Caakmedee

Шүүх засаглал улс төрөөс хараат байна

  • Улс төр / Нийгэм
  • 2020/06/04
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван багана дээр орчин үеийн төр засаг тогтдог. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх энэ гурван засаглал харилцан хяналт тэнцвэртэй байж, үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд, тогтвортой явагдах учиртай. Тэгвэл манай улсад энэ гурван баганы нэг болох шүүх засаглал бие даан үйл ажиллагаа явуулж чадахаа больжээ. Шүүх засаглал улс төрөөс хэдийнэ бүрэн хараат болсон байна.
Угтаа Монгол Улсын Үндсэн хуульд шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байна, шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ гэсэн нь ч бий. Гэсэн ч шүүх засаглалд улс төрийн нөлөө орж, тэдний заавар зөвлөгөөгөөр ажиллах болж. Ялсан нам, Ерөнхийлөгч юу гэж л лүндэн буулгана тэдний тушаал ёсоор шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Хуучин цагт нуухчаа аядаж, нэрэлхдэг байсан бол одоо бүр улаан цагаандаа гарчихлаа. Маргаангүй харамсаж, халагламаар дүр зураг л даа.
Энэ бурангуй байдал гаарах болсон нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шүүх засаглалын удирдлагыг томилдгоос эхтэй юм. Шүүх засаглалын удирдлагууд тэдний таашаалд нийцэн ажиллаж чадахгүй л бол ажлаа өгөх ганцхан сонголттой үлддэг болсон. Энэ нь ч Дээд шүүхийн дарга томилогдоод нэг жил тойров уу үгүй юү ажлаа өгч байгаагаар нотлогдож байна. Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэсэн байна билээ. Монголд ийм өндөр албан тушаалаас сайн дураараа татгалзана гэхэд хэн үнэмших юм бэ. Бид зөөлөн сэнтийгээс тийм амархан уйддаг, татгалздаг хүмүүс бил үү. Үүн шиг худал зүйл орчлонд байхгүй.
Ийнхүү шүүх засаглал улс төрийн гар хөл болж байгаагийн жишээ хаа сайгүй өрнөж байна. Сонгууль дөхсөн энэ үед шинж тэмдэг нь бүр ч ихээр тодорч байна. Нэр дэвших магадлалтай хүмүүсийг баривчлах, шүүхээр шийтгэх зэрэг нь улс төрийн захиалга биелүүлж байгаагийн тод илрэл юм.
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг машины мөнгө хэмнэсэн гэж шийтгэх, Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр эрхээ аваад байгаа Н.Номтойбаярыг шүүгч рүү утсаар ярьсан гэж баривчлах зэрэг нь гарцаагүй захиалгатай хэрэг. Хууль шүүхийнхэн сүрийг үзүүлж буй мэт харагдавч өөрсдийн үнэн дүр зургийг үзүүлж байгаа арчаагүй үйлдэл л дээ.
Ер нь сонгуулийн өмнө ингэж баривчлах нь шинэ зүйл биш юм. Улс төрийн хүрээнийхэн тодхон санаж л байгаа байх. 2012 оны сонгуулиар Ц.Анандбазарыг бас л энэ жишгээр баривчилж байв. Харин сонгууль өнгөрмөгц зүгээр л тавиад явуулчихсан. Түүний сонгуульд нэр дэвших зэрэг бүр дашийн шог болсон гэгддэг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ч мөн баривчилсан. Эцэс сүүлдээ ганц байрны хэргээр ялласан байдаг. Энэ мэтчилэнгээр шүүх засаглал улс төрийн захиалгаар өс хонзон тайлдаг байгууллага болж хувирлаа. Хаа хаанаа халаглах ч өөрчлөгдөж, шинэчлэгдэх нь юу л бол гэмээр үндэс суурь бөхтэй нөхцөл байдал бүрджээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалыг өөрчилсөн л гээд байгаа. Мэдээж шүүхтэй холбоотой зохицуулалтууд хамгийн ээдрээтэй замыг туулж бүрэн бүрэлдэхүүнээрээ биш ч тодорхой хэсэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж чадсан. Гэхдээ одоо ч дагаж гарах шүүхийн багц хуулиудад саад тотгор үүсч, Үндсэн хуульд орсон зохицуулалтуудын утга санааг гуйвуулахгүй гэх баталгаа алга. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн ч дагаж гарах хуулиуд нь батлагдаж амжаагүй тул хуучин зохицуулалт нь хэрэгжиж байна. Ямартаа ч шинээр бий болох парламент учрыг нь олж, хужрыг нь тунгаах биз ээ.
Шүүх засаглалын эрх мэдлийн төлөө төрийн толгойд байх хүмүүс хэрхэн уралцаж, тэр хэрээрээ энэ засаглал ялзарч байгааг иргэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Шүүх засаглал улс төрийн гар хөл болж, захиалгыг нь дуулгавартай биелүүлэх болсноор энгийн иргэдийн ёс суртахуун, хууль шүүхэд итгэх итгэл ч үгүй болж байна. Энэ нь ч тооцоо, судалгаагаар батлагдах болжээ.
Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдахгүй, шүүх засаглалд нөлөөлөхгүй, эрх дархад нь халдахгүй байх нь эрх зүйт төрийн үүрэг, шүүх засаглалаа бат бэх байлгах үндэс гэдгийг эрдэмтэн судлаачид онцолдог. Төр засаг үүргээ умартсанаас болж иргэдийн дунд хууль шүүхийг аргалж болно гэх ойлголт гүн бат суучихсан байна. Үүнээс илүү харамсалтай зүйл гэж юу байх билээ. Нэгэнт бид зөв голдирлоос гажсаар байгаа хойно шудрага ёс ярих хэрэг юун.   

О.Ариунцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин   
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу