Caakmedee

Солонгост гурван байртай сайдыг эрэн сурвалжилна

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/07/27
Монголын шүүх АНУ-д долоон хаустай экс Ерөнхий сайдын хэргийг  өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж дуусав. Үргэлжлүүлээд Солонгосын Ганнам дүүрэгт гурван байртай бас нэг сайд хэл ам таталснаар энэ  долоо хоног эхэлж байна. Ерөнхий сайд С.Баярын хувьд шүүхийн шийдвэр нэгэнт гарч хөрөнгийг нь хураахаар болсон. Харин Солонгосын баячуудын хороололд гурван байртай сайд хэн бэ. Сая шинээр томилогдсон уу, өмнө нь сайдаар ажиллаж байсан нэгэн үү. Хэрэв шинэ сайд бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн, эсэх. Эх сурвалж нь юу болох  талаар   эрэл сурал өрнөж  байна. Хэн болох нь удахгүй тодорхой болох биз ээ. 
 
Ч.САЙХАНБИЛЭГ ЗАХИДАЛ ИРҮҮЛЭВ 
 
Өнгөрсөн долоо хоногт анхаарал татсан бас нэг үйл явдал нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захидал байв. С.Баярын хэргээс тусгаарлан Сангийн сайд асан С.Баярцогтод 10, “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан  Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт дөрвөн  жил, Б.Ариунсанд 1.6 жилийн хорих ял оноосны дараа тэрээр  Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан захидал илгээсэн юм. Тэрээр шүүхийн танхимд өрнөж буй үйл явцыг Ерөнхийлөгчтэй холбож  үзэж байгаа аж. Үүнийгээ уг захидалдаа   “Зэвүү, дургүй хоёр зэрэг хүрч байна”  хэмээн илэрхийлжээ.  

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг шүүж, түүнд гурван жилийн хорих ял өгсөн шүүх хурал ч гэсэн араасаа олон асуулт дагуулж байна. Тодорхой хариултыг өгөх субьект нь  УЕПГ бөгөөд энэ долоо хоногт тодорхой болох болов уу гэсэн хүлээлт үүсчээ. 

Олны анхаарлыг татаж буй  “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай холбоотой 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” компаниас  залилж  авсан гэх  хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт  товлогдсон  ч өмгөөлөгч нь эмчийн магадлалаар чөлөө авсан тул ирэх сарын 5-ны 13:30 цаг хүртэл хойшлууллаа. Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд холбогдох БНХАУ-ын компаниас  24 сая төгрөгийн авлига авсан   хэргийг  хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн түүнд  долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг нь  таван жилээр хасахаар шийдвэрлэжээ. 
 
Ш.БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ 
 

Нийслэлийн прокуро­рын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох Английн Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан  гэх гэмт  хэргийг  өнгөрсөн баасан гаригт шүүхэд шилжүүллээ. 

 Ш.Батхүүг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн  нэгдүгээр хэсэгт   заасан /Залилах/, мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн нэг дэх, хоёрдугаар  хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн нэг  дэх хэсэг / Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэг /Мөнгө угаах/ гэмт хэрэгт буруутгаж буй юм.
 
Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан  Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн нэг  дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн нэг  дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Хуу­лийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. 
 
Г.АЛТЖИН ХҮҮ Э.СҮРЭНГИЙН ХАМТ ШҮҮГДЭХ ҮҮ 
 
“Жаст”-ын Ш.Батхүү нарын хэрэгт холбогдуулан “Алтжин групп”-ийн ерөнхий захирал Г.Алтжин, түүний хүү Э.Сүрэн нарыг яллах дүгнэлтийг Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн нь олон нийтийн  анхаарлыг татаж байна. 

 Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн нэг  дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /Залилах/ гэмт хэрэгт,
Хүү Э.Сүрэнг  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлтийг Нийслэлийн прокурорын газраас   ирүүлжээ. 
Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд  нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр шийдвэрлэжээ. 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу