УИХ-ын 2020 оны сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдэж байна. МАН-ынхан нэр дэвшигчдээ арайхийж тодруулсан ч дараагын “тулаан”-уудаас зугатсаар байгаа аж. Тухайлбал МАН-ын дарга У.Хүрэлсэүх Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан хуульч Л.Батжавыг намдаа “уриадахсан”. Уг нь Л.Батжав хоёр жил гаруйн өмнөөс аймгаа тойрч, УИХ-ын сонгуулиар өрсөлдөхөө илэрхийлж, явсан нэгэн.
Тэгтэл МАН-ынхан саналын тоог нь хувааж, бүр Ерөнхий сайдыг “онхуулдуулж” мэдэх учраас ийн намдаа элсүүлж, албан тушаалын тохироо хийсэн бололтой. Түүгээр ч зогсохгүй тэдний энэхүү тохирооны цаана тэрбумаар тоологдох мөнгөн дүнгийн яриа бий гэх шуугиан таржээ. Гэвч үнэхээр мөнгөн хөрөнгөөр тохиролцсон эсэх нь тэд нууц байсаар дуусах биз.
Харин МАН-ын даргын л саналыг хувааж онигоонд оруулчихгүй бол барав бололтой. Уг нь энэ тойрогт МАН-аас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, АН-аас хотын дарга асан Э.Бат-Үүл, тус аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан нар дэвшээд буй юм. Тэдний дундаас Л.Батжав цойлж чадах бие даагч гэж үнэлэгдэж байсан ч ийн замаа бодчихлоо.
Ганц энэ тойрогт ч бус. МАН бусад тойргуудад ч бие даан нэр дэвшигчдийг урвуулах ажиллагаа хийхийн сацуу тохирч чадахгүй заримыг нь хуулийн заалтаар унагах төлөвлөгөө гаргаад байгаа тухай мэдээлэл ч бий болжээ. Юутай ч одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд 137 бие даагч бүртгүүлж баримт бичгээ өгсний нэлээдийг нь “хасуулах”, худалдан авах тоондоо багтаасан гэнэ.
Уг нь бүтэн дөрвөн жилийн хугацаанд төрийн эрхийг үнэмлэхүй олонхоор “атгасан” МАН-ынхан айх айдасгүй, нүүр бардам сонгуульд оролцох боломж байсан. Харамсалтай нь шударга ажиллаагүй учраас бие даагчдаас айж байгаа бололтой.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn