УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын даргыг огцруулах гишүүдийн шаардлагыг хэлэлцэх эсэх тухай асуудал хөндөгдлөө. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "УИХ-ын даргыг огцруулах ямар нэгэн тогтоол орж ирээгүй учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй. УИХ-ын даргыг огцруулах хуулийн шаардлагын дагуу тогтоолын төсөл орж ирсэн бол хэлэлцэх байлаа. Харин энэ асуудлын тухайд намын бүлэг, нам дотроо хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. УИХ-ын үйл ажиллагаа өмнө нь олон удаа гацаж байсан. Тэр бүх тохиолдолд ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэж ирсэн.
Тиймээс бүлэг дотроо яриад ойлголцох нь зөв" гэсэн юм. Байнгын хорооны даргын энэхүү тайлбарын дараа үг хэлсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАН-д үүссэн хагарлаас болоод төрийн үйл ажиллагаа гацаад байна. Хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Болдог бол би танай бүлгийн дарга болчихмоор байна. Танай намын дарга руу захидал бичдэг юм бил үү. Танай бүлгийн энэ нэг асуудлыг цэгцэлмээр байна. М.Энхболд дарга бол УИХ-ын даргынхаа хувьд З.Энхболдтой харьцуулахад сайн удирдагч. Ядаж л гишүүдийнхээ үгийг таслаад байдаггүй. Байнгын хорооны дарга ч гэсэн үүнээс нь суралцаж миний үгийг таслахгүй байгаад баяртай байна" гэлээ.
Eagle.mn