Шинээр байгуулагдаад удаагүй байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакциныг 100 хоногийн дотор оруулж ирнэ, Ч.Хүрэлбаатарын ахалсан ажлын хэсгийнхэн энэ оны нэгдүгээр улиралд багтан вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч ДЭМБ-ын хүлээн зөвшөөрдөг Английн алдарт “The Economist” сэтгүүл Монгол Улсыг 2022 оны сүүлээр гэхэд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна хэмээн тооцоолсон талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэж байсан. Тэгвэл энэ удаа вакцины чанарын асуудлыг хөндлөө. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэд цар тахлын эсрэг ямар вакцинд хэзээ хамрагдах нь тодорхой бус байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Шадар сайдууд нь Хятад, Орос, Энэтхэг, Англи, Америк гэсэн өөр өөр улсын вакциныг нийлүүлэхээ ээлж дараалан мэдэгдснээр олон нийт төөрөгдөлд ороод байна. Мөн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын мэдээлсэн шиг сая гаруй тун вакциныг манай улсад нийлүүлэх боломжгүй гэдгийг COVAX хөтөлбөрийн улс орнуудад хуваарилах вакцины тоо хэмжээний урьдчилсан дүн дахин баталлаа.
Хятад улс нэн тэргүүнд Монголд вакцины тусламж үзүүлнэ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Цай Вэньруй “Манай улс дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаа 53 улсад тусламжийн хэлбэрээр нийлүүлнэ. Монгол Улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсын жагсаалтад багтсан. Мөн БНХАУ COVAX хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан” гэж ярьсан юм. Хятадын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “Sinovac Biotech” компанийн боловсруулсан COVID-19 эсрэг “CoronaVac” вакциныг дотооддоо хэрэглэх зөвшөөрлийг энэ сарын 6-нд олгосон. Энэ вакциныг тус улс өнгөрсөн зургаадугаар сард онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгож, долдугаар сараас тусгай эрсдэлт бүлгийн хүмүүсийг дархлаажуулж эхэлсэн юм.“CoronaVac” вакцин нь тус улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн хоёр дахь вакцин болж байна. Бразилд явуулсан эмнэлзүйн туршилтаар “CoronaVac” вакцин нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндээр өвчлөх, нас барахаас 100 хувь, эмчилгээ хийлгэхээс 83.7 хувь сэргийлсэн. Мөн 91.25 хувийн ерөнхий үр дүн үзүүлснийг “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Оросын Спутник V вакцинд зорилтот бүлгээ хамруулна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг энэ сарын 4-нд төрийн ордонд хүлээн авч уулзсан. Энэ үеэр COVID-19-ийн эсрэг Спутник V вакциныг Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов илэрхийлсэн билээ.
Цар тахлын эсрэг дэлхийн хамгийн анхны вакцин хэмээн зарлаж байсан Спутник V вакцин 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоосон болохыг “The Lancet” сэтгүүл энэ сарын 2-нд зарласнаар гуравдугаар шатны туршилтын үр дүнгээ олон улсын тэргүүлэх зэрэглэлийн анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн дөрөв дэх вакцин болсон юм. Их Британийн “The Guardian” сонин “Спутник V вакцин нь COVID-19 халдварын эсрэг 91.6 хувийн үр дүнтэй. Вакцин хийсний дараа ноцтой гаж нөлөө илрээгүй” гэж мэдээлжээ.
Энэтхэгээс 150 мянган тун вакцин ирнэ
Энэтхэг улс Монгол руу 150 мянган тун “Covishield” вакцин илгээхээ мэдэгдсэн. Энэ вакциныг ДЭМБ батлаагүй, сүүлийн шатны туршилт нь дуусаагүй байгаа. Тиймээс оруулж ирээд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсний дараа хүн амын дархлаажуулалтад хэрэглэх ёстой юм. Энэтхэг улсаас хандивлах “Covishield” вакцин нь Оксфордын их сургууль болон Их Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн хамтран боловсруулсан вакцин бөгөөд тун тус бүр 0.5 мл савлагаатай, 4-6 долоо хоногийн зайтай тарих ёстой юм.
COVAX хөтөлбөрийн хүрээнд Pfizer, AstraZeneca-гийн вакциныг нийлүүлнэ
Манай улс COVAX хөтөлбөрийн хүрээнд 2.3 сая Moderna, 1.8 сая Pfizer, 2.5 сая AstraZeneca компанийн үйлдвэрлэсэн вакциныг эхний ээлжинд оруулж ирж, нийт хүн амынхаа 60 хувийг хамруулна хэмээн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдээлсэн билээ. Гэвч COVAX хөтөлбөрийн албан ёсны Gavi.org сайтад энэ сарын 3-нд мэдээлснээр 2021 оны эхний хагас жилд манай улсад AstraZeneca-ийн 163200, Pfizer/BioNTech-ийн 25740 тун вакциныг нийлүүлэхээр төлөвлөсөн байна. COVAX-ийн хүрээнд AstraZeneca-ийн 340 орчим сая, Pfizer/BioNTech-ийн 1.2 сая тун вакциныг эхний хагас жилд багтаан улс орнуудад хүргэхээр төлөвлөжээ. Ингэхдээ 35-40 хувийг эхний улиралд, 60-65 хувийг II улиралд багтаан ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан хүргэх юм байна.
Чанарын тухайд дээрх хоёр вакцин туршилтын бүх үе шатаа амжилттай давж, ДЭМБ-аас яаралтай ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс AstraZeneca вакциныг шинэ хувилбараас хамгаалах чадвар сул гэсэн дүгнэлт гаргаж хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг хойшлуулах шийдвэрийг ням гаригт гаргасан. Гэвч AstraZeneca компанийн Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн энэ вакцины дархлаа тогтоох чадварт итгэлтэй байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдсэн юм. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ӨАБНУ-д хийсэн туршилт нь цөөн, залуусыг оролцуулсан тул вакцины нөлөөг бүрэн үнэлэх боломжгүй юм. Өртөг хямд, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой, энгийн хөргүүрт хадгалах тээвэрлэх боломжтойгоороо AstraZeneca компанийн вакцин нь дэлхий нийтийн цар тахалтай хийх тэмцэлд чухал үүрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ДЭМБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байв. Гэвч энэ оны эхний хагас жилд дээрх хөтөлбөрөөр манай улсад 200 мянга хүрэхгүй вакциныг нийлүүлнэ.
Нэг вакциныг хоёр тун гэж тооцоолбол 100 мянга хүрэхгүй хүн вакцинд хамрагдах боломжтой юм. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Одоогоор ДЭМБ-аас BioNTech-Pfizer, Moderna, Oxford/AstraZeneca компанийн вакцинд зөвшөөрөл олгоод байна.Дээрх бүх вакциныг хоёр удаа хийж байж дархлаа тогтооно гэдгийг санах хэрэгтэй. Хоёр тунгийн хоорондын хугацаа нь вакцины онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дор хаяж дөрвөн долоо хоногийн хугацаанд таны биед халдварын эсрэг бүрэн дархлаа тогтох юм” гэж ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан билээ.
Вакцинаас өөр цар тахлыг зогсоох гарц байхгүй үед аль улсаас хэдий тооны вакциныг хэзээ оруулж ирэх тал дээр санал нэгдэхгүй бол эхний 100 хоногтоо багтаан 60 хувиа вакцинжуулах нь биеэлшгүй мөрөөдөл болох нь. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн “Агаар дуслын замаар халдаж байгаа учраас вакцин ашиглахгүйгээр халдварыг тогтоох боломжгүй. Гурван шатны туршилтыг даваад гарсан вакцин ямар нэг хэмжээгээр дархлаа тогтооно. Хүн төрөлхтөн вакцины тусламжтайгаар олон аюулт өвчнийг устгаж чадсан гэдгийг мартаж болохгүй.Хүн амын дунд ямар нэг байдлаар сүргийн дархлаа тогтоогүй байгаа үед COVID-19 халдвар нь бидний санааг зовоосон хэвээр байх болно. Вакцинд хамрагдаж чадахгүй удах тусам боловсрол, эдийн засаг, эрүүл мэндийн асуудал нэмэгдэнэ” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд өдөрт дунджаар 4.7 сая хүн COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэж байхад бид аль вакцинд иргэдээ хамруулах учраа олоогүй суугаа нь 2022 оны сүүлээр гэхэд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэсэн тооцоолол үнэний ортойг баталж байна. Түүнчлэн хувийн зарим нэг эмнэлгүүд COVID-19 эсрэг вакциныг оруулж ирэхээ мэдэгдсэн билээ.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин