УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд удаагүй байна. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ.
Эдгээрийн дотор Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуудал гээд томоохон хэргүүдтэй холбогдон шалгагдаж байсан С.Баярцогт УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймгаас дахин нэр дэвшиж байна. Гэхдээ Сэлэнгэчүүд түүнийг өмнөх шигээ найрсагаар хүлээн авсангүй. Учир нь түүний мөнгө санхүү, томоохон гэрээтэй холбоотой хэргүүд нь монголыг дэлхийд муухай харагдуулсан төдийгүй цаашлаад “гадны гар хөл” хэмээн нутгийнхан ихэд дургүйлхэж байгаа аж.
С.Баярцогтын эрх мэдлээ урвуулан ашиглаж хээл хахуульд холбогдсон асуудал 2013 оноос эхлэлтэй. Тодруулбал, 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны задалсан Панамын баримтуудаар Швейцарьт оффшор данс, компанитай нь илэрсэн. Тэр ч бүү хэл Швейцарын банкинд оффшор дансаа нуухын тулд Хятадын Монгол хэмээн бүртгүүлж байсныг монголын ард түмэн мартаагүй биз ээ.
Тухайн үед “Би найзтайгаа нийлж нэг сая ам.доллар босгож, Швейцарийн дансанд мөнгө хийсэн. Түүгээрээ хувьцааны бизнес хийх гэж байсан” гэх тайлбарыг өгч байв. Хамгийн гол нь 2009 оны 10-р сарын 27-ны энэ өдөр С.Баярцогтын оффшор бүс дахь “Credit Suisse AG” банкны дансанд нь их хэмжээний мөнгө орсон гэх бөгөөд энэ цаг хугацаа нь Оюу Толгойн гэрээг үзэглэсэн хугацаатай давхцдаг нь анхаарал татдаг. Тиймээс л түүнийг Оюу Толгойн гэрээнээс мөнгө олсон байж болзошгүй гэж харддаг юм.
Энэ мэт асуудал нь гүйцэт шийдэгдээгүй байхад нэр дэвшээд явж байгаа нь ёс зүй, ичих нүүр огтхон ч алга. Шуудхан хэлэхэд С.Баярцогтод одоо боль гэж хэлмээр байна. Залуучууддаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон. Тэрээр нас хэдий залуу ч улстөрд явсан замнал нь хөгшин. Гадаад орны банкинд хүний ой тоонд багтамгүй их мөнгө байршуулж, яаж эргэлдүүлэхээ л боддог, төрийн сэнтийг мөнгө шуудайлах талбар гээд ойлгосон С.Баярцогт мэтийн ийм хүмүүсийг дахин төрд гаргах хэрэггүй. УИХ-ын 2016 оны сонгуулиар Сэлэнгэчүүд С.Баярцогтод дүнгээ тавьсан. Харин энэ жил Сэлэнгэчүүд сонголтоо баталгаажуулж хэнийг төрд илгээхээ тунгаан бодох биз ээ.
Д.Сүрэн
Эх сурвалж: Unen.mn