Caakmedee

Танилц: Да.Ганболдын шүүхэд өгсөн мэдэгдэл бүрэн эхээрээ...

  • Улс төр / Мэдээ мэдээлэл
  • 2020/07/27

Да.Ганболдын Шүүхэд бичгээр өгсөн мэдэгдлийг хүргэж байна. 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Эрхэм шүүгч, прокурорууд болон энэ танхимд байгаа Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор Да.Ганболд надад ‘’бэлэг’’ барьж байгаа мэт хэрэг үүсгэн АТГ-аас дуудсан.
Улмаар гуравдугаар сарын 4-ний өдөр (Лхагва гараг) яллах дүгнэлт танилцуулж, гайхалтай нь гуравдугаар сарын 5-ны өдөр (Пүрэв гараг) яллах дүгнэлтээ өөрчилсөн байсан.
Юу болов, яав гэж хэлэх завдал ч өгөлгүй гуравдугаар сарын 9-ний өдөр (Даваа гараг) шүүх рүү уг яллах дүгнэлтээ шилжүүлсэн үйл явдал болсон. Миний хувьд хэргийн материалтай танилцах, элдэв баримт нотолгоо цуглуулж өөрийгөө хамгаалж, өмгөөлөх бололцоо боломж албаар шахуу олгоогүй гэмээр, маш бага байсныг дурдах нь зүйтэй байх. Надаас ганц удаа л байцаалт авсан төдийгүй уг байцаалтын явцад Засгийн газраас гарсан захирамж тогтоолын тухай л зөвхөн асуусан.
Миний бие 460 гаруй хавтастай яллах дүгнэлтийг уншаад яг ямар гэмт хэрэг үйлдсэнээ ойлгох боломжгүй байсан юм.
Шалгах явцад бүр төгсгөлийн шатанд намайг гэнэт энэ хэргийн оролцогчоор татсан бололтой. Миний нэр нилээн хойгуур орж ирж байгаа бөгөөд хэрэгтэй танилцаж уншихад надад шууд хамааралгүй зүйлстэй “хүчээр” нэгтгэсэн мэт байсан. Урьд өмнө нь дэлгэрэнгүй өөрийнхөө тухай яриагүй тул энэхүү боломжийг ашиглаад дурьдах хэрэгтэй гэж бодож байна. Товч намтраа хавсаргав.
Да.Ганболд миний бие эдийн засгийн ухааны доктор, гавьяат эдийн засагч хүн. Олон жилийн хөдөлмөр эрхлэх хугацаандаа боловсролын салбар, статистик нягтлан бодох бүртгэл, санхүү, төмөр замын тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан түүхтэй. Би бээр 1990 онд Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Монгол Улсын одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг боловсруулах ажилд гар бие оролцож, зах зээлийн эдийн засаг руу шилжих гол хуулиудыг санаачилсан юм.
Миний бие өмч хувьчлал, үнэ чөлөөлөх, гадаадад зорчих эрх, орон сууцны хувьчлал, банкны системийн шинэчлэл (2 шатлалтай болгох) зэрэг Монгол улсын ирээдүйн хөгжлийн үндэс суурийг тавьж, хөгжлийг шийдэхэд ач холбогдолтой ажлуудыг санаачилж, гар бие оролцож ирсэн нэгэн.
Монгол Улсыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагуудын гишүүн болгох, өндөр хөгжилтэй улс орнуудын Монголын хөгжлийг дэмжих хандивлагчдын анхны томоохон олон улсын хурлуудыг Япон ба Монгол улсдаа гардан зохион байгуулж байсан. Ардчилсан намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Монгол Улсдаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг бий болгож, энэ бүхний төлөө сэтгэл зүрхээ зориулан өнгөрсөн 30 жилийн турш ажилласан.
Ийнхүү системийн шилжилт бүхий томоохон шийдвэрүүдийг гаргахад оролцож явсан минь хүссэн хүсээгүй байнгын туйлшрал, өөр өөр байр суурь, үзэл баримтлалын мөргөлдөөнтэй учрах шалтгаан болж ирсэн.
Улс төрийн дийлэнх ажил, түүнээс гарч буй шийдвэрүүд нь үзэл санаа, үзэл баримтлалын зөрчилдөөнийг бий болгож, үүнтэй холбоотой төрөл бүрийн асуудлуудыг үүсгэдэг бөгөөд энэ процесс нь өөрөө олон тохиолдолд нэр хүндэд халтай байдаг нь нууц биш. Ийм ажил хийж байсан хүмүүс элдэв хэл аманд өртдөг, удаан жилийн туршид яриа маргааны эзэн, сэдэв болдог хэдий ч үнэн мөнийг эцэстээ түүх тогтоодог жамтай.
Харин үзэл бодол, итгэл үнэмшил хоёрыг эрүүгийн хуулиар шүүж дүгнэдэггүй. Шүүж дүгнэх ч ёсгүй.
Өнөөдөр Монгол улс социализмаас капиталист нийгэм рүү бүрэн шилжиж дуусаагүй байна гэж би үздэг. Миний бие социалист болон капиталист нийгмийн оргил үед амьдарч байсан хүний хувьд Монгол улсын шилжилтийн процесс сүүлийн гучин жилийн турш өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа төдийгүй уг процесс дуусах болоогүй гэж дүгнэдэг.
Үүний тод жишээ нь олон барааны үнэ, тэр дотроо эрчим хүчний үнийг одоо болтол бүрэн чөлөөлөөгүй байгаа явдал, үүнээс үүдэлтэй Монголын эрчим хүчний салбарт дутмаг хийгдэж буй шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудал, мөн өмч хувьчлал гүйцэд хийгдэж дуусаагүй буюу хэрэгт хэрэггүй салбарт төрийн оролцоо байсаар байгаа явдлуудыг нэрлэж болно.
Энэ бүх шилжилт Монголын хөгжлийн салшгүй нэг хэсэг гэж би итгэдэг.
Би хувь хүнийхээ өнцгөөс социализмыг буруу, мухар зам гэж боддог бөгөөд Монгол улс ардчилсан тогтолцоо руу шилжихээс өмнөх 70 жилийн хугацаанд хувийн өмч, хүний үг хэлэх эрх чөлөө, гадаад дотоод руу зорчих эрх чөлөө, хувь хүний сонголтыг улс төрийн системийн хувьд хааж боож, үзэл бодол нийлэхгүй хүмүүсийг шийтгэдэг байсан явдал нь миний үзэл санааны хувьд үл тэвчиж болох зарчимууд байсан. Социалист систем буруу байсныг өнөөдөр түүх гэрчилнэ.
Тэглээ гээд энэхүү социалист тогтолцоо, социалист үзэл баримтлал, тухайн үед улс төр, засгийн газрыг удирдаж байсан хүмүүсийг улс төрийн хувьд буруу байсан, буруу шийдвэрээр улс орноо удирдаж байсан гэж хэлж болох боловч социалист тогтолцоо, түүнд холбогдох шийдвэр гаргаж байсан хүмүүсийг үзэл баримтлалынх нь төлөө эрүүгийн хуулиар шүүж болохгүй.
Нэг системээс нөгөө систем рүү том шилжилтийг хийж байсан, одоо ч хийж байгаа үед байр суурь, үзэл баримтлалынхаа төлөө зөрчилдөх нь байдаг, энгийн, жамын л үйл явдал.
Харамсалтай нь энэ бүхнийг өнөөдөр ч гэсэн зөвөөр ойлгох хүн гэж байна, ойлгохгүй хүн гэж байна, хуучин арга барил, үзэл суртлаар хандах хүн ч гэж байна. Ийнхүү үзэл санаа, байр суурийн зөрүүг эрүүгийн хуулийн шалгуураар шийдэх гэж байгаа нь хачирхал төрүүлнэ.
Мега төсөл гэдэг ойлголтыг энэ хурал дээр товчхон тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна.
Монгол улс гурван сая хүн амтай. Өмнө нь 1990 оны эхэнд нэг хүнд ногдох ДНБ нь 500 ам. доллар орчим байсан бол эдийн засгийн одоогийн өсөлттэй үед 3,000-5,000 ам. доллар хүртэл нэмэгдсэн. Энэ нь “Оюу толгой” гэх Монголд хэрэгжиж буй мега төслийн шууд үр дагавар байсан юм.
Үүнийг зөв ойлгохын тулд 40 жилийн өмнө Монголд хэрэгжиж эхэлсэн бас нэг том мега төслийн талаар ярих хэрэгтэй бөгөөд энэ төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл Монголчууд бид үр шимийг нь хүртэж яваа. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэр юм. Эхэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 50 хувь нь Монгол улсын, 50 хувь нь Зөвлөлт Холбоот улсын өмч байсан.
Да.Ганболд миний бие 1991 онд Монгол талын 50 хувийг 51 болгоход гар бие оролцож улмаар Монгол улсыгаа давуу эрхтэй болгож чадсан байдаг, үүгээрээ ч их бахархдаг.
Хожим хойно 2016 онд Оросын 49% нь Монголын талд шилжиж, өнөөдөр “Эрдэнэт” 100% Монголын өмч болсон. Дараа дараагийн миний хэрэгжүүлсэн том төслүүдийн нэг нь Төмөр замын хэрэг эрхлэх газарт ажиллаж байх үедээ Америкийн Нэгдсэн улсаас “Мянганы сорилтын сан”-гийн 140 гаруй сая ам. долларын буцалтгүй тусламжаар олгох хөрөнгө оруулалтыг шийдүүлж, төмөр замын шинэчлэлийг хийх төслийг батлуулж чадсан явдал юм.
Харамсалтай нь энэхүү төслийг хэрэгжүүлэхийг “УБТЗ” дахь Оросын талын хувьцаа эзэмшигч нар зөвшөөрөөгүй юм. Учир нь “Улаанбаатар төмөр зам” компанийн тэн хагас буюу 50 хувь нь Оросын эзэмшилд байдаг, өнөөдөр ч байгааг Та бүхэн мэднэ. Ийм учраас Монгол улс төмөр замынхаа салбарт өөрөө бие даан ямар ч том хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл хийх боломж өнөөдрийг хүртэл байхгүй. Гэхдээ энэ согогийг (эхлэл нь 1949 онд тэр үеийн нөхцөл байдалд тохируулан тавьсан байдаг) эрүүгийн хуулиар шийдэж болохгүй нь лавтай.
Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар Монгол улсад нэг ч том төсөл хэрэгжиж чадаагүй байна. Энэ бол бодлогын алдаа. Миний бие эрчим хүчний салбарыг сонирхлынхоо хүрээнд олон жил судалж ирсэн.
Нэг гадны жишээг дурдъя. ОХУ-ын нефтийн экспорт нь эдийн засгийнх нь томоохон хөдөлгүүр билээ. Гэтэл саяхан нефтийн салбарын удирдлагын эргэлзээтэй шийдвэр, геополитикийн хүчин зүйлээс шалтгаалж нефтийн үнэ эрс унаж, зарим үед 0 ам. доллар болж ОХУ томоохон хохирол амссаж байна. Ийм зүйл болсон хэдий ч шийдвэр гаргасан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэдэггүй гэдгийг бид нар харж байна.
Холын үр дагавартай, макро эдийн засгийн гэж тооцогдох шийдвэрийг хоёр өөр байдлаар шийдсэний хоёр ондоо үр дагавар гарсны нэгэн жишээг би энд зориуд дурсъя. “Оюу толгой”-н “Хөрөнгө оруулалт”-ын гэрээний 7-р бүлэгт “Хөрөнгө оруулагч нь эхний хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний хүрээнд (ТЕЗҮ-г үзэх) цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэх”-ээр тусгасан байдаг.
Энэ нь ойролцоогоор 2013 онд (ил уурхай ба баяжуулах үйлдвэр ашиглалтад орох үед) цахилгаан станц мөн ажиллаж эхэлнэ гэсэн үг байв. Гэвч Монголын Засгийн газар энэ асуудлыг өөрөө шийднэ хэмээн “Рио Тинто”-гоор бариулаагүй бөгөөд эцэст нь өөрөө ч бариагүйг бид мэднэ.
2010 оноос өнөөдрийг хүртэлх өнгөрсөн 10 жилийн хугацаанд санамж бичиг, гэрээ, ТЭЗҮ, шав тавих ёслол гэх мэтийг хэд хэдэн удаа үйлдсэн боловч одоо юу ч эхлээгүй яг 0 цэг дээрээ хэвээрээ байсаар л байна. Гэтэл энэ хугацаанд (2013 онд “Оюу толгой” төсөл хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн цагаас хойшхи 7 жилийн хугацаанд) Монгол улс жил бүр 1 тэрбумаас илүү квт/ц эрчим хүчийг Хятад улсаас 150-170 сая ам.доллараар импортлон авч байна.
Өнгөрсөн 7 жилд нийтдээ 1 тэрбумаас илүү ам. долларыг Хятад улсад зөвхөн эрчим хүч худалдаж авсан зардалд төлжээ. Энэ нь тухайн он, жилүүдийн өртөгт шилжүүлэн тооцвол 300-400 мвт-ын хүчин чадалтай 2 (хоёр) цахилгаан станц барих хэмжээний мөнгийг “алдсан” гэсэн үг. Цахилгаан станцыг барих нь тийм ч хүндрэлтэй, шийдэгдэшгүй асуудал уг нь биш.
Хятад улсаас 1квт/ц эрчим хүчийг 8.5 центээр авч байгаа бол Монгол цахилгаан станцаас ойролцоогоор 7 цент, түүнээс багаар ч авах бололцоо байх байсан ба жил бүрийн үйлдвэрлэлийн зардлаас л гэхэд нийтдээ бараг 300 орчим сая ам.доллар хэмнэх бололцоог бид, Монгол улс, буруу шийдвэрийн хүрээнд алдсан юм.
Мөн үүнээс гадна хэрэв бид анхны төлөвлөгөөний дагуу өөрсдөө, эсхүл “Рио Тинто”-гоор цахилгаан станц бариулсан бол Монголын цахилгаан станц жил бүр 700 гаруй сая ам.долларын борлуулалтыг “Оюу толгой” ХХК-иас хийх бололцоог алдахгүй байх байсан гэсэн үг юм.
Бас энэхүү станц баригдсан бол барилгын ажилд оролцсон олон Монгол компаниудын дагалдах нэмэлт орлого, ногдох ашиг, гаалийн болон нэмүү өртөгийн татварууд, олон зуун ажиллагсдын цалин орлого, шимтгэл бүтэн 7 жилийн станцын үйл ажиллагаатай холбогдох бусад ажиллагаа (тухайлбал нүүрс олборлох, тээвэрлэх, засвар үйлчилгээ гэх мэт) Монгол улсад ач тусаа өгөх, улс нийгмийн хөгжлийг хурдасгах боломжийг бүрдүүлэх байсан. Энэ бүгд алдагдсан. Энэ тооцоо бол хийсвэр тоо, эсхүл ямар нэгэн санхүүгийн тооцоо, зүгээр л нэг модель биш харин маш бодитой нэгэнт учирсан бодит хохирол, алдагдсан боломж, бололцоо юм.
Яг маргаашаас цахилгаан станцын барилгын ажил эхэллээ гэж бодоход 3-4 жилийн дараа дуусна. Энэхүү алдагдсан боломж нь дахиад 3-4 жил Монгол улсын алдагдлыг нэмэгдүүлнэ (дахин 600-700 сая ам. доллар). Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлээд дараагийн 3-4 жилийн хугацаанд баталгаатайгаар энэ хэмжээний мөнгийг нэмж алдахаар байгаа юм. Гэвч Монгол улсад мэдээжийн (илт) хохиролтой энэхүү нөхцөл байдлын (эс үйлдэхүйн) төлөө хэн ч эрүүгийн хариуцлага хүлээхгүй байгаа биз?
Одоо надад тулгаж буй эрүүгийн гэмт хэргийн тухай ярья.
Гэмт хэрэг гэж ер нь юу вэ? Ямарваа нэгэн гэмт хэрэгт сэдэл гэж бий, зорилго гэж бий. Гэмт хэргийг мөрдөн илчилж тогтооход сэжигтэнг сайтар судалсан байх естой. Зан авир, сонирхол, туулсан зам, өмнө нь хийж гийгүүлсэн ажил үйлс, эцэст нь сэдэл, зорилго, зорилгодоо хүрэх арга зам, хэлхээ сүлбээ г.м. Миний биетэй холбоотой ямар нэгэн сэдэл, өөртөө ашиг хонжоо олох гэсэн санаархал, хорон санаа зорилго илэрсэн тухай энэхүү яллах дүгнэлтэнд юу ч алга. Үүнээс гадна биднийг бүлэглэл мэтээр буруутгаж байгаа гэхээр бидний эцсийн санаа зорилго яг юу байсан болж таарах вэ?
Тэр зорилго санаа нь хаана яаж нотлогдоод байна вэ? гэх асуултууд өөрийн эрхгүй урган гарч ирж байна. Намайг өнгөрсөн хоёр жилийн турш тагнаж, мөрдөж, миний болон миний найз нарыг ажиглаж, данс санхүү шалгах ажиллагаа явсан байсан. Уг шалгалтын үр дүнд миний бие энэхүү төсөлд ажилласнаараа нэг ширхэг зоос ч хувьдаа завшин аваагүй гэдэг нь харин тодорхой болсон юм.
Миний бие “Оюу толгой” төслийн Монгол талын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Засгийн газраас 2013 оны 9 сард томилогдсон. Энэ үед Ерөнхий сайдын үүргийг Н.Алтанхуяаг хашиж байсан. Тухайн үед “Оюу толгой” төсөл ямар нөхцөл байдалд байсан талаар бид эргэн санах хэрэгтэй.
2009 онд хөрөнгө оруулагч ба Монголын Засгийн газар дундаа “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээ (ХөОГ) байгуулж төсөл нь амжилттай эхэлсэн боловч эхний хөрөнгө оруулалт нь ТЭЗҮ-д заасан хэмжээнээсээ хэтэрч, татварын маргаан үүсч сүүлийн хоёр жилийн хугацаанд төслийн ажил зогсонги байдалд орсон байв.
Монголдоо өндөрт тооцогддог цалинтай, олон зуун хүмүүс ажлаасаа халагдаж, гэрээт ажил, бизнес эрхэлдэг хэдэн зуун компанийн хэдэн мянган хүмүүсийн орлого хаагдаж, улсын төсөвт ордог байсан олон тэрбум төгрөгийн орлого зогсож, улс орны эдийн засаг санхүүгийн туйлын хүнд хэцүү, хямралын байдалд байсан юм. Төсвийн тэнцвэр алдагдсан байсан.
Нийгмийн уур амьсгал ч мөн адил тогтворгүй, хэтэрхий улс төржсөн байдал руу гулгаж ороход үндсэндээ бэлэн байв. Нийгэм – эдийн засгийн дорвитой, зоримог, далайцтай шийдэл дутагдаж байсан үе.
Ийм хүнд хэцүү үед миний бие “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан юм. Миний бие энэхүү ажилд томилогдоод уг төсөл цаашаа явахгүй байгаа гацаа нь яг юундаа байна гэдгийг ойлгож мэдэхийг юуны түрүүнд зорьсон. Хөрөнгө оруулагч талтай хэд хэдэн удаагийн уулзалт хурлуудыг хоёр талаасаа өргөн бүрэлдэхүүнтэй хийсний эцэст шийдвэрлэх зохих асуудлуудын жагсаалт гаргасан.
Нийтдээ хоёр талаасаа 20 гаруй асуудлыг жагсаасан. Улмаар бараг хагас жил гаруй хугацаанд эрчимтэй хэлэлцээр хийсний эхний үр дүнд дийлэнх асуудлыг шийдвэрлэх бололцоотой гэж тохиролцоод, шийдвэрлэх зарчим, арга замаа тодорхойлох хэмжээнд хүрсэн юм. Харин цөөхөн хэдэн зарчмын ач холбогдолтой асуудал үлдсэн байв. Энд юуны түрүүнд дээр хэлсэнчлэн 2010, 2011 оны үед анхны хөрөнгө оруулалт хийх үед зардал нь ТЭЗҮ-д туссан тоо дүнгээс хэтэрсэн асуудал байв. Үүнээс болоод Сангийн яам “Оюу толгой” компанийн санхүүгийн тайланг (дүрмээ зөрчин) 3 жил дараалан хүлээж аваагүй байдлаас үүссэн маргаан байв.
Хоёрт, 2009 оны “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээгээр (Монгол Улсын Их Хурлаар шийдвэрлэгдэж батлагдсан) тогтворжуулсан байсан татварын орчинг, манай татварын зарим байцаагчид янз бүрийн шалтгаанаар үл зөвшөөрч өндөр дүнтэй татварын акт тавьснаар “Оюу толгой” компани – Татварын Ерөнхий газрын хооронд зөрчил үүссэн
явдал байв.
Мөн чанартаа миний бие ажилд томилогдохоос өмнөх 2 жил, улмаар миний өөрийн ажил хашиж байх үеийн 3 жил, мөн түүнчлэн “Дубайн Төлөвлөгөө” зурагдаж асуудал шийдвэрлэгдсэн цагаас хойшхи 5 жил, нийтдээ 10 жил үргэлжилж буй яриа хэл ам, улс төржилтийн гол сэдэв бол дээрх хоёр асуудал л юм. Тийм ч учраас энэ хоёр асуудлыг үнэн зөв гэрээ хэлцэл болон Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдэж чадвал “Оюу толгой”-н төсөл цааш явах юм байна гэдэг хатуу ойлголтонд би, болон манай баг хүрсэн юм.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захиралаар ажиллах хугацаандаа бусад бүх асуудлыг шийдэхийн хажуугаар дээрх хоёр гол ач холбогдолтой асуудал дээрээ төвлөрөх нь миний гол зорилт байв.
Онцолж хэлэхэд энэ хоёр асуудлын алийг нь ч би болон миний удирдаж байсан “Эрдэнэс Оюу Толгой” ХХК дангаараа шийдэх бололцоогүй бөгөөд гол төлөв өөр байгууллага, зөвлөл, агентлагуудын, олон хүмүүсийн оролцоотойгоор шийдвэрлэгдэх асуудлууд байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл зардлын хэтрэлттэй холбоотой 1-р асуудлын хувьд Уул Уурхайн яам, түүний дэргэд ажилладаг Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл (ЭМБЗ), Сангийн яам, түүний харьяа байгууллага, мэргэжилтнүүдийн бие дааж шийдэх асуудал байсан гэсэн үг.
Олон сар, тухайлбал бараг жил гаруй ажиллаж, олон удаагийн хурал, зөвөлгөөн, асуулт хариулт, “Оюу толгой” компаниас мэдээ, тайлбар, нотолгоо авч санал солилцсоны эцэст холбогдох мэргэжилтнүүд гадаад дотоодын хэд хэдэн аудитын дүнг харьцуулан хэлэлцсэний үр дүнд тодорхой шийдвэрт хүрч улмаар 2015 оны 04-р сарын 13-ны Засгийн газрын хуралдаанд зардлын хэтрэлтийн асуудлыг хэлэлцүүлж шийдвэр гаргасан байдаг. Асуудлыг Засгийн газрын гишүүн Жигжид сайд тухайн үед оруулсан.
Энэ тухай мэдээлэл эрх биш хавтаст хэрэгт байгаа гэж найдаж байна. Энэхүү гаргасан шийдвэр нь маш олон хүний, олон хоног, сарын ажлын үр дүн болохоос биш цөөн хүмүүс нууцаар хуйвалдаж гаргаагүйг онцлон дурдъя. Энэ шийдвэр нь Монгол Улсын Засгийн газраар хэлэлцэгдэж, зохих шийдвэр нь болж гарснаар “Дубайн Төлөвлөгөө” зурагдах нэгэн гацаа тайлагдсан юм. Хоёр дахь хэцүү хүнд асуудлын нэг нь татварын холбогдолтой багц асуудал байв. Маш өндөр дүнтэй татварын акт тавьснаар энэ маргаан эхэлсэн боловч, өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэд хэдэн шүүх хурал болж, улмаар 1 удаа Татварын Маргаан Таслах Зөвлөлийн хурал болж асуудлыг эвлэрлээр шийдэж, өдгөө 2013-2015 оны татварын маргааны асуудлыг “Оюу толгой” ХХК Лондон дахь Олон Улсын Арбитрын шүүхэд өгөөд байгаа юм байна.
Энэ асуудлын учрыг олохын тулд 2014 оны дундуур Монгол улсын Татварын ерөнхий газрын хэсэг байцаагчдыг “Оюу толгой” ХХК-ийн санхүү бүртгэлийн албаны хүмүүстэй уулзуулж харилцан ойлголцох, асуудлыг хоёр талаасаа зөв шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх боломжийг хайж зохион байгуулсан билээ. Уулзалтын протокол “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д байх ёстой.
Эхний ээлжинд хамгийн том дүнтэй хамгийн их хэл амтай байгаа 10 том зөрчлийг хэлэлцье гэж тохирсон. Эхний асуудал дээр л манай байцаагчид өөр хоорондоо маргалдаж уг асуудлаар нэгдмэл ойлголт манай талын оролцогч нарын дунд байхгүй байна гэдэг нь тодорхой болсон. 2 дахь ба 3 дахь асуудал дээр энэ байдал давтагдсан тул уулзалтыг хойшлуулж манай Татварын ерөнхий газар дотроо байр сууриа нэгтгэх, ойлголтоо нэг болгох, авах, хөнгөлөх, чөлөөлөх татваруудаа нэг мөр тодорхойлох шаардлагатай юм байна гэж үзсэн.
Дашрамд хэлэхэд ганц татвар ч биш гаалийн холбогдолтой асуудал дээр мөн адил зөрчлүүд илэрч байсан тул мөн адил аргаар нэгдмэл байр сууринаас хандах хэрэгтэй талаар миний бие тухайн үед тодотгож байсан юм. Үүний дараа Татварын байгууллагатай хамтарч, “Оюу толгой” ХХК, Сангийн яам, Гадаад Харилцааны яам, Хууль зүйн яам зэрэг олон байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулан хэд хэдэн хурал, семинар, уулзалтыг зохион байгуулж, захидал тоот солилцож, улмаар олон сарын дараа л нэгдмэл ойлголтод хүрсэн түүхтэй.
Дашрамд дурдахад татвартай холбоотой маргааны гол шалтгаан нь 2009 оны “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг зарим байцаагчид
өөрөөр ойлгож хэдэн оны ямар хуулиар татвар оногдуулахаа зөрүүтэй шийдэж акт тавьдаг явдлаас үүдэлтэй байсан. 2015 онд ч, одоо ч Хууль Зүйн яам “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээг Монгол Улсын Олон Улсын гэрээ гэж үздэг тул 2009 онд уг гэрээг байгуулж байх үед хүчин төгөлдөр байсан татвартай холбоотой бух хууль тогтоомж, гэрээнүүдийг тогтворжуулсан, улмаар цаашид байнга мөрдөж баримтлана гэж үздэг.
Харин татварын зарим мэргэжилтэн, байцаагч өөрөөр ойлгодог. Тухайн үед манай улсын Гадаад Харилцааны яам, мөн Хууль Зүйн яам уг 2009 оны гэрээг Монгол Улсын
Их Хурлаар батлагдаж шийдвэрлэгдсэн тул тогтворжуулсан байдлаар татварыг авах нь зүйтэй гэж шийдвэр гаргаж улмаар “Дубайн Төлөвлөгөө” зурагдах нөхцөл бүрдсэн юм.
“Дубайн Төлөвлөгөө”-нд 2009 оны гэрээнд тусгасан зарчмаар л татвар авна гэдгийг лавшруулж тохиролцсон болохоос биш өөр шинэ зарчим, хувь хэмжээ, шинэ
шалгуур тохирсон зүйл огт байхгүй.
Ямар нэг зөрүү ойлголт үүсвэл зөвхөн 2009 оны гэрээгээ дагана гэдгийг л нотолсон. Хууль журмын дагуу явсан энэхүү процесс,
шийдвэр, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан явдлыг эрх мэдлээ хэтрүүлсэн, өөр шинэ зүйл тохирч Монгол улсын эрх ашгийг хохироосон хэмээн буруутгаж байгаатай санал
нийлэх ямар ч үндэслэл байхгүй.  Миний хувьд энэ төлөвлөгөөг баталсан нь Монгол улсад олон асуудлыг илүү ашигтай байдлаар шийдсэн гэдэгт одоог хүртэл итгэлтэй байна.
Харамсалтай нь асуудлыг үндэс, суурь, зарчмаар нь мэдэхгүй зарим хүмүүс, зарим улс төрчид “Оюу толгой”-н төсөл нь угаасаа ашиггүй, муу гэрээ гэж ярьдаг. Тиймээс прокурорууд та бүхэн яллах болон цагаатгах үүрэг хүлээсний хувьд мега төслийн онцлог, Монгол улсын нөхцөл байдал, тухайн төслөөс Монгол улсын хүртэж байгаа үр өгөөж зэргийг харгалзан үзэж, асуудлыг том зургаар нь харж, ойлгож хандана гэдэгт би найдаж байна.
Би зөвхөн оногдсон ажлаа л хийсэн хүн. Засгийн газрын шийдвэрийг л биелүүлсэн хүн. Дээрээс өгсөн үүрэг даалгавар, компанийхаа дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан эрх мэдлийнхээ хүрээнд л ажилласан. Харин миний ажилд орсноос хойш Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал улам хүндэрч УИХ “Оюу толгой”-н асуудлыг онцгойлон авч хэлэлцээд 2 удаа тогтоол гаргасан байдаг.
Үүнд, эхлээд 2014 оны 05-р сарын 08-ны өдөр “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” 34-р тогтоол гарсан. Энэ тогтоолд “Оюу толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг зааж өгсөн юм. Энэ тогтоолын хүрээнд олон сар их хэмжээний ажил хийгдэж яриа хэлэлцээр нэг ч өдөр тасалдаж зогсоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
Тус эхний тогтоолоос арав гаруй сарын дараа буюу 2015 оны 02-р сарын 18-ны өдөр УИХ-аас дахин нэг тогтоол гарсан нь ”Эдийн засгийн хүндрэлээс гарах зарим арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41-р тогтоол юм. Энэ тогтоолын 3-р зүйлд “…Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, хөтөлбөрт заасан хугацаанд хэрэгжээгүй заалт бүрийг хариуцах албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж…” байхыг онцлон зааж өгсөн байдаг.
41-р тогтоолын хавсралтын 6.1-т “Зогсонги байдалд орсон томоохон төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” гэж заасан төдийгүй хэрэгжүүлэх хугацааг 2015 оны 02-р хагас гэж тодорхойлсон байдаг. Энэ хугацаанд оруулах хөрөнгө санхүүгийн хэмжээг 1.2 тэрбум ам. доллар гэж тусгажээ.
Нэмж хэлэхэд, энэ тогтоолын хавсралтын 6.3-т “Таван толгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх” хугацааг 2016 он гэж заасан боловч энэ даалгавар огт биелээгүй!
Их Хурлын тогтоолд өгсөн даалгаварыг биелүүлээгүйн төлөө ямар ч яам, ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээгээгүйг бүгд мэднэ. Тус даалгавар тасарснаас ямар хэмжээний гарз хохирол Монгол улсын эдийн засагт учирч буйг би өмнө нь дурдсан.
Эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор, мөн зогсонги байдалд орсон асуудлуудыг нэг нэгээр нь шийдвэрлэж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж тохирохын хэрээр дараа дараагийн ажлыг урагшлуулах үүднээс Засгийн газар, Ерөнхий сайд зохих шийдвэрүүдийг үе үед нь гаргаж манай ажлын хэсэгт заавар удирдамж өгч байсан юм.
Түүнээс биш энэхүү яллах дүгнэлтэд бичсэнчлэн хэсэг хүмүүс хорон санааны үүднээс нууцаар хуйвалдан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн зүйл огт байхгүй! Анхны явц, хэлэлцээрийн үр дүн, Засгийн газарт өгч байсан мэдээ, мэдээлэл, танилцуулга, зарим томоохон асуудлыг хэлэлцсэний үр дүнд дараах шийдвэрүүд гарч байсан юм. Үүнд:
  • 2015 оны 01 сарын 23-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” 27-р захирамж;
  • 2015 оны 04 сарын 14-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд зардлын хэтрэлтийг хэлэлцэхээр “Удирдамж батлах тухай” 94-р захирамж;
  • 2015 оны 04 сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хаалттай хуралдаанаар хөрөнгө оруулагч талтай хийж буй хэлэлцээрийн явц, үр дүнг (мөн чанартаа “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг”) бүрэн эхээр нь хэлэлцсэн 21, 27-р тэмдэглэл;
  • 2015 оны 04 сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99-р захирамж;
  • 2015 оны 05 сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123-р захирамж, шийдвэрүүдийг тус тус гаргасан.
Нэгэн зүйлийг онцгойлон хэлэхэд УИХ-ын тогтоолууд ч, тэдгээрийг дагаж гаргасан Засгийн газрын шийдвэрүүдийн аль аль нь 2009 оны “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээнд өөрчлөлт оруулж, нэмж засах, эсвэл сайжруулах үүрэг олгоогүй юм (Жишээ нь: 2019 оны 11 сарын 21-ний өдрийн УИХ-ын 92-р тогтоолоор “Дубайн төлөвлөгөө”-г сайжруулах үүрэг өгснийг харьцуулан дурьдаж болно).
Тийм учраас манай ажлын хэсгийн бүх ажил нь 100 хувь 2009 оны “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээ ба 2011 оны НӨОДТХНГ (Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ)-ний хүрээнд хийгдсэн ажил юм. Үүнийг санаатайгаар улс төржүүлж буруу тайлбарлах буюу биднийг яллах зорилгоор мушгин гуйвуулж шинэ гэрээ байгуулсан, эсвэл, эрх мэдлээ хэтрүүлж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг дур мэдэн шийдвэрлэсэн мэтээр харагдуулах гэж оролдож байгаа нь үнэнээс дэндүү хол, огт байхгүй зүйл гэдгийг онцлон хэлье.
Энэ асуудлыг бүхий л зохих журмын дагуу удаан хугацаанд Засгийн газраар хэлэлцээд, улмаар шийдвэрийг нь үндэслэж цаашдын ажлын “төлөвлөгөө” боловсруулсан нь эрүүл ухаанаар бодсон ч, хуулийн дагуу харсан ч, эх оронч сэтгэлээр тандсан ч яав ч гэмт хэрэг биш юм.
Ямарваа нэгэн асуудалд олон хүмүүс 100 хувь санал нийлнэ гэж хэзээ ч байхгүй. Тийм ч учраас өнөөдөр уг төслийн эргэн тойронд улс төржих процесс явагдаж, үзэл бодлын зөрчилдөөн үүсэж байна. “Оюу толгой”-н мега төсөлтэй дүйцэхүйц том бүтээн байгуулалтад зардал өсөх, эсхүл өөрчлөгдөх явдал гарах нь ердийн үзэгдэл бөгөөд юмыг ухаж ойлгодог хэнд ч ойлгомжтой.
Өнөөдөр сониноос авсан мэдээ уншихад “Оюу толгой”-н далд уурхайн зардал 1.3-аас 1.8 тэрбум ам доллараар дахин өсөх төлөвтэй байна гэж өгүүлсэн байна. Учир нь далд уурхайн энэ том бүтээн байгуулалтыг газрын дээрээс өрмөөр хатгаад хичнээн төгрөгний зардал гарахыг урьдчилан мэдчихдэг зүйл биш. Энэ бүхэн бүгд таамаг. Бид өнөөдөр улсынхаа төсвийг хүртэл зөв таамаглаж чадахгүй тогтмол тодотгол хийж явдагтай агаар нэгэн асуудал.
Монгол улсын хувьд шулуухнаар хэлэхэд таван цооног ч хийх мөнгө нь өнөөдөр байхгүй. Энэхүү бүтээн байгуулалтыг зөвхөн гадны хөрөнгө оруулалтаар, гадны туршлагыг ашиглаж хийх боломжтой зүйл юм. Зарим шинжээчид уурхайг сорчилж олборлосон хэмээсэн байна лээ. Энэ бол зүгээр модон дээрээс сорчилж түүж байгаа жимс биш, сорчлох ямар ч боломжгүй юм.
Мөн бидний баталсан төлөвлөгөөнд “Оюу толгой”-н зардлын хэтрэлт болгонд Монгол улс татвар авахаар заасан байгааг дурдахгүй байж огт болохгүй. “Оюу толгой” нь дэлхийд гуравхан байдаг томоохон уурхайн нэг гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. Энэ төсөл бол Монголын бахархал байх ёстой.
“Дубайн Төлөвлөгөө”-ний хүрээнд бидний тохирч чадсан, тэр тусмаа Монгол улсын талдаа ашигтайгаар тохирсон олон арван зүйлс дотор наад захаас нь дурдахад “Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Татвар” (АМНАТ)-ыг зэсийн үнэ олон улсын зах зээлд хэд байхаас үл хамааран илүү том сууриаар тооцож авах болсныг цагаан цаасан дээр хараар бичсэн байсаар байтал яллах дүгнэлтэнд АМНАТ-ыг бууруулсан гэж илт гуйвуулж бичсэн байна.
Мөнхүү менежментийн зардлыг 6%-с 3% болгосон нь ойролцоогоор 1 тэрбум ам. долларын зардлыг буулгаж чадсан явдал болсон.
Өмнө нь дурдсанчлан энэ хэмжээний мега төсөл, далд уурхайн бүтээн байгуулалтанд өртөгийн хэтрэлт байх нь ойлгож болох зүйл. Хүн хувийнхаа хашаа, орон сууцыг хүртэл барих, засахдаа гарах өртгөө яг таг тооцоолж чаддаггүйтэй агаар нэгэн асуудал. Зардлын хэтрэлттэй холбоотой анхан шатны баримтад тулгуурлан хийсэн шалгалтаар ор тас дутсан, огт өөр зүйлд зарцуулсан (төслөөс гадуур) зүйл огт илрээгүй.
Яг л зориулалтаараа ашиглагдсан нь тогтоогдсон. Харин ямар ч том, жижиг аж ахуйн нэгжид тохиолддог жижиг зөрчлүүдийг илрүүлж тус зөрчлүүдийг Татварын ерөнхий газраас дагаж мөрддөг нийтлэг жишгээр шийдсэн юм.
 
ДАВААДОРЖИЙН ГАНБОЛД
2020.07.17.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу