Caakmedee

Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг

  • Улс төр
  • 2020/06/02
Төрөө хэрхэн засах вэ, хэн гээч “тавааришаар” өөрийгөө удирдуулж дөрвөн жилийг өнгөрөөх вэ гэдгийг шийдэх сонгууль хаяанд ирлээ. Төрт ёс үүссэн цагаас эхлэн ардчилалтай, ардчилалгүй сонгуулиуд амьдралтай хамт уялдан алхсаар байдаг л нэг арга хэмжээ болтол хэвшсэн байх юм. Гэтэл хэзээ ч юм бүү мэд нэгэн цагт энэ сонгууль гээчийг хаа нэг газар санаачилж “бултаараа хэлэлцээд дориухан нэгнээрээ удирдуулъя” гэсэн ухаант санааг гаргасан улс орон байгаа даа.
Хүн гэдэг амьтан сармагчин төрлөөсөө салж нийгэмшиж эхэлсэн үеэсээ эхлээд л удирдуулж, удирдах аргачлал руу шилжсэн гэх. Хоол хүнсээ цуглуулах, отор нүүдэл хийх, хөрш рүүгээ дайрах, хөршөөсөө өөрсдийгөө хамгаалах гээд л хамтын үйлдэл шаардсан нөхцөл байдалд заавал нэгнийхээ амыг харах мөч үүснэ шүү дээ. Тэгээд омгийн ахмад настангууд цуглаж байгаад отгийнхоо хамгийн чадалтай, овсгоотой, ухаалаг нэгнийг толгойлогч болгон өргөмжилдөг байсан нь нэг ёсондоо сонгуулийн эхний хувилбар байсан биш гэж үү. Мэдээж үүнийг жинхэнэ утгаар нь нийтийг хамарсан бодит сонгуулийн хэлбэр гэж хэлж болохгүй гэлээ бүүрэгхэн алхам тавигдаж дараагийн хэлбэртээ хаалга нээж өгөх оролдлого байсан юм шүү гэдэгтэй маргамгүй.
Түүхчдийн бичиж үлдээснээр бол орчин цагийн ардчилсан сонгуулийн бодит эхлэл нь Грекийн Афинд МЭӨVIIIVI зуунд тавигдсан гэлцдэг. Хотулс Афин МЭӨ 594321 оны хооронд оршихдоо ардчиллын үндсийг тавьж түүний бодит царай болох сонгуулийг өнөө цагийнханд үлгэр болохуйцаар зохион байгуулдаг байжээ. Ардын хурал буюу Экклэстэд хотынхон бүгд саналаа өгөх эрхтэй.
Үгүй ээ, арай ч бүгд биш юм байна аа. Боол болон эмэгтэй хүмүүс, харь нутгийнхан сонгуульд оролцох эрхгүй, Афины хориос дээш насны эр хүйстэй иргэд бүгд сонгуульд оролцож сонгох, сонгогдох эрхтэй байж. Экклэст нь наймаас есөн өдөрт нэг удаа хуралдаж хууль тогтоомж батална, шүүхийн шийдвэрийг хянана, засна гээд төрт ёсны зан үйлийг бүгдийг нь ном журмын даруу гүйцэтгэдэг байлаа. Хотын иргэд хэдэн мянгаараа том задгай талбайд цугларч болж бүтэхгүй асуудлаа шийддэг байсан учир жинхэнэ ардчилал тэнд байсан гэж түүхчид бичих дуртай.
Дараа нь Ромын эзэнт гүрний сенат гарч ирнэ. Сенат нь цаг үеэсээ хамаарч 300-600 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тэднийг отог омгийн ахмадуудын санал, цуглаанаас тодруулж сенатад оруулдаг байжээ. Иймэрхүү байдалтайгаар улс эх орныг хаантай зэрэгцээд удирдах “ард түмний төлөөлөл” амьдралд хөл алдалгүй явсаар Дундад зуунтай учирсан. XIII-XIV зууны үеэс баруун Европт хот суурин газрууд элбэгшиж, түүнийгээ дагаад хууль зүйн шинэ нөхцөл байдлууд үүсэх болсон нь сонгуулийн системд зайлшгүй өөрчлөлтүүдийг дагуулжээ. Мэдээж тэр үеийнхээ тэргүүлэх улс хэмээгдэж байсан Испанид ийм өөрчлөлт гарч эхэлсэн нь яалт ч үгүй цаг үеийнх нь захиалга байсан гэдэг нь ойлгомжтой. Испанийн Кортес 1137 оноос түүхээ эхэлдэг агаад анхлан уг парламентад зөвхөн баячууд, сурвалжит ноёдууд сонгогдох эрхтэй байжээ. 1188 оноос эхлээд хотын иргэд өөрсдийнхөө төлөөллийг багтаах болсон Кортес тэгэхээр энэ дэлхийн хамгийн урт настай парламентын нэг болох нь. Түүнээс хойш нэг их удалгүй Английн парламент сууриа тавьж XIV зууны эхээр Франциин Ерөнхий штат, XIV–XV зуунд Германы Рейхстаг, Польшийн Сейм зэргийн үндэс, суурь тавигдаж эхэлжээ. Харин хэдийнээс эхлээд, хаана, өнөө цагийн, орчин үеийн сонгуулийн хэлбэр биелэлээ олсон гээч.
Мэдээж Францад. Учир нь хаант засаглал байгаа тохиолдолд Бүгд Найрамдах зарчим хэрэгжих боломжгүй тул Францын их хувьсгалын(1789–1799 он) үр дүнд хаан ширээг унагаасан францчууд орчин үеийн сонгуулийн системийг амьдралд хэрэгжүүлж эхэлсэн гэх. Тэр цагаас эхлэн сонгох, сонгогдох эрхэнд тавигдах хорио цээр багасаж, сонгуульд тус улсын бүх иргэд эрэгтэй, эмэгтэй гэж хүйс ялгалгүй оролцох болсон. Францчуудын туршлага “халдвартай” байж удалгүй Их Британи, Герман улсууд сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулан холимог, мажоритар системүүд, нууц санал хураалт, сонгуулийн тойрог зэргийг сэдэж эхэлсэн үе нь XIX зууны сүүлийн хагасын оволзсон он жилүүд байжээ.
Мэдээж түүнээс хойш дэлхийн улс орнууд өөрийн онцлогтой тааруулан бага, жижиг өөрчлөлтүүдийг оруулсан ч гэлээ өнөө цагт яг тэр хоёр зуугаад жилийн өмнө суурийг нь тавьсан сонгуулийн хуулийн зарчим дэлхий даяар хэрэгжсэн хэвээр байна. 

Б.Хулан
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу