Caakmedee

Улс төрчид цайрч, хуулийн байгууллага ялзарч ээ!

  • Улс төр
  • 2018/12/21
Уг нь манай хууль, хүчний байгууллагынхан ур чадвараараа их сайн гэж яригддаг. Хэрэг хийсэн энгийн иргэнийг мөрөөр нь мөшгөөд дор нь барихаас нь харахад муугүй шүү. Харин нэг л зүйл явж өгдөггүй. Тэдний хэргийг мөрдөж, мөшгих ясны дургүй юм шиг байгаа юм. Энэ бол төрийн өндөр албан тушаалтан хийгээд түшээд билээ. Төрийн ажлыг гацаагаад буй ЖДҮ, 60 тэрбум, дээр нь нэмээд намын хандив нэрээр албан тушаал худалдсан зэрэг олон асуудлыг төрийн түшээд өөрсдөө гэрчлээд, цаасаар нотлоод байхад хүртэл хэл чимээ одоог хүртэл алга шүү. Ер нь дүгнэхэд хууль гэдэг чинь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст яаж л бол яаж ч хувирч болдог, харин энгийн иргэдэд өршөөлгүй үйлчилдэг юм уу даа. Өнөө цагт улс төрд өрнөөд буй үйл явдлууд үүнийг нотлоод өгч байна.
Өнгөрсөн лхагва гаригт болсон МАН-ын бага хурлын үеэр л гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-д 2 тэрбум төгрөг хандив өгсөн талаар дурдсан. Тодруулбал, “Би намаас гарч болно. Харин байрыг чинь барьж, бацаануудыг чинь угжихад зориулж өгсөн хоёр тэрбумаа авч явна” хэмээн хэлсэн юм. Гишүүний хэлсэн үнэн бол энэ нь мэдээж хууль бус хандив мөн. Нарийвчлавал, Улс төрийн намын тухай хуулийн 18.4-т “Нам хандивынхаа талаар нийтэд мэдээлж байна”, 18.3-т заасан “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль бус мөнгө гэсэн үг.
Үнэн зөвийг нь шүүн үзээд хуулийн хариуцлага хүлээлгэе гэвэл баримт нь байгаад байна. Гэхдээ манай хуулийн байгууллагынханд тийм хүсэл, зоригтой хүн алга бололтой. Яг л “512 шүүгч дунд нэг шүүгч тэрбум төгрөгийн хадгаламжтай байж болохгүй юу” гэх онигоо шиг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ярьсан “Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн байгууллагын дарга бүгд Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Хуулийн байгууллага дэндүү ялзарсан” хэмээн шүүмжилсэн. Мөн гишүүний гэр бүлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага хаасан байсныг дахин сэргээн, дарамталж кноп даруулдаг, наймаалцдаг талаар ч дурдсан юм. Бодит байдал яг үнэндээ ийм л байгаа.
Хулгай хийсэн энгийн иргэнийг төмөр тор л угтдаг. Харин төрийн өндөр албан тушаалтан, түшээдийг улсын мөнгөнөөс хулгай хийсэн эсэхээс үл хамааран тохилог гэр нь угтдаг ийм л шударга бус нийгэмд бид аж төрч байна. Угтаа бол Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр адил тэгш эрхтэй гэж заасан байдаг ч энэ заалт биелэлээ олж чадахгүй л байна. Хуулиас давсан эрх мэдлийг харъя гэвэл зөвхөн манай улсаас л харж болохоор. 

Б.Лхам
 


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу