Caakmedee

"Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх" номын нээлт боллоо

  • Нийгэм
  • 2020/10/23
Монгол Улсад Эрдэс баялгийн салбар үүссэн 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн эдүгээ цагийг хүртэлх түүхийг бүтээлцсэн олон зуун хүнээс зөвхөн эмэгтэйчүүдийг түүвэрлэн оруулсан “Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” номын нээлт өнөөдөр боллоо. Ийнхүү 100 орчим жилийн түүхийг судалж, “шүүрдэн” эдгээр 50 эрхмийг онцлохдоо амжилт ололт, ажил үйлс, амьдрал бүтээлийг нь харгалзан үзжээ. Төслийн багийнхан 1000 орчим эмэгтэйн мэдээллийг нягтлан шүүж, дээрх тооны бүсгүйчүүдийг сонгохдоо олонх дүр, гэр бүлээс нь албан ёсоор зөвшөөрөл авсан бөгөөд цөөнгүй эх сурвалжаас мэдээлэл эш татаж, fact-check буюу баримт нягтлах зарчмыг баримталсан аж.
Энэхүү номын нээлтийн үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О. Батнайрамдал, Канад Улсын Элчин сайд Ивкоф, болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” төслийг “Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо” ТББ санаачлан, MERIT төсөл, Канад Улсын Элчин сайдын яам дэмжсэнээр энэ бүтээл олны хүртээл болоход бэлэн болжээ.
Энэ ном нь Монголын анхны уурхайчин эмэгтэйгээс эхлээд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж яваа 50 бүсгүйн түүхтэй бус, эх орныхоо эрдэс баялгийн салбарын арвин түүхтэй танилцах боломжийг олгож байна. Эдүгээ эрчүүд давамгайлдаг энэ салбарт бүсгүйчүүд ч бас жишиг өөрчлөн ажилласаар л байна.





скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу