Caakmedee

Завсар орсон АН засал авахаа өнгөрчээ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/02/03


МЭДЭЭ-1. 
2021 оны нэгдүгээр сарын 29-нд АНын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан С.Эрдэнийг АНын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. Үүнийгээ тэрбээр АН-ын Сахилгын хорооны шийдвэрийг үндэслэн гаргасан хэмээн тайлбарлажээ. Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн хороо 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн хурлаараа АНын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцсэн юм байна. Ингээд тус хурлаас ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг АН-ын Үндсэн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж хариуцлага тооцохыг намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд үүрэг болгожээ. Үүний дагуу АН-ын дарга асан С.Эрдэнэ намын гишүүнээс хасагджээ. МЭДЭЭ-2. 2021 оны нэгдүгээр сарын 31 буюу өнгөрсөн амралтын өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бус 17 дугаар хуралдаанаа зарлан хуралдуулж АН-ыг төлөөлөх эрх, үүрэг дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэд хадгалагдана гэсэн шийдвэр гаргажээ. С.Эрдэнэ энэ үеэр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулахаар болсон тухайгаа мэдэгдэж. Мөн АН-ын дэд даргаар Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарыг томилсон байна. Амралтын өдөр гэнэт зарлан хуралдуулсан Үндэсний бодлогын хорооны хурлынхаа мэдээг АН-ынхан даваа гарагт өдөр тутмын бүх сонинуудаар түгээжээ. ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ҮГҮЙ ХИЙСЭН АРДЧИЛАГЧИД Дээрх хоёр мэдээ өнөөгийн АН-ын хагарал, тэмцлийн гэрч болж үлдэхээрээ үнэ цэнтэй юм. Хожмын нэг өдөр түүхчид 2021 онд АН-ын дарга хэн байсан бэ гэдгийг тогтоох гэж махаа иднэ. Өнөөдөр бид энэ намын дарга нь С.Эрдэнэ үү, Ц.Туваан уу гэдгийг ойлгохгүй толгой эргэж гүйцээд байхад олон жилийн дараа яах аргагүй ийм ойлгомжгүй байдал үүсэх нь тодорхой. Өнөөдрөө байтугай өнгөрсөн хийгээд ирээдүйгээ хорлож, үгүйсгэж байгаа АНын өнөөгийн удирдлагууд, лидерүүдэд амин хувийн ашиг сонирхлынхоо дороос цухуйх хоншоор даанч алга. Баабар нийтлэлчийн хэлдгээр муугийнхаа ёроолд тулсан энэ намд дахиад эвдэрч хагарах, талцаж хуваагдах юм угаасаа түй ч үлдсэнгүй.
Хоёр даргатай, хоёр тамгатай, хоёр байртай, хоёр өөр эрх ашигтай гээд бүх юм нь хуваагдаж орхисон энэ хоёр бүлэглэл одоо Ардчилсан нам гэдэг нэрийг л булаацалдаж хэвтэнэ. Албан тушаал, тамга, суудлын төлөөх энэ хэрүүл тэмцэлд АН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчид огт хамаагүй. Харин тус намын толгойд буй цөөн хэдэн улстөрч амин хувийн явцуу эрх ашгийнхаа төлөө үхэн хатан хэмлэлдэж байгааг олон нийт харж, мэдэрч, дүгнэж цэгнэж байгаа. Нэг АН-ын дарга нь өмнөх даргаа намаасаа хөөнгүүт, нөгөө АН-ын дарга нь гарч ирээд мэдэгдэл хийгээд, сонгууль, томилгоо яриад суучихна. Талуудын хувьд нэг адил зүйл нь  АН хэн хэнийгээ харилцан муулна, үгүйсгэнэ. АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл, үүрэг, хариуцлага бүгд ийнхүү тулга тойрсон хэрүүлийн үнсэнд булагдан бүдгэрэв. Энэ бол АН гэж улс төрийн нам хэрэг дээрээ байхгүй болсны илрэл. Нам оршин тогтнохын гол үндэс нь үзэл бодлооороо эвлэлдэн нэгдэж, засгийн эрхийг авах эцсийн зорилго. Уг зорилгодоо хэрхэн хүрэх тухай үзэл баримтлалын цогц. Засгийн эрхийг авах зорилго нь хувь хүмүүс болон бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлоос асар дээгүүр, олон нийтийн, нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой. Энэ шалгуур үзүүлэлтэд өнөөгийн АН аль хэдийнэ тэнцэхээ байжээ. Наад зах нь үзэл баримтлал гэдэг зүйл АН-д байхгүй болсон. Ямар сайндаа л өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар баруун төвийн үзэл баримтлалтай гэдэг АН зүүн төвийн үзэл баримтлалтай МАХН-тай эвсэж байх вэ дээ. Эсрэг тэсрэг, гал ус хоёр ингэж нэг сонгуулийн улмаас тостой тогоонд хошуу холбосон нь сонин үзэгдэл. Үзэл баримтлал нь ийнхүү туйлбаргүй, гуйвамтгай, ойлгомжгүй нам засгийн эрх баривал улс орноо буруу замаар будаа тээлгэнэ л гэсэн үг. Дэлхий нийтэд улс төрийн нам үүссэнээс хойших 150 гаруй жилийн түүхэнд ийм жишээ, сургамж хангалттай. Тиймээс орчин үед улс төрийн намын үндсэн гурван үүргийн нэг нь үзэл суртлын үүрэг хэмээн онцлон авч үздэг болсон. Нийт гишүүддээ либерал, консерватив, социал-демократ гэх мэт үзэл баримтлалыг санал болгож, түүнийгээ өөрсдийн итгэл үнэмшил болгож чадсанаар тухайн нам нийгмийг өөрчлөх, засгийн эрхийг авах зорилгоо хэрэгжүүлдэг. Гэтэл АН-ын хувьд үзэл баримтлал, үнэт зүйлээ гаргуунд нь хаячихаад ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахаар улайрсныхаа хариуг сонгогчдоос хүртсэн. Тиймээс АНынхан ардчилал, хүний эрх гэж ярихаар өмнөөс нь ичиж, нүүр улайх болж. Улс төрийн намын өөр нэг чухал үүрэг нь иргэд, олон нийтийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлох явдал. Энэ үүрэг манай ардчилагчдад үнэр ч үгүй болоод удав.
Дарга, даамлууд нь сандал ширээ, тамга тэмдэгний төлөө хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэж байгаа АНыг олон түмний хүсэл зоригийг илэрхийлнэ, тэднийг оройлон манлайлна гэвэл өнөөдөр захын хүний хөх инээд хүрнэ. Эрх ашгийн эрэмбээ тодорхойлж чадаагүй, тодорхойлсон ч буруу эрэмбэлсэн нам тос дотроосоо өтөж, загас толгойноосоо ялзарна гэгч болдгийг АН өнгөрсөн хэдэн жилийн замналаараа харуулав. Товчхондоо бол үнэт зүйлээ тоосонд даруулсан намд үлгэрлэл, манлайлал, эвлэрэл, нэгдлийн тухай ярих боломжгүй болжээ.
БҮЛЭГЛЭЛДЭЭ ДӨНГӨЛҮҮЛСЭН НАМ АН-ын дотоодод өрнөж буй үйл явцыг харахад намынх нь өмнөх болон өнөөгийн удирдлагууд, лидерүүдийнх нь эрх мэдлийн төлөөх тэмцэл ягтаа тулжээ гэдэг нь ойлгогдоно. Энэ хагарал өнгөрсөн жилийн УИХын сонгуулийн өмнө эхэлж, ан цав нь улам гүнзгийрсээр, эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр тулж ирээд байна. Ангалын хоёр ирмэг дээр хоёр нөхөр сандайлчихаад “Тэнгэрт нэг нар, АН-д нэг дарга байх ёстой” хэмээн их дуугаар өгүүлэн цээжээ дэлдэнэ. УИХ-ын сонгуулийн үр дүнд ялагдал хүлээсэн АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж огцорсон. Тэрбээр өөрийн дараагийн “дүр”-ээрээ УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Тувааныг тодруулж, тамгаа гардуулж, тахимаа өгөөд явсныг бүгд мэднэ. Гэтэл оны өмнөхөн С.Эрдэнэ эргэн ирснээ зарласнаар АН хоёр толгойтой бүргэдийг санагдуулам хоёр толгойтой “Шонхор” болж хувирсан билээ. Эцэстээ Ц.Тувааны АН “Шонхор тауэр”-ээс нүүн, ШИНЭ намын Лу.Болдын “Бодь” цамхагт толгой хоргодон өвөлжив. Тайзан дээрх үйл явдлын өрнөл бол ийм. Өнгөц харахад хоёр хүн намын даргын тамгыг булаацалдаж байгаа л маргаан. Өнгийгөөд хөшигний цаад руу шагайх юм бол жинхэнэ жүжиг тэнд дэглэгдэж буй. Сонгуулийн өмнө ч ийм л юм болсон. Одоо ч ялгаагүй. Ц.Тувааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар бий. Энэ хоёр бүлэглэл ил, далд тэмцэлдсээр эцэстээ намаа туйлдуулж, сульдуулж орхиод байгаа юм. С.Эрдэнэ УИХ-ын сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаагүй минь алдаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь учиртай. Шуудхан хэлэхэд тэрбээр өмнөх Ерөнхийлөгчийн нөлөөнөөс гарч чадаагүйтэй нь холбоотой.
Тухайлбал, УИХ-ын сонгуульд АНаас нэр дэвшигчдийг тодруулахад Ц.Элбэгдорж, Б.Хурц нар голлох нөлөөтэй оролцож, өөрсдийн хүнээ шууд оруулж ирсэн гэдэг. Эдүгээгийн болон экс Ерөнхийлөгч нарын толгойлсон бүлэглэл ийнхүү хагаралдан тэмцэлдэж, энэ толхилцоондоо намынхаа залуусыг ч татан оролцуулав. Ц.Туваан С.Эрдэнийг АН-ын гишүүнээс найман жилийн хугацаатайгаар хасах шийдвэр гаргаж, харин С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа шуудран орохоо мэдэгдэж, дэд дарга нараа сонгож байгаа зэргийг нь эрүүл ухаанаар тайлбарлахад бэрх.
С.Эрдэнийн томилгоогоор АН-ын дэд дарга болоод буй Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарыг харахад л бүлэглэлийн ашиг сонирхол шууд нэвт үнэртэнэ. Ч.Отгочулуу Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан бол Ц.Уртнасан С.Эрдэнийн дараа НДЕГ-ын даргаар ажилласан. Эндээс харахад АН гишүүдээсээ биш бүлэглэлүүдээсээ болоод задарч байна. Завсар орсон АН засал авахаа нэгэнт өнгөрчээ. Харин амин хувийн ашиг сонирхлын энэ тэмцэлдээ ардчилал гэдэг нийгмийн, нийтийн үнэт зүйлийн нэрийг ашиглахгүй байхыг тэдэнд сануулах ёстой.
 
 
Г.ХангардиЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу