Caakmedee

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг баривчлана

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/06/16
Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн Сайд, ЗГХЭГ-ийг дарга асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм. Гэвч шүүгдэгч Д.Ганболд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн,  Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан аж. Тиймээс шүүх  хуралдааныг энэ сарын 18-ныг хүртэл хойшлууллаа.
Мөн шүүхээс шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, “ Оюутолгойн” гэрээг  байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт  тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус арван тэрбум төгрөгийн барьцаа байршуулах арга хэмжээ болголоо.
Мөн шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, таван тэрбум төгрөгийн барьцаа гаргах, шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа  гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт АН-аас нэр дэвшигч Да.Ганболд нарыг тун удахгүй дайчлан баривчилж, албадан саатуулах нь тодорхой болсон тухай эх сурвалж өгүүллээ. 

М.Чой
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу