Caakmedee

Г.Занданшатар: Шүүх нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдэл хийж байна

  • Улс төр / Мэдээ мэдээлэл
  • 2020/06/15


УИХ-ын гишүүн,УИХ-ын сонгуулийн  13-р тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг баривчлан саатуулсантай холбогдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэл гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж буй энэ түүхэн чухал цаг үед Улсын Их Хурлаас баталж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдсан үйлдэл гарсантай холбогдуулан парламентын засаглалтай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын парламентын тэргүүний хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Улсын Их Хурлын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьсон байна.
Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ талаар огт дуугараагүй, шүүх засаглалын зарчмаа хамгаалаагүй атлаа хуульд заасан бүрэн эрх нь хүчин төгөлдөр хэвээр байгаа Монгол Улсын Их Хурлын гишүүн, түүний дотор нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдэл хийж байгааг эрс буруушааж байна.
Шүүх, шүүгчдийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудыг ноцтой зөрчлөө.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан.
Тэгэхээр Ж.Эрдэнэбатын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хүчин төгөлдөр хэвээрээ байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” бол Улсын Их Хурал шийдвэрлэх талаар заасан.
Ийм нөхцөл Ж.Эрдэнэбатад үүсээгүй байна.
Мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж хуульчилсан.
Хуулийн энэ заалтыг илт зөрчиж Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.5-д иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглож, нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорих”-ыг хориглоно гэж 35.2.2-д тусгайлан заасан.
Ж.Эрдэнэбатыг цагдан хорихдоо Сонгуулийн ерөнхий хорооноос ямар ч зөвшөөрөл аваагүй байна.
Эдгээрээс харвал дээрх үйлдэл нь хуулийг уландаа гишгэж, хуулиас гадуур дураар авирласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон нь илэрхий байна.
Шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэхэд оршдог. Шүүгч зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлж шийдвэр гаргана гэж төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Гэтэл зарчмаа, тангаргаа илт зөрчсөн үйлдэл ийнхүү хийж байгаа нь хуулийг хулгайлах замаар төрийн эрх мэдэлд халдах санаархал, зөвхөн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар ажиллах зарчмаа худалдах ичгүүргүй оролдлого боллоо гэж үзэхээс өөр арга алга.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн 13-р тойргийн иргэдийн сонгох, Монгол Улсын иргэн Ж.Эрдэнэбатын сонгогдох эрх болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан эрхэд халдсан энэ бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг холбогдох шүүхийн байгууллага, шүүгчдээс шаардаж байна.
Төрд өөрийн элч төлөөлөгчийг сонгох замаар Монголын ард түмэн засаглах эрхээ эдлэхэд хэн ч, ямар ч байгууллага саад хийх ёсгүй. Саад хийхийг оролдсон, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглал, цаашилбал Монгол төрийн дархлаанд заналхийлсэн үйлдэл хэрхэвч байж таарахгүй.
Монгол Улсад шударга ёс тогтоох бидний тэмцэл тууштай үргэлжилнэ. Хараат бус, шударга, ёс зүйтэй шүүхийг төлөвшүүлэх зорилго энэ тэмцлийн нэг хэсэг байх болно. Энэ зорилго хойшлуулшгүй бөгөөд зайлшгүй чухал болсон гэдгийг дээрх үйлдэл харууллаа.
Үүнтэй холбогдуулан Монголын ард түмний эрхийг хулгайлж, хуульд халдах аливаа оролдлоготой хатуу тэмцэх болно гэдгээ үүгээр мэдэгдье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
2020 оны зургадугаар сарын 14-ний өдөр. Баянхонгор аймаг, Гурванбулаг сум
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу