Коронавирус гэдэг цар тахал манай дэлхийн 216 оронд тархаж олон мянган иргэний амь насыг авч одлоо. Одоо хоёр, гуравдугаар давалгаа нь эхэлсэн ч юм уу, эхлэх гэж байгаа ч юм уу, түгшүүрийн дохио дэгдээд л байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Монгол Улс онцгой эрсдэлийн бүсэд байгаа шүү” гэж удаа дараа анхаарууллаа. Эх орон, гал голомтоо сахиж үлдсэн хэдэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, хөхүүл, олон хүүхэдтэй эхчүүд айхаас өөр юмгүй, бараг л хагас жил хөл хорионд суулаа. Зарим нь сарсгар вирус, сарьсан багваахай зүүдэлж босч давхидаг, нэг хэсэг нь зурагтаа нээхээс айдаг, гар нь чичирдэг болсон гэнэ. Гадаадын нэг эрдэмтэн “Ковид-19” цар тахалын хоёр, гуравдугаар давалгаа нь мэдрэлийн өвчний онц аюултай вирусаар үүсгэгдэнэ” гэсэн байна билээ. Юутай ч монголчууд аюулт өвчний өмнө чичирч байгаа нь туйлын үнэн. Тэгэхэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар нь “Сонгууль явуулна”, “Наадам хийж наргина”л гээд байгаа. Гадаадын “аюултай голомт” хаана байна, тэндээс эрүүл өвчтэй хүмүүсээ хамж, чихэж авчираад Монголыг цар тахлын голомт болгон, бидний ядуусаа “цөөлж” болно оо. Цаашид энэ өвчин удаан хугацаагаар дэлгэрч Монгол Улсыг хүн ам, эдийн засагтай нь сүйрүүлбэл яах юм. Хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ.
Улс орон даяар долдугаар сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан. Энэ чинь тусгай хууль журмаар зохицуулагддаг хатуу хариуцлагатай арга хэмжээ. Онцын хэрэггүй бол гэрээс гарч болохгүй, дөрвөөс дээш хүн цугларч болохгүй, хоёр хүний хоорондын зай 1.5-2 метр байна. Гарч орохдоо гараа савантай усаар угаана. Маск тогтмол зүүнэ. Гудамжинд маск зүүгээгүй яваа хүнийг хэдэн зуу, мянган төгрөгөөр торгоно гэхчлэн өдөр болгон бидэнд ухуулж байгаа.
Тэгтэл энэ хатуу хууль бидэнд үйлчлээд дээдсийн хүрээлэлд үйлчилдэггүй. Бүр болиод сонгууль явуулах гэнэ. Наадам гэж сүртэй юм болох нь. Би өдий насыг наслахдаа ийм аймшигтай нөхцөлд, нүүр нүүрээ харахгүй битүү масктай, гар барихгүй тохойгоороо нудралцсан, сонгогч сонгогдогчид уулзаад илэн далангүй ярилцчихаж болдоггүй хачин сонгууль үзээгүй юмсан. Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурвын нүүрэнд л үзэх юм байх. Арга чаргатай, их мөнгөтэй хүмүүсийн сонгуулийн сурталчилгаа аль эрт хэдэн сарын өмнө “Тайлан” нэртэй эхэлсэн. МАНАН-гийнхны сурталчилгаа л даа. Ядаж байхад яасан түвэгтэй гээ. Байнга л үүд хаалга онголзуулж “Тайлан” сэтгүүл, сонгуулийн сонин, календарь гэх мэтийн зүйлээр булсан. Тэгэхэд бусад намынхан, хувиараа нэр дэвшигчид одоо хүртэл чимээгүй, СЕХ-нд “Чөдөрлөгдчихөөд” байж байгаа. Өвчин зовлон далимдуулаад заавал сонгууль явуулах гэж эрх баригчдын үхэн хатан зүтгээд байгаагийн цаана хэдэн гол зорилго байгаа гэнэ.
1.Чөлөөт сурталчилгааг хориглон залуучуудыг олон нийтэд таниулахгүй. Зөвхөн өөрсдийнхөө хэдэн хуучин “архаг”-уудыг гаргаж ирэх бодлого юм байна. Шинэ залуу хүмүүсийн зүсийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй учир өнөөх л орой болгон зурагтаар гарч, сошиал системийг эзэгнэж байдаг Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл нарыг дугуйлуулах юм байх. Манайхан ч “танихгүй бурханаас, таньдаг чөтгөр” нь гээд өнөө хэдийгээ л дугуйлах байх.
2. АНУ-аас нэг бүр нь 2000 гаруй ам.долларын үнэтэй 250 хар машин авч байгаа гэсэн. Бүх хэсгийн саналыг өнөөх “луйврын” хар машинаар тоолно. Энэ машинд ямар ч программ суулгахад өөрсөддөө ашигтай тоолуулчихаж болдогийг саяхан АНУ-ын Ардчилсан намын сунгаанд саналыг хар машинаар тоолж ямар будлиан үүсгэснээс харж болно. Тэнд тар нь танигдаад “хог дээр хаягдсан” 250 хар машиныг өндөр үнээр авчирч эрх баригчид сонгуульдаа ашиглах нь. Уг нь Энэтхэгт хэдэн зуун сая хүний саналыг гараар тоолж болоод байхад манай хоёр сая хүрэхгүй сонгогчийн саналыг гараар тоолчихож болно шүү дээ. Энэ нөхдийн, сонгуулийг хойшлуулахгүй цар тахал дундуур зүтгүүлээд байгаагийн гол зорилго нь хар машиндаа найдсаных.
3. Сонгуульд асар их мөнгө төсөвлөсөн. Тэр төсөв хөрөнгөний чинь цаана хэнд хэдэн сая, тэрбумыг хүртээх вэ гэсэн маш нарийн тооцоо байгаа юм. Өнөөх ядарсан аж ахуйн нэгж, ард түмнээсээ харамлаад байгаа их мөнгө чинь тэнд л нууц дараатай байгаа. Сонгуулийн зардлыг нэмээд л байгаа шүү дээ. Тэд их мөнгөө яаралтай “хувааж авах” хэрэг гарсан байж болно. Зөвхөн ариутгалын зардал гэхэд л бараг гурван тэрбумыг зарна.
4. Өвчин зовлон намжсан хойно, намрын налгар цагт орон нутгийн сонгуультайгаа хамтруулаад явуулчихвал аль аль талдаа ашигтай л даа. Ядаж л айдас хүйдэсгүй, нүүр нүүрээ харж байгаад хэн хэнийгээ таньж мэдээд сонгож, сонгогдоё л доо. Хэдхэн хүн хувийн ашиг сонирхлын үүднээс цар тахлаар далимдуулан “төр засгийн эрхийг булааж авахаар” улайран зүтгэж байгааг олон түмэн зөвшөөрөхгүй байна.
5. Ямар муухай ялгаварлан гадуурхана вэ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Баянгол дүүргийн тойрогт нэр дэвшсэнийг хуйвалдаанаар хасчихлаа. Уул нь манай энэ тойрогт Ардын намыг дэмжинэ гэсэн санаа бодол давамгайлж байсан юм. Н.Энхбаярыг хассанаас хойш “Тэгвэл Н.Энхбаярын нам, түүний удирдсан “Та бидний эвсэл”-ийн гурван хүнийг л дугуйлна гэсэн яриа чих дэлсэх боллоо. Магадгүй орон даяар ийм давалгаа үүсэхийг ч байг гэх газаргүй. Монголчууд чинь их онцлог сэтгэхүйтэй ард түмэн шүү дээ. Гүтгүүлж, доромжлуулж байгаа хүнийг битүүхэндээ дэмжчихдэг”
6. Улсын Их Хурлын сонгууль хэзээ нэг цагт болж л таарна. Ард түмэн минь их л болгоомжтой хандаарай даа. Өнөөх та бидний татварын мөнгийг тэрбум тэрбумаар зооглочихсон, эх орноосоо урваж, газар нутгаа гадаадынханд бараг л үнэгүй шахам өгчихөөд шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагчаар татагдчихаад байгаа олон арван хүн энэ сонгуульд өрсөлдөж байгаа. Тэд ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэсэн “окопонд” орж авах л гэж зүтгэж байна. Түүнд цэг тавихаа мартуузай.
Эрх баригчид “Наадам хийнэ” гээд шийдвэр гаргачихлаа. Үзэгчгүй наадмыг энэ эрхэм дээдсийн үед л үзэх юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 512 бөх барилдана. Тэдний засуул, хөлийн цэц, багш дасгалжуулагч гээд хэдэн зуун хүн оролцоно.
Сур, шагайн харваануудад мөн л хэдэн зуун хүн оролцоно. Тэд өдөржин уралдаж, барилдахад мэдээж хоол ундны газар ажиллаж таарна. Өнөөх, дөрвөөс дээш хүн цугларч, бөөгнөрч болохгүй гэсэн хуулийг чинь 4000 хүн эвдэх нь байна шүү дээ. Бид яахав ээ, гэр гэрээсээ үзчихэж болж байна. Энэ өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы үеэр чинь тийм олон хүн цугларч, бөөгнөрч болдог юм уу. Тэгэх мөртлөө нүцгэн зууралдаад шүү. Японы сүмогийн тэр цөөхөн бөхөөс зургаа нь коронавирусын халдвар авч, хорин хэдтэй залуу нас барсан байна билээ. Тэгэхэд манайхан 512 нүцгэн хүн ноцолдуулчихаад юу бодож суух вэ.
Хүй долоон худаг, бүр аюултай. Үзэгчгүй наадах юм гэнэлэй. Гэхдээ л тэнд чинь зургаан насны бараг 2000 шахам хурдан хүлэг цуглана. Бүгд хүүхэдтэй. Олон зуун уяач, хүүхдүүд энд цуглана даа. Гараа бариан дээр бүгд цуглана, бөөгнөрнө. Уралдах морийг 1.5-2 метрийн зайтай уралд гэж болохгүй биз дээ. Тэр болгоныг хүүхэд л унана. Өнөөх коронавирус, цар тахал, хатуу хорио цээр чинь тэдэнд хамаагүй юу. Эрхэм дээдэс “Өндөржүүлсэн бэлэн байдал чинь зургадугаар сарын 30 хүртэл, наадам чинь долдугаар сард” гэж миний амыг таглах байх л даа.
Та нар Монголд бараг өдөр болгон, зарим өдөр 55-аар нэмэгдсээр 185 болчихоод байгаа цар тахалын тохиолдлыг харахгүй байна гэж үү. Энэ чинь гуравхан сая хүнтэй Монголд бол аймшгийн дээд аймшиг ДЭМБ-аас бараг өдөр бүр Монгол Улс онцгой эрсдэлтэй улсын нэг” гэж сануулаад байгааг сонсохгүй байна гэж үү.
Би эрсдэлтэй таван нөхцөлд байгаа иргэдээ гадаад орнуудаас авчирахыг бүрэн дэмжиж байгаа. Гэтэл тэр хүмүүсээ авчирахгүй, танил тал хамаатан садан, үр хүүхдүүдийг нь зөөгөөд байхаар сэтгэл тэвчихгүй байна. Хойд хилээр цэргийн сургуулийн оюутнуудыг авчирахдаа ямар ч судалгаа шинжилгээгүй, өвчтэй, өвчингүйг нь холиод чихчихсэн байна билээ. Тэр бүхнийг яг үнэнээр нь баримт сэлтээр нь бичсэн Н.Алтанхундага эмчийг яаж буруутгав даа. Энэ эрх баригчид чинь, үнэнээс үхтлээ айж байна. Ганцхан хоногт цар тахлын 55 тохиолдол бүртгэгдэж, одоо хүртэл хамт ачигдсан хүмүүсээс нь өвчин илэрсээр л байна. Багтаж шингэхгүй унаанд хүүхдүүдээ өвчтэй, өвчингүйг холиод чихчихээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Цагаанхүү тэнд өөрөө гардан хариуцаад ажиллаж байсан гэсэн. Тийм хариуцлагагүй хүнийг тэр дор нь ажлаас халж, эрүүгийн хариуцлагад татан “өвчин тахлыг зориуд халдаасан, тараасан” гэдэг зүйл ангиар яллах хэрэгтэй байсан биш үү.
Коронавирус гэдэг аюулт тахал чинь нэг л хүрээгээ тэлбэл хуурай өвсөнд тавьсан гал шиг дийлдэхгүй болдог эд байна. Би юуны учир энэ өвчний талаар үнэнийг бичээд, ад үзэгдээд байна гэвэл Монголд маань тэр дундаа Улаанбаатарт минь энэ аюулт тахал дэгдэж, ядарсан ард түмнийг сүйрүүлэх вий гэсэндээ л бичээд, яриад байгаа юм. Сошиалд намайг элдвээр л доромжилж зүхсэн байна билээ. Би чинь тэр байтугай доромжлол дарамтыг давж туулсан хүн шүү дээ. Харин муулуулж, дарамтлуулж байвал бие хөнгөн, сайхан байдаг юм. Тиймээс намайг сайн “балбаад” өгөөрэй. Ганц хоёр нас нэмэгдэж юуны магад.
Д.Сарангэрэл сайдтай эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа Д.Нямхүү даргатай Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн, гамшгаас хамгаалах газрынхан, цагдаа, хил гааль, мэргэжлийн хяналт, иргэний нисэхийнхэн, сэтгүүлч, олон хүн “галын шугаман” дээр баатарлагаар тэмцэж байна. Төр, засаг маань тэдний амь хайргүй зүтгэж байгаа гавьяа зүтгэлийг даанч дутуу үнэлэх юм даа. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг 30 хувь нэмлээ гэнэ. Тэрбум тэрбумаар нь идэж завшиж байгаа хүмүүсийн дэргэд бол өчүүхэн юм даа. Бас орон сууц олгох талаар судалж байгаа гэнэ. Худлаа шүү дээ, судлаад байх юу байгаа юм. Өгье гэж байгаа бол энэ хотоор дүүрэн ашиглагдаагүй цоожтой хэвтэж байгаа орон сууцнаас хэдийг ч өгчихсөн бэлэн байна. Засгийн газрынхан нь худлаа хэлж заваараад байх юм. Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан яаж булайгаа чирэв дээ. Сонгуульд өөрөө өрсөлдөх болохоороо малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэчихээд өрсөлдөхөө болихоороо “худлаа хэлсэн юм аа, уучлал гуйя” гэж байдаг Засгийн газрын гишүүн байдаг юм уу. Тавдугаар сарын 1-нээс олгоно гэсэн 1072 хувьцааны ногдол ашиг хаана явна. Бүгд худлаа. Коронавирус дарагдсан хойно “байр өгөхөө больсон, молиго” гэж магадгүй л юм. Дан худлаа хэлсэн Засгийн газартаа олон түмний итгэх итгэл алдагдлаа шүү дээ. Эрх баригчдын тархинд масктай сонгууль, маапаантай наадам хоёр л уяатай явна. Болгоотугай.
Г.Жамьян
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч