Caakmedee

Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгоё

  • Онцлох мэдээ / Нийгэм / Нийтлэл
  • 2020/08/12

Үүнийг уг нь бурхны олон шавь нар, бурсан хуврагууд санаачлаад сүсэгтэн олноо оройлон манлайлаад хийх ёстой ажил юм. Нүүдэлчдийн нийслэл Их Хүрээ хэмээх эсгий хот Орхон, Туул, Сэлэнгийн сав газраар 20 гаруй удаа буурь сэлгэн нүүдэллэсний эцэст Хан Богдын ар, хатан Туулын хөвөөнд анх ханаа дугуйлсан тэр үе буюу 1778 оноос хойш 240 жилийн турш Гандангийн дэнж сүсэгтэн олон үймсэн буян номын газар, бурхан тахилын орон байсаар иржээ. Тэгэхээр энэ дэнж бол нэг талаар Монголчуудын үеийн үед шүтэж ирсэн орон хүрээ хийд цогцлон буй эргэл мөргөлийн ариун дагшин газар.
Нөгөө талаар энд 200 гаруй жилийн хог новш, муу муухай булаастай буй. Орчин үеийн хэллэгээр бол хөрс, ус, агаарын бохирдол дээд цэгтээ тулсан, элдэв муу нян, вирус хамгийн их үржин өсөх орчин энд бүрдсэн. Гадаад дотоодын аялагч, жуулчдыг Гандантэгчэнлин хийддээ аваачиж нүүр тахалъя гэхнээ нүүр улайлгах, чих халууцуулах зүйл л олон. Айлуудынх нь үнс хог гандан хийдээ тойрон овоорч, авто машин хийгээд явган хүний хөлөөр пургиж, золбин ноход нь 100 жилийн өмнөх Нийслэл Хүрээнийх шиг яргилдан боргож, хүний өтгөн, шингэний үнэр хамар цоргино.
 
Уламжлалт шашны төв маань Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжаас дутахгүй түм буман үнэрийг дөрвөн зүг найман зовхист түгээн байгааг бид гүн сүсэглэн “хүртсээр” л байх ажгуу. Хааяахан нэг гандан орохоороо тос өөх, хир, хөлсөнд халтартсан, эвдэрч гажин эвгүй дуу гаргах болсон хэдэн хүрдийг нь эргүүлэх төдий сүжиг биш сэжиг төрөн буцах нь бий.
 
Гандангийн дэнжийн бохирдол ягтаа тулсан гэдгийг олон жилийн өмнөөс ярьж бичиж буй. Тухайлбал, 2016 онд ШУА-ийн Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач О.Батхишиг, П.Оюунбат нар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг үнэлэх судалгаа хийсэн бөгөөд уг судалгаанд гандан орчмыг хотын төвийн хамгийн их бохирдолтой газар гэдгийг тогтоосон байдаг. Мөн 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-тай хамтарсан “Хөрсний бохирдлын эргэн тойронд” хэлэлцүүлгийн үеэр Гандантэгчэнлин хийд орчмын хөрсөнд хүний биед хортой олон төрлийн химийн нэгдэл бий учир иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах өндөр эрсдэлтэйг зарласан юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний хийсэн судалгаагаар Гандангийн дэнж орчимд органик бохирдол 52.6, шивтрийнх 88.4 хувьтай буй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гандангийн дэнжийн 90 хувь нь шивтэр буюу хүний ялгадсаар бохирдсон гээд бод л доо. Тэрчлэн хийдийн хашаанд амьдардаг тагтаанууд олон төрлийн өвчний эх үүсвэр болж, нийгмийн эрүүл мэндэд заналхийлж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж, зөвлөмж гаргаж байв. Энэ бүхнээс харахад Бурхан шашны төв, ариун дагшин хийдээ бузар муухайгаас хэрхэн салгах талаар санаа бодлоо уралдуулах цаг болжээ. Уг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлххөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх, соёлын өв, уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгохоор тусгасан. Энэ хүрээнд нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газар 2017 онд “Гандан хүрээ" төсөл хэрэгжүүлэхээр болсон. Уг төсөлд туссанаар гандангийн Орхоны 2, 3, 4 дүгээр гудамжны 1.9 га газрыг хамарсан түүх, аялал жуулчлалын цогцолбор гудамж бий болгохоор төлөвлөсөн талаар мэдээлж байв. Тэрхүү төслийг хэрвээ хэрэгжүүлсэн бол гандангийн уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан дөрвөн давхар 1500-1700 ам метр орон сууц, бэлэг дурсгал эртний эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болсон байх ёстой. Иймэрхүү төсөлд найдах нь бухын доодохыг харсан үнэг турж үхэхийн үлгэр лүгээ адил гэдгийг өмнөх гашуун туршлагууд харуулна. Хориод жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн, олон улсын хөрөнгө оруулалттай Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд л гэхэд Гандангийн дэнжийн зарим гудамжинд явган хүний цементэн зам тавьсан. Тэдгээр зам нь хоёр хүн зөрөх аргагүй нарийхан бөгөөд ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил болоод өнгөрсөн байх жишээтэй. Тэгэхээр бурханы шашны үнэнч хуврагууд өөрсдөө л энэхүү буян номын үйл эрхэлдэг дэнжээ өөд нь татаж, өнгө зүсийг нь сайжруулах ганц зам бий. Энэ нь ч хэн нэгэн ид шидтэн бус аврал бүхэн өөрт бий гэж сургадаг шашных нь номлолтой нийцнэ буй заа. Гандантэгчэнлин хийдийн захиргаа хийгээд лав хуврагууд хийдийнхээ орчныг тохижуулъя гэвэл жаахаан сэтгэл л гаргачихад хангалттай. Төр захиргааны байгууллагуудад хандаад зарим нэг шийдвэрийг гаргуулж бас болно. Ийм санаануудыг дор товчоолъё. 
ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ АВТО МАШИНГҮЙ БОЛГОЁ 
Өнөөдрийн байдлаар Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг улам нэмэгдүүлж, хөрсийг нь нэрмэн сүйтгэж доройтуулж буй хүчин зүйл бол авто машины замбараагүй хөдөлгөөн. Баруун зүүн хоёр талаас нь бараг л бүх гудмаар нь машин холхино. Бүгд шороон зам. Өнөө хоёр зуун жил талхлагдсан улаан шороо, үнс нурам, нян бактери нь авто машины дугуйгаар пургин агаарт дэгдсээр буй. Нөгөө талаар олон арван авто машин гандангийн баруун, зүүн, урд талын хаалганууд дээр шавааралдан явган хүн ч хөл тавих аргагүй бөглөрөл үүсгэх нь наад захын асуудал. Энэ замбараагүй байдлыг цэгцлэх амархан. 
 
 
Хийдийн урд талын гол төв хаалганы өмнөх хатуу хучилттай авто зогсоолыг л албан ёсоор ашиглаад бусад хэсэгт нь авто машин огт тавиулахгүй байж болно. Эсвэл бүр Гандангийн дэнжийг тэр чигт нь авто машингүй бүс болгож, олон жил ярьж буй түүх, соёлын бүс гэдгээ жинхэнэ утгаар нь байгуулах хэрэгтэй.
 
Иргэд авто машинаа сайндаа нэг км хэртэй газарт авто зогсоолд тавьчихаад л Гандангийн дэнж рүү алхаж ирэхэд болохгүй юмгүй. Машин холхиж хөлхөхөө болиод ирэхээр Гандангийн дэнжийн гэр хорооллын гудмууд улаан шороо бужигнасан дов байхаа болино. Мэдээж явган хүний замыг сайтар засаж, шинээр тавьж тохижуулах хэрэгтэй. Гандангийн дэнжийн айлуудын авто машиныг тусгай чийпээр тоноглон гол грл хэдхэн туслах замаар эмх цэгцтэй, хяналттай нэвтрүүлдэг болгоход захиргааны шийдвэрээс гадна бага зэргийн зохион байгуулалт, санаачилга л шаардагдана.
 
ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ НОГООН ТӨГӨЛ БОЛГОЁ 
Энэ бол Гандантэгчэнлин хийдийнхэн хийгээд Гандангийн дэнжийн оршин суугчид санаачлаад хийх ажил. Айл бүхэн хашаандаа арав арван мод тарих санаачилга гаргаад л. Гандантэгчэнлин хийдийнхэн хийдийнхээ хашааны гадна дотногүй сайхан мод тарьчих юм бол эрүүл ахуйн хувьд ч, өнгө үзэмж талаасаа ч сайхан болно. “Мод тарих бол маани мэгзэм хэдэн дүнчүүрийг уншсантай дүйх их буян юм аа. Бурхан болоочдынхоо хойноос буян үйлдье гэвэл Гандангийн дэнжид ганц мод тариад түүнийгээ гурван жил арчилж тордоход цаглашгүй буян хурна аа” гээд Тэргүүн хамба айлдчихад яагаад болохгүй гэж. Буян хураая гэсэн хэн бүхэн Гандангийн дэнжид очоод газраа заалгаж, модоо сонгож, тэндээс нь худалдаж аваад л тариад байхад хэдхэн жилийн дотор сайхан ногоон цэцэрлэг, төгөл бий болно доо.
 
ГАДААДЫН САЙН ЖИШЭЭ 
Гандангийн дэнж өнөөгийн энэ эмх замбараагүй, балиар заваан хэвээрээ байх юм бол цаашид ганц ч жуулчин зүглэхгүй. Харин ч сэжиглэнэ, айна, жигшинэ. Гандантэгчэнлин хийд Монголчуудын хувьд л 240 гаруй жилийн түүхтэй, бурхан шашны төв гэх мэтээр эргэл мөргөл, шүтээний чухал газар болохоос биш гаднынхны нүдээр бол Азийн улс орнуудад байж л байдаг нэг хийд. 80 тохой Мэгжиджанрайсиг бурхан ч тэдэнд сонин биш. Ер нь одоохондоо бол жуулчдын хөтөч тайлбарлагчид өөрсдөө ичиж улайх л гээгүй юм бол гандан руу үйлчлүүлэгчдээ дагуулж очоод хэрэггүй гэмээр санагддаг. Уламжлалт шашны хийд, сүм, дуганаа сэргээн засварлаж, бурхан номын үйлийг нь үргэлжлүүлж, үүний зэрэгцээ орчныг нь тохижуулж, цэцэрлэгжүүлэн аялал жуулчлалын гол бүс болгосон жишээ зөндөө.
 
Яг Улаанбаатар шиг хотынхоо төвд шашны сүм хийдээ түшйглэн аялал жуулчлалын бүсийг жинхэнэ утгаар нь бий болгосон жишээ БНСУ-ын баруун өмнөд хэсэгт орших Чонжу хотод бий. Тус хотын төв хэсэгг Ханок тосгон гэж эртний хэв маягаа хадгалж үлдсэн жижигхэн дүүрэг бий.
 
Эзлэх талбайн хэмжээгээрээ манай Гандангийн дэнжтэй ойролцоо, ямар ч хүн явган алхаад тойрчихно. Тийм хэсэгхэн газрыг цэцэрлэгжүүлж тохижуулан зам харгуйг нь дээд зэргээр сайжруулан засаж, аялал жуулчлалын бүс бий болгосон байдаг юм билээ.  Тэрхүү бүсэд нь уламжлалт буддын сүм хийд байхаас гадна Солонгосын эртний тосгоны хэв маягийг хадгалсан оромж сууцанд амьдардаг айл өрхүүд байдаг. Тэдгээр айл өрхийн дийлэнх нь уг сууцнуудаа зочид буудал болгон ашиглаж, жуулчдад үйлчилдэг байх жишээтэй. Ийнхүү орчин үеийн хот төлөвлөлтөөс арай өөр шийдлээр тохижуулж, уламжлалт хэлбэрээ хадгалж үлдсэн энэ дүүргээ 300 гаруй жилийн өмнөх тэр хэвээрээ байгаа гэж сурталчлахаа тэд мартахгүй. Солонгосын уламжлалт хоол хүнс, шашин, урлагийн бүтээлүүд, бэлэг дурсгалын зүйлс худалдаалдаг гудамжууд, урлагийн тоглолт сонирхох задгай театр, явуулын жүжигчдийн үзүүлбэр гээд жуулчдыг татах бүх юмыг тэнд төвлөрүүлсэн байдаг нь үнэхээр утаагүй үйлдвэрлэлийг ухаалгаар хөгжүүлж чадсаных. Мөн тэрхүү Ханок тосгон буюу аялал жуулчлалын бүсэд нь амарч зугаалах бичил цэцэрлэг ч бий. Гандангийн дэнжийг ийм л бодлого, төлөвлөлтөөр хөгжүүлж, тохижуулахсан. Тэгэхийн тулд бурсан олон хуврагууд буян номыг хичээхийн зэрэгцээ бургас, улиас, хайлаас, хуайс тэргүүтэй мод, бутыг сүм хийдийнхээ орчинд олноор тарьж, сүсэгтэн олноо оройлон уриалаасай. Шивтэр ханхалсан дэнжээ шинэ ногоон төгөл болгоосой. 
 Улаанбаатар хотын захиргаа ч үүнд анхаарал хандуулж, цаасан дээр “өтөлдөг” олон төсөл, хөтөлбөр шигээ Мянгуужингийн үлгэр болголгүй, бодитой сайхан бүтээн байгуулалт хийгээсэй. Улаанбаатарын суурьшлын ууган бүс Гандангийн дэнжийг монгол ахуй, түүх, соёл, зан заншил, уламжлалт шашныг бүрэн илтгэх аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлээсэй.
 
Урт цагааны урдах гудамжийг нийслэлийн засаг захиргаанаас “Жуулчны гудамж” гэж нэрлэсэн ч жуулчдад зориулсан нэг ч үйлчилгээ бий болголгүй байсаар сүүлдээ өнөөх гудамжиндаа Шар дэлгүүрийг “Туул” рестораны уулзвартай холбосон авто зам тавьж, машины төлбөртэй зогсоол байгуулсхийгээд “амар сайхандаа жаргасан” гашуун түүх харин бүү давтагдаасай. 240 гаруй жилийн түүхтэй Гандангийн дэнжээ үлгэр жишээ тохижуулан жуулчны гудамж бүхий аялал жуулчлалын бүс болгож чадах юм бол Сан Франциско хотын Ломбард, Нью-Йоркийн Бродвей, Туркийн Истиклал, Москвагийн Арбат, Сөүлийн Мёндун, Токиогийн Асакүса, Сингапурын Орчард Роуд, Барселеоны Ла Рамбла зэрэг алдартай жуулчны гудамж шиг жуулчдыг соронздон татах боломжтой. Зөвхөн Гандангийн дэнжийг үзэх гэж жил бүр хэдэн сая жуулчин Монголыг зорин ирдэг болох тэр цаг ойрхон байх болтугай. 
 
Г.ХангардиЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу