Саяхан л “Хүүхдийн мөнгө үргэлжлүүлэн олгоно” гэх МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр барьчихаад “Намайг сонгоод өгөөч” хэмээн гуйж гувшиж явсан Ц.Даваасүрэн гэнэт төрөл арилжив. Популист улстөрчдийн жигүүрийг тэргүүлэгч гишүүний хувьд ийнхүү иргэдийн, тэр тусмаа хүүхдийн мөнгөний эсрэг дуугарахаар хэн ч гайхна. Ард түмэндээ, тэр тусмаа хөвсгөлчүүдэд жигтэйхэн “хайртай” гишүүн ийнхүү хоёр нүүр гаргахаар гайхахаас ч яахав. Тэрээр өнгөрөгч долоо хоногт “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл хэлэлцэх үеэр гэнэт “том” эдийн засагч болж харагдахаар шийдсэн нь “Хүүхдийн мөнгө”-ний эсрэг дуугарсан явдал байв.
Тэр уг нь том том ярьж, мөнгөний бодлогод хошуу дүрэх эрхтэй хүн ч биш, автоматикийн инженер мэргэжилтэй л хүн. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүний хувиар мөнгөний бодлогод хошуу дүрэх эрхтэй бөгөөд Сангийн яаманд мэргэжилтэн, Төрийн санд ажиллаж байсан зэрэг тал бий. Хэвлэлүүдэд түүнийг “Арван хувийн” хэмээн онцлон дурдаж байгаагаас харвал тоотой холбогдсон тал байдаг болоод тэр биз. Мэдэх юм алга. Түүнээс эдийн засгийн чиглэлд тэгтлээ хамаарах эрх бүхий хүн бол одоогоор лав биш. Зөвхөн Ц.Даваасүрэн ч биш. УИХ-ын олон гишүүн популизмаас зайлсхийн, алдаагаа ухамсарлаж, элдэв халамжаас татгалзах хандлага цухалзуулах болсон. Энэ нь сайн хэрэг ч үүний цаана ихээхэн учир байх шиг.
Юуны өмнө Үндсэн хуулийн өөрчлөлт ихээхэн нөлөөлөв. Засгийн газарт дөрөвхөн сайд “Давхар дээл” өмсөх болж, тэр хэрээр гишүүдийн эрх мэдэл болон “орлого” хумигдсан гэх мэдээлэл бий. Урьд өмнө бол УИХ-аас 14-16 гишүүн “Давхар дээл”-тэй сууж, бүлэг фракцаар дохиж занган, бэл бэнчиндээ анхаардаг байлаа. Улмаар тэд Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг УИХ-ын эрх мэдэлтэй хамт атгаж байсан гэхэд хэтийдэхгүй. Монгол Улсын хэмжээнд зарлагдаж байгаа төсөл хөтөлбөр, тендер гээд бүхий л зүйл тэдний гараар ордог байв. Гадна дотны хөрөнгө оруулалт, зээл тусламж гээд хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхнийг атгаж байсан хэрэг. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэхүү эрх мэдэл нь хумигдаж, зарим хөдөлгөөн багатай гишүүд үүрэгт ажлаасаа залхаж байгаа сураг ч бий. Тэгэхээр зарим нэг нөхөр Хууль тогтоох дээд байгууллагад хөрөнгө чинээгээ тэлэх гэж орж ирдэг юм биш биз гэх хардлага ч төрнө. Нөгөө талд хууль хяналтын байгууллагаас анхаарал чангарч гээд залхахаас аргагүй байдал үүсээд байгаа юм. Ийм цаг дор сул гишүүд маань шударга үнэний дуу хоолой болж, бодит талдаа илүү дуугарч байгаа нь сайн хэрэг ч гарцаагүй байдал үүсчээ. Магадгүй, цаашдын улс төрийн зам нь улам бартаатай болж, карьер нь өгсөхгүй болохоор “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгч болж байгаа гишүүд ч бий. Ц.Даваасүрэн гишүүний хувьд тэдний нэг болсон ч байж болно. Уг нь тэр улс төрийн карьераа дуусах болоогүй, ирэх 2024 онд Хөвсгөл аймагтаа “Намайг сонгооч” гэж очих гэж байгаа бол ийн дуугарах учиргүй. Гэтэл гэнэт “том” эдийн засагч болсны цаана карьерын асуудал нуугдаж байхыг үгүйсгэхгүй.
Ийнхүү мөнгөний бодлого хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хүүхдийн мөнгө төсөв дээр ихээхэн дарамт үүсгэж байна. Хүүхдийн мөнгө хэрэглээ, импортын бараа болдог. 1.9 их наяд төгрөгөөр 320 сум тус бүр таван үйлдвэр барих мөнгө. Энд баас болж үлдэж, Эрээнд экспорт болж очиж байна. Сумын өрх бүр унадаг дугуйтай байна. Энэ бол валютын нөөцөд нөлөөлж байгаа. Монголбанк үүнд анхааралтай хандаж хэлэхгүй бол улстөржөөд байна. 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл олгоно гэж байна. Энэ чинь зүгээр импортын хэрэглээ болоод байна. Сум бүрд нэг тэрбум төгрөгөөр таван үйлдвэр барих хөрөнгө шүү дээ. 100 мянга бол хэдэн хоногийн хоол. Харин үйлдвэр баривал хэдэн үеэрээ хоолоо олж идэх бүтээн байгуулалт. Ажлын байр хангагдаж хүн ам орлоготой болно. Жилийн дотор ийм олон үйлдвэрийг зүгээр идэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ц.Даваасүрэн гишүүн л хэлсэн болохоос үнэний хувьтай.
Үүнээс харахад эрхэм гишүүн маань хүүхдийн мөнгө олгохгүй, хүүхдэд дугуй унуулахгүй байхад Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих тухай л санааг хэлж, анхааруулжээ. Ингэхдээ Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудаасаа харамлаж байгаагаа арай өөрөөр тайлбарлах байсан болов уу. Цар тахлаас үүдэлтэйгээр олон улсад хүүхэд багачууддаа бүү хэл хөдөлмөрлөх насныхаа иргэдийг хүртэл халамжаар угжиж, тэсэж үлдэх тухай бодож байхад Монгол Улсын парламентын нэг гишүүн ийн байр сууриа илэрхийлж байгаа хоёрын дунд асар их зай байна. Үүнд л зарим хүмүүс шүүмжлэлтэй хандсан хэрэг. Үнэн хэрэгтээ 1.9 их наяд гэдэг бол асар их мөнгө.
Өнөөдөр Газрын тос нэрэх үйлдвэр, төмөр зам, Арьс шир боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, зам харгуй гээд олон бүтээн байгуулалтыг зээлийн хөрөнгөөр босгож байна. Тодотгож хэлбэл эргээд төлөх зээл. Гэтэл бид 1.9 их наяд төгрөгийг “Хүүхдийн” гээд асгаж байгаа нь зарим хүнд хэтэрхий бодлогогүй харагдаж байгаа нь үнэн.
Ямартай ч Монгол Улсын нөхцөлд “Хүүхдийн мөнгө олгохгүй” гээд дуугарчих зоригтой гишүүн нэг ч байхгүй. Магадгүй карьер нь дуусч, улс төрийнхөө замналд цэг хатгаж байгаа нөхрийн л дуугарах зүйл. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дээр дурдсан шалтгаануудын улмаас улс төрийнхөө замналд цэг хатгаж байгаа юм болов уу гэх хүмүүс ч байна. Хамгийн наад зах нь хүүхдийн мөнгөнөөс болж, вальютын нөөц буурах, ханш өсөх зэргээр эргээд иргэддээ дарамт болж байгаа нь үнэн.
Болж буй үйл явцаас харахад Ц.Даваасүрэн гишүүн улс төрөө орхиж байгаа мэт. Тэр тусмаа ирэх 2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхгүй мэт. Түүнээс бус Ц.Даваасүрэн гишүүнээс ийм үг гарахгүй нь лавтай.
Эх сурвалж: Өглөөний сонин