Caakmedee

Ардчилсан намын “Алаагүй баавгайн арьс хуваах” увайгүй үйлдлүүд хэрээс хэтэрлээ

  • Улс төр
  • 2020/06/20
Р.Амаржаргал нэр дэвшигчийн гаргасан мэдэгдлийг үзээд энэ сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн хүчнүүдээс хамгийн увайгүй арга хэрэглэж байгаа нь Ардчилсан нам юм байна гэдэгт бүрэн итгэлээ. Яагаад ингэж дүгнэх болов оо гэдгээ бичье. 
1.Сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайд болдгийг алгасан Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэдэг мэдэгдлийг С.Эрдэнэ дарга нь хийсэн. Энэ бол юуны түрүүнд С.Эрдэнэ болоод Ардчилсан намын нэр хүнд муу байгааг харуулсан бөгөөд намынхаа нэр хүндийг өсгөх оролдлого гэдэг нь ойлгомжтой байсан юм. Гэхдээ биелэхгүй байх магадлалтай. Сонгуулийн дараа С.Эрдэнэ хуулийн дагуу эрхээ эдэлье гээд Ерөнхий сайд болох бүрэн боломжтой. Нөгөө талаар, Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад дэвшүүлэх санаачилга АН-ын бүх гишүүдийн санаа биш, явцуу хүрээнд гарсан санаа. Р.Амаржаргалыг ёсчильё гээд их хурал зарлавал бусад нь эсэргүүцэх магадлал өндөр. Тохироо хийж, өөрөөр хэлбэл “бялуу хувааж” байж л Р.Амаржаргал намын дарга болох байх.
2.С.Эрдэнэ улмаар “МУ-ын Засгийн газрын сайд нарт хэн, хэнийг ажиллуулахыг  зарлана” гэсэн нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого мэт боловч үнэндээ бол цаанаа хардлага дагуулсан маш ёс зүйгүй үйлдэл юм. Учир юун гэвээс, “Нэр дэвших гишүүдээсээ дэнчин авч байсан юм чинь Засгийн газарт сайд болох хүмүүсээ бас энэ жишгээрээ урьдчилаад тодруулчихсан юм биш биз” гэсэн хардалт үүсэх нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. 
3.Монгол Улсын сонгуулийн тухай хуульд 48.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;-ыг хориглоно гэсэн заалт байгаа. Харин Р.Амаржаргал энэ заалтыг зөрчиж, 100 хоногт авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэгчийг нэрлээд түүндээ бодлогын чанартай, өөрөө өмнө нь хэлж байснаа үгүйсгэсэн ажлуудыг оруулсан байна. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн хувийг ард түмэнд өгнө гэжээ. Тэрээр өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн талаар ”Гадна байсан юмыг оруулаад ирсэн хувийн хэвшлээрээ оролдож огт болохгүй” гэж ярьж байсан, гэр бүлээрээ ХХБ-тай холбогдчихсон хүн шүү дээ. Түүний энэ мэдэгдэл нэг бол ой санамж муутай гэдгийг нь харуулна, эс бол худал ярьж байгааг харуулна.Ер нь бол боловсруулсан дүрмээсээ ухран өөр хүнийг нэр дэвшүүлэх, ялаагүй байж урьдчилсан Монгол төрийн албан тушаалыг намдаа хуваарилах, бүр байчихаад 100 хоногийн гэрийн даалгавар авах зэрэг нь энэ намын нэр хүнд олон нийтийн дунд маш муу байгааг л харуулах юм.
Сонгуульд намууд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг. Ардчилсан намын тогтоох гээд байгаа жишгээр бол одоо У.Хүрэслсүх гарч ирээд Р.Амаржаргалын 100 хоногийн 10 заалт тус бүр дээр нь давуулсан заалт хэлж болох юм байна. Гэвч тэгэхгүй байх л даа. Сонгууль өөрийн гэсэн дүрэмтэй ёс зүйтэй байх ёстой. 
Ер нь Ардчилсан намын нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийнхөө талаар тодорхой мэдээлэлгүй, иргэд юу хүсч байгааг нь амлах зарчмаар явах байдал ажиглагдаж байна. Тухайлбал, СХД-т нэр дэвшигч Б.Пунсалмаа “Гудамж бүрийн үзүүрт худаг барьж өгнө” гэж амлаад, дараа нь “Хашаа болгонд цорго хүргэнэ” болгож өөрчилснийг дурдаж болно. Сонгуульд орж байгаа улс төрийн хүчин бүр л ялахыг эрмэлздэг. Гэвч сурталчилгааны хугацаанд иргэдийн санал хүсэлт дээр тоглож, элдэв амлалт өгдөг энэ байдал Монголыг лав сайн юманд хүргэхгүй л болов уу.  

Х.Батсайхан
Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу