Caakmedee

С.Эрдэнэ дарга аа, намын даргын суудлаа Р.Амаржаргалд өгчихвөл итгэе

  • Улс төр
  • 2020/06/16
Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдэл өчигдрийн хамгийн онцлох үйл явдал байлаа. Тэрээр хэрвээ АН олонхи болсон тохиолдолд Ренчиннямын Амаржаргалыг ерөнхий сайдад нэр дэвшүүлж, ажиллуулах нь зүйтэй хэмээн шийдсэн талаараа мэдэгдэх нь тэр. Гэтэл түүний хажууд зогсож байсан Р.Амаржаргал огло үсрэх нь холгүй давхийтэл цочин хүлээж авч байгаа харагдсан. 
Тэрбээр "Энэ мэдээг сая л сонслоо. Ардчилсан намаас хүлээлгэж байгаа итгэлийг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Энэ бол Ардчилсан нам, мянга мянган гишүүн, түүгээр дамжуулан ард түмний зүгээс надад оногдуулж байгаа үүрэг, хариуцлага гэж харж байна" хэмээн ярьсаныг бодоход, С.Эрдэнэ үнэхээр л түүнд хэлээгүй, хэвлэлийн хурлын үеэр цочтол нь гэнэтийн бэлэг барьсан бололтой юм. 
АН С.Эрдэнэтэйгээ цааш сонгуульд оролцвол "дуусна" гэдгээ мэдэрсэн. Үнэндээ С.Эрдэнэ Ардчилсан нам сонгуульд ялагдах хамгийн том шалтгаан гэж хэлж болно. АН-ын үнэнч сонгогчид хүртэл С.Эрдэнийг Ерөнхий сайд болгосноос өөр хүн байсан дээр хэмээж, намаасаа "урвах" хандлага гаргаж эхэлсэн. Тиймээс ч С.Эрдэнэ дарга үүнийгээ ухаарч, өөрийгөө Ерөнхий сайд хийж чадахгүй, болохгүй хүн гэдгийг баталж байгаа юм шиг дээрх шийдвэрийг гаргасан нь бас л зоригтой алхам байлаа. 
Р.Амаржаргалын хувьд мэдээж мундаг эдийн засагч, улс эх оронд хэрэгтэй хүн нь үнэн. С.Эрдэнийн дэргэд нэр хүнд сайтай улстөрч нь мэдээж. Өмнө нь Ерөнхий сайдын албыг хашиж байсан  энэ хүн 2013 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Гэвч парламентын олонх нь түүнийг явуулахгүй гэж шийдвэрлэж байсан.  Гэтэл дахиад нэр дэвшиж байгаагаас нь харахад, туйлбаргүй, эргэж буцсан, тухайн үед зүгээр л "попорсон" юм уу гэж харагдах. 
АН-ын дарга С.Эрдэнэ алаагүй баавгайн арьсыг булаацалдаж, Ванга шиг зөгнөж, ирээдүйн Ерөнхий сайдаа зарласнаас гадна мөн л ирээдүйн Засгийн Газрын бүрэлдэхүүнээ энэ долоо хоногт багтааж зарлана гэх нь тэр. Өөрөөр хэлбэл, та бид сонгууль болохоос өмнө Засгийн газрынхаа гишүүдийг мэдэх боломжтой болох нь ээ. Гэхдээ АН ялалт байгуулсан тохиолдолд шүү дээ. Ингээд бодохоор АН ёстой л үхэхдээ үхэр буугаа тавьж байна. 
Уг нь сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог бичигдээгүй хууль бий. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 39.2-т "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" гэж заажээ. Тэгэхээр АН-аас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар ажиллуулна гэсэн нь хуульзүйн хувьд боломжтой. 
Эцэст нь Сонгуулийн дараа АН ялалт байгууллаа гэж бодоход, С.Эрдэнэ "ван" шийдвэрээсээ ухрах юм биш биз гэх хардлага байна. Хэрвээ үнэхээр намдаа ялалт хүсч байвал намын даргын ажлаа Р.Амаржаргалд өгчих. Тэгвэл итгэе гэх хэсэг ч байна. Цаг хугацаанд бүхнийг даатгая. Таны сонголт мэргэн байг ээ.     

Б.Бурмаа
Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу