Caakmedee

Хууль бусыг дэмжих нүгэл

  • Нийтлэл
  • 2018/12/21
АТГ-аас 2017 оны 8-р сарын 25-нд мэдээлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг нь тогтоогдоогүй бөгөөд харин У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр бусад хамаатныхаа дүү нартай хамтран өөрийг нь тагнаж, мөрдөж байсан нэвтрүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс АТГ нийслэлийн прокурорын газарт хандан У.Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулсан” гэжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Төрийн ордны В танхимд хаалттай хуралдсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тавьсан “Үнэн зөвийг тогтоолгоё” гэсэн албан бичгийн дагуу шалгасан дээрх гурван байгууллага тайлбар мэдээллийг өгсөн. Энэ асуудлыг шалгахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат У.Хүрэлсүхийг тагнасан зүйл огт тогтоогдоогүй. Харин өөрийгөө тагнуулдсан гэж жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон. Үүнийг шалгасан гурван байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад авагдсан мэдээллийг ил гаргаж үзүүлсэн. Бүр зурагтай, бичлэгтэй нь харуулсан. Энэ үеэр У.Хүрэлсүх хурлыг хаяж гарсан. Ямар нэг тайлбар хийгээгүй. Тагнуулдсан гэх жүжиг зохион байгуулсан хоёр хүн нь Цагдаагийн албан тушаалтан У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү Ганхүү байжээ. Энэ Ганхүү саяхан Улаан-Үдийн ерөнхий консулаар томилогдсон. (“Өдрийн сонин” 2018-ХI-28).
Ж.Эрдэнэбатын Засгийг унагаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох хууль бус комбинацид довтлогчоор тоглож санасандаа хүрч хожсон Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Нямбаатар нарт бяр амтагджээ. У.Хүрэлсүх болон түүний довтлогчид хүчтэй байв уу эсвэл Ж.Эрдэнэбат донгио байв уу. Ж.Эрдэнэбат М.Энхболд хоёр аймшигт дайсан гэхээсээ төлөв даруу хүлээцтэй хүмүүс харагддаг. Юутай ч амташсан хэрээнүүд одоо Төрийн толгойд хүч түрэмгийлэн хууль бусаар гарах гэж гуагална. Гуагалах гэсэн эвгүй үг яагаад сонгов гэвэл та нарын хэллэг улстөрчийн амнаас унамгүй агсам архичны бурдаг хараал байдаг. Гуагалаа худал байх хамаагүй гагцхүү чанга л бол масс итгэнэ гэх онолтой ч юм шиг. “Ард түмэн уухайлан дэмжиж байна” гэх хуумгай баримт түгээхээр болчимгүй залуусыг сошиалд хөлсөлжээ янз нь. Сайдын сэнтийд нугасгүй Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Нямбаатар нарыг урдаа турхирч байгаад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар нөгөө хараал шүглэсэн сэнтийг нь булаачихсан. Хоосон хоцорсон залуус “бид сайдын суудалд шунаагүй” гэж нэрэлхэхсэн ч эрх мэдэл эд хөрөнгийн алс хэтийн шунал нь номхорсонгүй, УИХ-ын даргыг чирж гаргахдаа тулжээ. Чирж гаргахыгзөвшөөрөхгүй хуулиар нь огцруулахыг зөвшөөрнө гэх үзлээ би тэрлэж сууна. 
Намын санхүүжилт алж байна. Санхүүжилтээ босгох гэж нам хулгай хийдэг, задардаг, нэрээ баастдаг. Хотын утаанд хийсгэсэн 800 тэрбум төгрөг, төмөр замын даланд булсан гэх 280 сая ам. доллар, Хөгжлийн банк гэх мэт буруу гараар орсон гэдэг их хөрөнгийнхөө хагас хугасаар намуудаа санхүүжүүлсэн бол цэвэрших байв уу. Намууд мөнгөгүйгээс 1996 оноос схем гэгчээр авилгыг өгдөөж эхэлсэн нь нууц биш. МАН, АН, МАХН бүгд энэ бузар схемээр санхүүжиж амиа зогоочихоод өнөөдөр 60 тэрбум гэгчийг сугалан өндөрт өргөж, “үзэж сонсоогүй шившиг” гэж гуугчих нь Оюун-Эрдэнэ, Батзандан маягийн пиар төдий муйхарлал юм л даа уг нь. УИХ-ын дарга чуулганаа хаячихаад зугтчихлаа. Түүнийг олоход ард түмэн минь туслаач. Тээврийн компанитай эхнэрээ хайж байна олж өгөөч гэж Батзандан ордны тасалгаануудыг цуурайтууллаа. Эрүүдэн тамлаад 4 сая доллар авсан хэрэг бол МАНАН-гийн удирдагч М.Энхболдын заавар гэж Оюун-Эрдэнэ хөөрцөглөв. М.Энхболд өөрийгөө УИХ гэж боддог. Өөрийгөө Үндсэн хуулийн цэц гэж боддог. (Өөрийгөө тэгж дөвийлгөх хүн ертөнцөд ХХI зуунд байх уу Оюун-Эрдэнэ ээ). Чиний үг огт үнэмшилгүйгээс өвгөн-миний эргэлзээ сэдэрсэн. Муухай үг өгүүлбэрүүдээс чинь МАНАН-гийн аюул шальтай нотлогдохгүй хоосон зүхэл болчихоод байна. МАНАН гэх сүржигнэл бол ердөө хадны мангаа. Хадны мангаагаар хүүхэд айлгадаг, МАНАН-гаар харанхуй массыг айлгадаг. Хоёр гол намын нэрний товчлол МАН, АН-ыг нийлүүлээд МАНАН гэх үг болгосноо “чадчихлаа” гэж МАН, АН-ын баячуулд жөтөөрхсөд анх хөөрсөн юм. 76 ямаа гэх оноогүй зүйрлэл шигээ. 
Нам дамнасан хулгайч бүлэглэл хүчирхэгжсэн нь харин үнэн. Энэ хүчирхэг бүлэглэл УИХ-ын даргыг огцруулснаар УДШ, УЕП, АТГ-ын удирдлагыг өөрийн хүмүүсээр солиод асар их хөрөнгөний гэмт хэргээ баллах гэж үхэн хатан тэмцэж байна. Тэдний тэмцэл зөвхөн үүнд оршино. Шударга ёс ч биш, хариуцлага сахилга ч биш. Дөчүүлээ гарын үсэг зураад ч 950 саяын “жидүү” дахиж заяахад хэцүү л болчих шиг. Энэ нь зөв зүгтээ эргэж буй эхлэл. Хуйрнан шуугигч-нусан жур хэдэн шинэ гишүүн сохроор уралцаад юу ч олж долоохгүй. Та хэд архаг егзөрүүдийн хатгаасанд авталгүй Монголынхоо эрх ашгийг дээдлэн, хуулиараа соёлтой чармайвал нас ч байна, гэрэлт ирээдүй чинь ч ойрхон харагдана. Гэрийнхэнтэйгээ таарахаа болиод айлын хаяа бараадсан өвгөн шиг Л.Болд цагаан толгойлоод авиргүй залуусыг бараадах нь хайран. Болд чи буруугүй л юм бол АТГ, ТЕГ, УЕП, УДШ-ийг хэн ч толгойлсон юунаас нь жийрхсэн юм бэ. Чамайг гэмт хэрэгт орооцолдоогүй гэдэгт итгэж байна. 
Ц.Нямдоржийн тулга тойрсон заль нийгэм ухаажих тусам явцгүй болно харж байгаарай. Түүний үг хариугүй өнгөцхөн. Тэр бээр УИХ-ын даргад гишүүдийн чинь тал эсэргүүцээд байхад над шиг огцрооч гэж сайрхсан. Ц.Нямдорж УИХ-аар баталж ёсчилсон хууль засчихаад, түүнийг нь хуулийн байгууллага шалгаж тогтоогоод, Цэц Ц.Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд, эцэст нь Чуулганаар 76 гишүүн хэлэлцээд огцруулсан. Энэ булайгаа ард түмэн мэдэхгүй юм шиг дүвчигнэхэд ЕТV телевизийн нэг жаал Ц.Нямдорж сайд ч М.Энхболдын дэргэд огцорч чаддаг зангарагтай улстөрч юмаа гээд шагшрах нь хөөрхийлөлтэй. УИХ-ын даргыг 76 гишүүн ч гарын үсэг зураад орцруулах хууль байхгүйгээс хойш яалтай ч билээ. Олон улсын параламент ч иймэрхүү өвөрмөц хуулиар даргаа хууль бус дайралтаас сэргийлдэг аж. Их өндрөөс тулгасан сүрдүүлэгт хүчгүйдсэн 38 гишүүн УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан, эсвэл үгсэн хуйвалдсан байвал яах вэ. Намын бодлого, Ерөнхий сайдын сүр гээд далд диктатур дагахаас аргагүй хүчтэй. Оймстой хөлийг нь мөрөн дээрээ гозгонуулан өргөж гаргахгүй, “чирж гаргана” гэж амласан болохоор шалан дээгүүр толгойг нь уруу харуулаад ч юм уу чирж гаргавал тийм ч аятай харагдахгүй дээ шалгарсан эх оронч залуус минь. Гэвч та хэд маниас маш өндөрт боловсорсон болохоор сайхан харагдахыг урьдчилан харсан байлгүй. Чирэгдэн тонилж буй МАНАН-гийн бөглөөг хараад “эцсийн эцэст залуус яллаа” хэмээн бахархан уухайлах, уяруу хөгшинд нэг л эвгүй. Хуулиар нь баримт нотолгоотой огцруулбал дэмжинэ. Харин Төр Засгийн толгойд ямар хүмүүжил, авир ааштай улс асчихав аа гэх болгоомжлол үр хүүхдээ бодсон өвгөний сэтгэлд уяатай зовооно.

Ц.Доржготов
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу