Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвс ачсан, чиргүүлтэй ЗИЛ-130 машин жолоодож яваа бичлэгээ өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа өчигдөр нийтэлжээ. Уг бичлэгийн тайлбарт Ард түмний минь алтан шар зам өлзийтэй байг (Миний хувийн архиваас, 2019 он) гэсэн байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гадаад байдал, хувцаслалтыг төдийгүй улстөрчийнх нь хувьд даган дуурайдаг гэлцдэг. 2018 онд Крымийн хойгийг Оросын эх газартай холбосон авто замын гүүрийг нээхдээ Камаз үйлдвэрийн өөрөө буулгагч машиныг жолоодон шинэ замаар нэвтэрч байсан.
Энэ удаа жолооч болсон бичлэгээ цацсан нь мөн л Путиныг дуурайсан удаах тохиолдол гэж үзэх хэсэг байна. Гадаад улсын төрийн тэргүүнүүдээс 2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тээврийн салбарын төлөөлөгчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа Mack Trucks үйлдвэрийн ачааны машины бүхээгт суугаад жолоодож буй дүр эсгэж байжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ачааны машин жолоодож яваа бичлэгийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "2019 оны өвөл Хэнтийд ажлаар явах зуураа архив бичлэг болгосон" гэжээ.
Эх сурвалж: zuv.mn