Сонгуулийн сурталчилгааны ажиллагаа албан ёсоор эхлээд эхний хэдэн өдрийг үдэж байхад АН, МАН ялна, ялагдана гэсэн таамаглал ч алга, судалгааны төвүүдийн мэдээлэл ч алга. Тэгэхээр эрх баригчид үнэмлэхүй ялалтдаа эрдэж, уухайн дуунаасаа салаагүй “сэлэмдэж” явна уу. Эсвэл бусад улс төрийн хүчнүүдтэй ямар нэгэн тохироо хийв үү хэмээн хардахад ч хүргэж байна. АН ч ялгаагүй, урьд өмнөх сонгуулиудаас намдуухан байна. Хаа нэг “Нийтийн тээвэр үнэгүй болгох”, “Хангарьд ордныг эмнэлэг болгох” гэх мэт хэтэрхий ташаарсан зүйл сөхөж байгаагаас маш аядуухан байх аж. Харин гуравдагчдын орон зайнаас гол төлөв УИХ-ын сонгуульд бүдэрсэн нөхөд аймаг, нийслэл, дүүргийн сонгуульд “зодоглож”, хоёр том намаа муучлахаас өөрөөр шийдэл, гарц ч ярихгүй байна.
Гуравдагчид эртнээсээ л ийм замаар явж ирсэн, хэзээ ч засрахгүй байх. Үзэл баримтлал гэх өөрийн үндсэн зүйл байхгүй учраас тэдэнд найдах ч хэрэггүй биз. Дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг аж.
Хамгийн сүүлийн үймээн гэвэл улс төрийн нэг намын халааснаас нөгөө намын халаас руу орж гарч явдаг Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан шийдвэр гарч, тэд нэг хэсэг далим гарган, нийгэмд харагдахыг хүсэв. Газар авахгүй ч сонгуулийн уухайн дундуур ХҮН-д л аятайхан пи-ар болж, эцэстээ нийслэлд бус дүүрэгт өрсөлдөх эрхтэй үлдсэнээр чимээ намдаав. Тэгэхээр гуравдагчдын орон зайд төдийлөн ач холбогдол өгөх хэрэггүй. Ядахад энэ орон зайд арай дээр харагдах МАХН, ШИНЭН-г АН дагаар оруулчихсан учраас хоосон шахам орон зай гээд ойлгочих. Ямар ч замаар сонгуульдсан МАН, АН хэмээх хоёр том намын дунд л гол “зодоон” өрнөнө. Ингэсээр ч ирсэн түүхээ л дахин давтах учраас ялагдал, ялалтын дараах зовлон юу байна.
Өдгөөс 20 гаруй жилийн өмнө дийлэнх нэр дэвшигчид худлаа ярьж чаддаггүй байв. Гэхдээ тодорсон “Бэлэн Сэнгэ”-гүүд цөөнгүй байсан. Харин өдгөө бүгдээрээ худлаа яриад сурчихсан учраас яах ч аргагүй. Энд аль нэг нэр дэвшигч болон улс төрийн намуудыг шүүмжилж муучлахгүй. Шүүмжилж муучиллаа гээд өчүүхэн ч сэртэсхийхгүй цаг үед амьдарч байгаа учраас ерөнхийдөө залхасан гэж болно. Тэгэхээр МАН, АН аль аль нь ялахаар ямар нөхцөл үүсэх вэ. Гэхдээ олон жилийн сонгуулийн дундаж болон бусад нөхцөл байдалд уялдуулах нь зүйд нийцэх байх.
Эрх баригч МАН хэрвээ ялалт байгуулбал үг дуугүй УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлээд явахаас өөр гарц байхгүй. Аль ч шатандаа ямар ч ажил гацахгүй, элдэв хэл амгүй өрнөж таарна. Гагцхүү аймаг, дүүрэг, сум багаас Засгийн газрын шийдвэр, тогтоолд шүүмжлэл өрнүүлэхгүй. Учир нь энэ Засгийн газрыг сайн муугаараа дүүрсэн сав гэж бодвол алдаа байж л таарна. Харин орон нутагт ялалт байгуулсан МАН бол тэдний алдааг шүүмжилж болохгүй. Ямар ч алдаа байсан толгой дохиод суухаас өөр аргагүй. Ийм нэг дутагдал гарч ирдэг жишиг бий. Бас нэг зүйл нь гэвэл төрийн аль ч шатанд дарга, нам гэсэн сүлжээ үүсэж, улмаар гурван шатанд бие биенийхээ алдаа эндэгдэл, хууль бус үйлдлийг хаацайлах дутагдал гарах магадлал бий. Харин нэг эерэг тал нь гэвэл аль ч шатанд улстөржилт байхгүй болно. Урьд өмнө ялалт ялагдлын дараа гарч л байсан зүйл. Энэ нь яах аргагүй ялагдал, ялалтын дараах том зовлон.
Тэгвэл МАН-ыг төрийн эрх барьж байгаа энэ үед АН Орон нутагт ялалт байгуулбал яах вэ гэсэн асуудал урган гарч ирнэ. Үнэмлэхүй ялалт байгуулахгүй ч алаг цоог ялалт авч л таарна. Аль нэг аймаг, дүүрэгт АН ялалт байгууллаа гэж бодоход УИХ, Засгийн газрын шийдвэр тогтоол хэрэгжихэд хүндрэл үүсэх өндөр магадлалтай. Шүүмжлэл бол дээд цэгтээ өрнөж таарна. Дүүргийн хэмжээнд төрийн албанд үймээн дэгдэх ч хандлага гарна. Мэдээжийн хэрэг, сонгуульд ялалт байгуулсан АН МАН-ын гишүүдээс аппаратдаа оруулж ирэхгүй. Нөгөө талаар дүүргийнхээ төрийн албанд олон жил тогтвортой ажилласан дунд албан тушаалтанг ажлаас нь халахаас өөр аргагүй нөхцөл үүснэ. Олон намын системтэй, сонгуулийн үр дүнгээр төрийнхөө бүтцийг байгуулдаг энэ тогтолцоонд оршин тогтнож байгаа учраас буруутгах арга алга.
Олон жил төрд тогтвортой, бас чамгүй амжилттай ажиллаж байсан алба хаагч ямар ч шалтгаангүй ажлаас халагдаж байгаа учраас хууль ёсоор шүүхэд хандана. “Нам” гэх ганцхан шалтгаанаар ажлаас халагдаж байгаа болохоор алба хаагчийг буруутгах аргагүй. Шүүх дээр алба хаагчийн талд шийдвэр гарвал эргүүлэн давж заалдах шатны шүүхэд ханддаг. Дүүргийн удирдлагуудын талд шийдвэр гарсан ч давж заалдах шатны шүүхэд хандана. Ийнхүү гурван шатны шүүхээр явахад асар урт хугацаа ордог.
Зарим нөхцөлд халагдсан алба хаагчийн ажилгүй хугацааны цалин тэтгэмжийг өгөх нөхцөл үүсдэг. Гарцаагүй үүсэх энэ нөхцөлд татвар төлөгчид л хохирдог. Өнгөрөгч 2016 онд нэгэн дунд тушаалын алба хаагч “нам” хэмээх хайчинд орж халагдаад шүүхээр асуудал нь нэг жил гаруй явсан гэдэг. Энэ хугацаанд цалин тэтгэмж гэх 26 сая төгрөг авлаа хэмээн ярьж байв. Халагдсан нөхөр улсад ямар ч ажил хийхгүй байгаа шүү дээ. Зөвхөн шүүхээр зарга үүсгэж явсныхаа хариуд ийнхүү татвар төлөгчдийн 26 сая төгрөгөөр амьдарсан байна. Ийм замаар хэчнээн зарга үүсч, хэнчээн хүн татварын мөнгийг ямар ч ажилгүйгээр хүртэж суусныг таахын аргагүй. Байдал ахиад л давтагдана. Энэ мэтээр аль ч нам ялж ялагдсан түүний дараах зовлонг эдэлнэ.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН