Caakmedee

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээс

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2020/12/05
  • НИЙСЛЭЛИЙН ХҮН АМ
          Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогоор Монгол Улсын харьяат 1 539 810 (Монгол Улсын дүнд эзлэх хувь 46.7) хүн Улаанбаатар хотод тоологдлоо. Үүнээс 1 448 642 (94.1%) нь нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын харьяат, 91 168 (5.9%) нь гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат хүн ам байна.

            Нийслэлийн нутаг дэсгэрт оршин суугаа 1 466 125 хүний 1 448 642 (98.8%) нь Монгол Улсын харьяат, 17 456 (1.2%) нь гадаадын харьяат, мөн аль нэг улсын харьяалалгүй 27 хүн байна.
Нийслэлийн хүн ам 2010-2020 оны хоорондох хугацаанд 24.2 хувиар өсөж, жилийн дундаж өсөлт 2.7 хувь болж, 2000-2010 оны жилийн дундаж өсөлтөөс ойролцоогоор 2 дахин буураад байна. Жилийн дундаж өсөлт буурсан гол шалтгаан нь хотын хүн амын өсөлтийн дийлэнхийг бүрдүүлэгч шилжилт хөдөлгөөн буурсан явдал юм.
 
Улаанбаатар хотын дүүргүүдийн хүн амын өсөлт харилцан адилгүй байна. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хувьд хүн ам 0.2-1.4 хувиар буюу хамгийн бага өсөлттэй байхад Хан-Уул дүүргийн хүн амын өсөлт 7.8 хувь байгаа нь Улаанбаатар хотын дунджаас 2.6 дахин өндөр өсөлт. Энэ нь сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт орон сууцны хорооллууд ихээр баригдсантай холбоотой.
 
Улаанбаатар хотын хүн амын насны бүтцэд 2010 онтой харьцуулахад зарим өөрчлөлт гарсан нь нийт хүн амд эзлэх 0-9 насныхны хувийн жин өсөж, 2011 оноос төрөлтийн түвшин нэмэгдсэнтэй холбоотой. Харин 15-29 насны бүлэг дэх хүн амын дүнд эзлэх хувь бага байгаа нь 1990-ээд оны эхэн үеэс 2006 он хүртэлх хугацаанд төрөлтийн түвшин бага байснаар тайлбарлагдана.

Хүйсийн харьцаа 1963 оны хүн амын тооллогоор 108.7 байснаа тогтмол буурсаар 2010 онд 92.9, 2020 онд 92.8 болсон нь нийт хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байгааг илэрхийлнэ. Дүүргүүдээр авч үзвэл 2020 онд хүйсийн харьцаа Баянгол дүүрэгт хамгийн бага буюу 89.7, Багахангай дүүрэгт хамгийн өндөр буюу 101.9 байна. Энэхүү үзүүлэлтийг 2010 онтой харьцуулахад Багануур, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн амын хүйсийн харьцаа бага зэрэг нэмэгдэж, харин Багахангай, Налайх, Хан-Уул, дүүргийн хүн амын хүйсийн харьцаа өмнөх тооллогын үеийнхээс бага зэрэг буурчээ.
 
Голч насыг тооцож үзэхэд ерөнхийдөө залуу хандлагатай байна. Сүүлийн 30 жилд хүн амын голч нас 20.6-аас 28.7 болж 8 жилээр хойшилсон нь төрөлтийн бууралтаас гадна дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой.
Хүн ам зүйн ачаалал 2020 онд 58.3 болж 1989 оноос 9.3 пунктээр буурч, 2010 оноос 19.1 пунктээр өсжээ. Хөдөлмөрийн насны хүн амын тоо их байгаа буюу хүн ам зүйн цонх үеийг ашиглан урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарснаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу