Caakmedee

Шүүхээс ял сонссон 21 хүний гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/07/29

Сар хүрэхгүй хугацаанд  зургаан хэрэгт холбогдуулан нийт 21 хүнд шүүхээс ял оноосон бөгөөд хорих ял сонссон 21 хүний гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. 
Хорих ял сонссон нийт 21 хүнийг Оюутолгой, Тавантолгой, С.Зориг агсны хэрэг зэрэг зургаан төрлийн хэрэгт буруутгасан бөгөөд шүүхээс өгсөн шийдвэрүүдийг хүргэж байна.
 
Б.Хурцад гурван жилийн ял оноов
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. Уг хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилсний эцэст Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон.
 
С.Баярцогтод арван жил, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноов
С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 6-ны өдрөөс хойш зургаан  өдөр үргэлжилж, долдугаар сарын 17-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байдаг. Шүүх хуралдаанаар, С.Баярцогтод арван жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна.Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулжээ.Мөн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноов
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон.Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохионбайгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон байна. Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. 
 
Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял оноов
Ерөнхий сайд асан С.Баяр,  "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-23-нд хянан хэлэлцээд Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ.  Мөн С.Баяраас таван  тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. . Харин Ч.Даваанямыг  Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноожээ.
 
М.Энхсайханд 4,6 жилийн хорих ял оноов
Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 4.6 жилийн хорих ял оноов. Шүүхээс М.Энхсайханыг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд  асан Н.Номтойбаярт сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр 5.5 жилийн хорих ял оноосон юм. 
 
Эх сурвалж: Үндэсний шуудан
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу