Caakmedee

Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахих боломжтой эсэхийг Цэц шийднэ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2020/12/22
Монгол Улс ердөө зургаахан сарын дараа шинэ Ерөнхийлөгчтэй болно. 2021 оны долоодугаар сард болох Төрийн тэргүүний сонгууль “COVID-19”-өөс дутахааргүй асуудал дэгдээж мэдэхээр болоод байна. Учир нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүний сонгуульд дахих хүсэлтэй ч түүнд хууль тээглэх бололтой юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2019 онд буюу 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. “Эцэг” хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдэл ба эрх мэдэлтний эрх, үүргийг нарийвчлан тодорхойлж өгсөн юм. Тоймлон хэлбэл, өмнөх практиктай харьцуулбал Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдын эрх мэдэл өндөр болсон буюу Засгийн газрын тэргүүн танхимынхаа сайд нарыг өөрөө томилох ба огцруулах бүрэн эрхтэй болсон. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлж эхэлсэн анхны Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх. Зургаадугаар сарын 24- нд болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар дахин томилсон юм. Ингэснээр тэрбээр Үндсэн хуульд заасан эрх, мэдлийнхээ хүрээнд танхимаа өөрөө бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.
Харин нөгөө талд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгасан гэх шүүмжлэлийг улс төрийн зорилготойгоор нийтэд түгээдэг ч бодит байдалд тэгтлээ дордчихоогүй. Гагцхүү Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шалгуурт өөрчлөлт оруулсан юм. Гэхдээ энэ нь хэн нэгэн хувь хүнд зориулсан заалт биш бөгөөд Монгол Улсын нөхцөлд төдийгүй тогтолцоонд тохирно гэж үзсэн учраас ажлын хэсгийн эрдэмтэн судлаачдын зүгээс оруулж ирсэн саналыг олонхоор баталсан байдаг.
Тодруулбал, Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 40 таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан байв. Гэхдээ энэ бол Үндсэн хуулийг өөрчлөөгүй байх үеийн заалт. Харин “эцэг” хуулийн өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн тусгасан юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн хувилбар буюу 50 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа Төрийн тэргүүнээр сонгож болохоор болсон. Асуудал үүсгээд буй ганц заалт нь энэ. Манай улсын хууль эрх зүйн төдийгүй улс төрийн хүрээнд хэвшил болчихоод байгаа нэг муу зуршил нь хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарладаг явдал. Энэ муу жишиг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой ярианд ч маш хүчтэйгээр өрнөж байгааг онцлох нь зүйтэй. Учир нь Үндсэн хуулиа өөрчилсөн, мөрдөж эхэлсэн. Үүнийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой.  Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх үүднээс шүү дээ. Гэтэл хуульчид төдийгүй улстөрчид энэ тухайд зөрүүтэй байр суурь илэрхийлж эхэлсэн учраас асуудал улам тодорхойгүй төдийгүй олон нийтийг талцуулж хуваах талруугаа хандчихаад байна. Харамсалтай нь үүний дүнд Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал шаланд гишгэгдчихээд байгаа юм. 
Улсынхаа Төрийн тэргүүнийг сонгох гэж буй хариуцлагатай цаг үед шийдвэр гаргагчид төдийгүй зөв, бурууг дэнсэлдэг хуульчид ч олон нийтэд нэг ойлголт өгмөөр байгаа юм. Иргэд, сонгогчид ч энэ тухайд тодорхой ойлголттой болсны дүнд сонголтоо хийх учиртай. Харамсалтай нь иргэдэд ийм боломж хязгаарлагдмал хэвээр байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шалгуурыг өөрчилсөн нь зөвхөн Х.Баттулга гэдэг хүнд ч хамаатай ойлголт биш.
Ц.Элбэгдоржоос авахуулаад өмнө нь Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших эрх нээлттэй эсэхийг ч нэг талд нь гаргах шаардлага үүссэн. Тодорхой давтамжтайгаар яригдаж эхэлдэг дээрх асуудал энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор олны анхааралд ороод байгаа юм. Энэ хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн чуулганаар эцэслэх товтой байгаа. Гэхдээ хуулийг эцэслэн баталсан ч дээрх маргаанд цэг тавихгүй нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, уг хуулийн хэлэлцэх эсэхийг чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэхийг тодруулахад УИХ-ын гишүүн Л.ЭнхАмгалан “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч 50 нас хүрсэн байх ёстой гэж заасан байдаг. Өнгөрсөн 2015 онд Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн хуулийг нэг болгож, бантанг нь хутгасан. Үүнийг салгаж, тусдаа болгож байгаа юм. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой болдог шүү дээ. Өнөөдрийн хууль бол сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэгт хариулт өгнө. Үндсэн хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар тайлбарлаж болохгүй” хэмээн хариулсан. Түүний хариултаас ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо ил, далд илэрхийлээд зогсохгүй монгол бичгийн хичээлийг телевизээр заагаад ч болов олны анхаарлаас холдохгүйг эрмэлзэж суугаа Х.Баттулгын хувьд хонгилын үзүүрт гэрэл харагдсан байж болох. Гэхдээ өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зөвхөн нэг удаа сонгоно хэмээн заасныг мартаж болохгүй. Түүгээр ч зогсохгүй энэ тухайд зарим хууль тогтоогч төдийгүй хуульчид эрс хатуу байр суурь илэрхийлж байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Угаасаа нэр дэвших боломжгүй. Нэг хүн хамгийн ихдээ өмнөх Үндсэн хуулиар хоёр удаа буюу найман жил, нэмэлт өөрчлөлтөөр хамгийн ихдээ зургаан жилээр сонгогдох боломжтой. Тэгэхээр аль ч тохиолдолд найман жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй” гэсэн бол гишүүн Т.Доржханд “Одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэсэн ойлголттой байгаа” гэх байр сууриа илэрхийлсэн. Харин хуульч Б.Мэргэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй.
Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа, хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Үүний агуулга нь Х.Баттулга гэдэг хүнийг нэг удаа улируулан сонгуулах зорилготойгоор энэ заалтыг оруулж ирсэн. Гэтэл хуулийн төслийг батлах эцсийн мөчид 2025 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн заалтаа авчихсан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй болж байгаа юм” хэмээн тайлбарласан. Хэдийгээр талууд ийнхүү байр сууриа илэрхийлж байгаа ч энэ бол эцсийн шийдвэр биш. Асуудал маргаантай хэвээр байгаа гэсэн үг. Тэгвэл энэ асуултад хэн, хэрхэн цэг тавих вэ. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталсан ч одоогийн Ерөнхийлөгч сонгуульд дахих боломжтой эсэхийг нэг талд гаргахгүй учраас асуудал Цэцэд очих нь тодорхой болоод байна. “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс энэ асуудалд Үндсэн хуулийн Цэц эцсийн цэгийг хатгах нь. Энэ тухайд Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсны дараа Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж болно.
Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал нь дордохгүй гэсэн эрх зүйн онолоо барьж болно. Үгүй бол нэг л удаа гэж заасан учраас дахин сонгогдохгүй гэсэн утгаар нь хуулиа бичиж болно. Энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаална. Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэснийг 2020 оны тавдугаар сарын 25- ны өдрөөс дагаж мөрдөнө гээд баталчихсан. Тэгэхээр энэ заалт хэрхэх нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс шалтгаална гэсэн үг” гэх хариултыг өгчээ.
УИХ-аар хэлэлцэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал авах өдрийг тогтоохоос гадна зохион байгуулалт, санхүүжилт зэргийг тодорхой болгоно. Ийнхүү эрх зүйн зохицуулалт нь тодорхой болсны дараа улс төрийн намууд нэр дэвшигчдээ ярьж эхлэх нь гарцаагүй. Горилогчийн нэр хэдий хурдан тодорно, төдий чинээ хурдан бэлтгэл хангах учраас 2021 он гарсан даруйд энэ асуудал дахин сөхөгдөх нь ойлгомжтой болж байна. Үүнтэй зэрэгцээд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэх тухайд хэн нэгэн гомдол гаргаж гэмээнэ Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргана. Гэхдээ мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх хүсэлтэй тохиолдолд асуудал Цэц хүртэл явна. Үгүй бол шинээр нэр дэвших хүмүүсийн тухайд Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийн хүрээнд асуудал үүсэхгүй.
Эх сурвалж: Монголын үнэн
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу