Ямар ч үнэ цэнээр хамаагүй ялалт байгуулах гэсэн бүлэг хүмүүс сонгууль гэх сунгаанд хүч үзэцгээж байна. Тэр, энэ нам гэлтгүй бүгд өрсөлдөгчөө харлуулсан утга агуулгатай зүйлс олон нийтийн сүлжээгээр цацах болж. Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг санаж, өнөөдрөөрөө амьдарч буй тэд хууль, дэг тогтоох үндсэн үүрэгтэй хууль тогтоох байгууллагын гишүүнд өрсөлдөхдөө хуульгүй, дүрэмгүй юм шиг аашилцгааж байна.
Эрх баригч намын 65 гишүүний 40 гаруй нь ЖДҮХС-гаас бизнес эрхлэгчдэд очдог бага хүүтэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж авсан “хэрэгт” орцгоосон. Иймд намын дарга нь уг сангаас зээл авсан, ямар нэг байдлаар нэр холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэсэн ч хэлсэн, ярьсандаа байж чадсангүй.
Олны ярьж заншсанаар ЖДҮ-чдээ бүгдийг нь нэр дэвшүүлэхгүй гэхээр танигдаж амжаагүй хүмүүсээ сонгуульд сойх шаардлага үүссэн учир арга буюу иргэдийн боломжийг хулгайлсан хууль тогтоох байгууллагын зарим гишүүндээ мандат өглөө. Тэд сонгуулийн пиараа хэрхэн явуулахаас МАН-ын сонгуулийн амжилт шалтгаална. Хэдий ЖДҮ-д нэр холбогдсон зарим гишүүнээ нэр дэвшүүлээгүй ч сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газар сонгуульд өнжсөн ЖДҮ-чдээс бүрдэхээр харагдаж байна. Бие даагчид сонгогдоод улстөржиж, талцсаар сонгогчдынхоо төлөөлөл сонгодог утгаараа болж чадахгүй байна. Ийм үед намууд нэр дэвшигчдээ ард түмний төлөөлөл болохуйц нэр цэвэр хүмүүсийг “сойх”-ыг цаг үе шаардах болж. Дараагийн нэг асуудал бол МАН мэдлэг, боловсролтой, төрийн албаны туршлагатай хүмүүсээ өнжөөсөн нь нэр цэвэр СV-тэй хүмүүсээ өрсөлдүүлж, бодлогын түвшинд улс орны хөгжлийг тодорхойлоход түүчээлнэ хэмээж байсан амлалтаасаа буцсан үйлдэл болов.
Энэ нь АН-д сонгуулийн гол тактикаа болгох өгөөш болж орхив. АН-ын нэр дэвшигчдийн 71 хувь нь шинэ хүмүүс. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Манай намаас нэр дэвшигчдийн 46 хувь нь эдийн засагч, санхүүч, 33 хувь нь эрх зүйч, 7.6 хувь нь инженер мэргэжилтэй. Мөн нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй хүмүүс. Эдний дотор 50 орчим хувь нь залуус байгаа” гэж байв. Харин МАН нэр дэвшигчдийнхээ талаар дорвитой мэдээлэл хэвлэлийнхэнд өгсөнгүй. Ямар боловсролтой, ажлын туршлагатай хүмүүс нэр дэвшиж байгаа талаарх прогноз өгөөгүй нь ихэнх хууччуулаа сонгуульд “сойсон”-той холбоотой байж болох.
Харин МАН нэр дэвшигчидтэй хариуцлагын гэрээ байгуулсан нь анхаарал татав. ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон, мөн бусад асуудалд орооцолдож байсан нэр дэвшигчдээсээ “Нэгдүгээрт, ёс зүйтэй, эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй. Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байгаарай” гэсэн нь иргэдийн боломжийг хулгайлж, эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгож байсан гишүүдээсээ ёс зүй, эх орноо гэсэн сэтгэл нэхэж байгаа нь өөрөө үнэнтэй хэр нийцэх ойлголт юм бол гэх асуулт гарч ирж байна.
Сөрөг хүчин АН-ын хувьд ч ялгаагүй хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй цөөнгүй хүн нэр дэвшиж байх. Ерөөс УИХ-ын гишүүн болчихвол халдашгүй бүрэн эрхээрээ хаацайлж, хэргээ хаалгах, даруулах, хуулийн байгууллагаас зугатах, орогнох газар нь парламент болжээ. Иймийн учир улс төрийн намуудаас нэр дэвшихээр улайран зүтгэж, квот авч чадаагүй нэг нь намаа муулах, эсрэг ажиллагаа явуулж өс санах хэвийн үзэгдэл болж, муугийн жишээнд зүй ёсоор ортлоо хөгжжээ.
Улс төрийн намуудын босго ийм намхан байгаа учир төрийн түшээгийн зөөлөн сэнтийд залрах гэсэн бие даан нэр дэвшигчид сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдэх болжээ. Заримыг нь намуудын өрсөлдөгчид санал хуваах зорилгоор зардлыг нь төлөөд нэр дэвшүүлж буй ч бие дааж улс төрийн сонгуульд үзэх сонирхолтой хүмүүс буурахгүй байна. Тухайлбал, өнгөрсөн 2016 оны сонгуулиар хамгийн олон буюу 69 бие даагч нэр дэвшиж байсан бол энэ удаа 208 хүн өрсөлдөхөөр Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгөөд байгаа юм. Тэднээс зарим нь АН болон жижиг намуудад орж, нэр дэвшихээр болсон ч бие даагчдын тоо өмнөх сонгуулиас нэмэгдэх хандлагатай байна.
Энэ нь бие даагаад ч болтугай УИХ-д сонгогдчихвол гишүүний товчлуураа ашиглан, амар хялбар аргаар баяжих сонирхол, эрх ашиг нуугдаж байна.Учир нь, өнгөрсөн долоон удаагийн парламентад бие дааж сонгогдож байсан түшээд тойргийнхоо төлөөлөл, дуу хоолой болж, олигтой ажиллаж чадаагүй. Тийм боломж ч хуулиар хомс. Тойрогтоо ахиу төсөв төсөвлүүлэх гэхээр дэмжлэг авдаггүй. Энэ удаагийн парламентад С.Жавхлан бие даан УИХ-д сонгогдсон ч дорвитой ажиллаж чадаагүйгээр үл барам чуулган, Байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөлд завсарлага авах эрх зүйн орчны талаар ямар ч ойлголтгүйгээ мэдэгдэж, гишүүдийн элэг доог болж байв. Тиймээс бүрэн эрхийнхээ хугацааны төгсгөлд АН-д элсэж, тэндээс нэр дэвших эрхээ аваад байна. Түүний өмнөх парламентад Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар бие даагч гишүүн байсан ч мөн л парламентад төдийлөн байр сууриа бэхжүүлж чадаагүй учир бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд намд элсэж байсан билээ. Нэгэнт улс төрийн намаар дамжуулж төрийн эрх барьж буй учраас төрийн эрх барих дээд байгууллагад намуудын төлөөлөл жин дарж ирсэн.
Товчхондоо, бие даагчид сонгогдоод улстөржиж, талцсаар сонгогчдынхоо төлөөлөл сонгодог утгаараа болж чадахгүй байна. Ийм үед намууд нэр дэвшигчдээ ард түмний төлөөлөл болохуйц нэр цэвэр хүмүүсийг “сойх”-ыг цаг үе шаардах болж. Өнөөдрийнх шиг намын даргад тал зассан эсвэл ойрын итгэлтэй хүнээ нэр дэвшүүлдэг байдал ирэх сонгуулиудад хэвээр үргэлжилж болохгүйг цаг үе, шинэ үеийн залуусын хандлага харуулах болжээ. Үүнийг дагаад улс төрийн намууд төлөвшиж, энэ талаарх хууль, эрх зүйн орчиндоо “салхи” оруулахгүйгээр өнөөдрөөрөө маргаашийг төсөөлж болохооргүй түвшинд сонгогчдын боловсрол хүрч ирсэн байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин