийн сурталчилгаа гээд сөхөөгүй гүйхийн эхлэл нь маргааш. Нутгийн зүг тоос татуулсаар давхих. Ард түмэндээ хайр зарлан, алд цэнхэр хадаг барих дасгалаа өглөө, оройгүй бэлдэж суугаа сурагч ч олон. Нэр дэвшихгүй нь тодорхой болсон хэд нь харин хувийн амьдралаа орж, хэвийн байдлаа олох биз ээ.
Дөрвөн жил овоо бужигнуулсан зарим нь улс төр дэх орон зайгаа улам бэхжүүлэхгүй бол “аавын хаалга” татах ч гэмтэйдээ гэлбэлзэх сүүлийн өдөр. Магад хамаг бодол санаа нь зөвхөн маргаашд төвлөрч, өвөр зуураа “хор найруулж” ч амжаа байх. МАН, АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэр маргааш албан ёсоор тодорно. Отгон чуулганы дараа тэдний жим чухам хаашаа татахыг маргаашийн хурал заана.Намдаа тоогдсон хэд нь тойрог минь, нутгийнхан минь гээд хайр зарлан гүйх тоотой хэдхэн өдрүүд л тэднийг хүлээж байна. 

Г.Жаргал
Эх сурвалж: eguur.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу