Caakmedee

Шүүх байгууллага авлигад идэгдсэн салбараар тодорчээ

  • Нийтлэл
  • 2018/12/26
Монгол Улсын хамгийн гол гэсэн институциуд авлигын идээ бээрээр буглажээ. Бүр гүн гүнзгий шүү. Тодруулбал, 2018 оны авлига хамгийн их тархсан институцээр шүүхийн байгууллага тодорсон байна. Уг нь үнэн, худлыг дэнслэх эрхийг хуулийн хүрээнд олгохдоо чамлахааргүй цалин пүнлүү олгож буй. Хуулийн хүрээнд эдэлдэг эрх дархаараа ч, бусад төрийн албан хаагчдаас илүү цалин, хангамжийг эдэлдэг нь яах аргагүй үнэний нэг.
Чухамдаа бол дээр хэлсэн үнэн, худлын дэнсийг дэнслүүлэх эрхийг зөв шударга, ёс зүйтэй, цэгц шулуун, хариуцлагтай шүүгчид атгуулах гэж тэр шүү дээ. Гэвч тэднийг шударга байлгах гээд цалин, тэтгэмжийг нь мянга нэмээд ч нэмэргүй бололтой. Яг үнэндээ яллах дүгнэлт уншиж, алх цохидог эрхэм шүүгчид маань өөрсдөө авлигыг цэцэглүүлэхэд тэргүүлэх хувь нэмэр оруулж явааг нь баримтаар бүр цаашлаад цөөнгүй нотлох баримтаар баталгаажуулсан болохыг АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр танилцуулдаг хэвлэлийн хурлаар мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, АТГ-аас хийсэн “Шударга байдлын үнэлгээ” судалгаагаар авлигад идэгдсэн салбараар шүүхийн салбар тодорчээ.
Өнөөдөр төрийн гацаа үүсээд сар гаруй хоногийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд төрийн түшээд бие биеийнхээ олон баримтуудыг дэлгэлгэлцэн, хэн нь илүү мэдээлэлтэй болохоо шалгацгааж байна. Бараг төрийн мөнгөнд гар дүрээгүй түшээ олдохгүй нь гэсэн эргэлзээ үүсгээд байгаа юм. Идсэн уусан, луйвардсан, хулгайлсан зэрэг олон баримтыг бие бие рүүгээ шидэж байхад хууль хүчнийхэн нүдэн балай, чихэн дүлий суугаад нь иргэд гайхаж, толгой сэгсэрдэг байв. Эрх мэдэл, мөнгө бүх зүйлийн тэргүүнд гарсан “ялзарсан” нийгэм ч гэж иргэд зүхэж байлаа. Тэгвэл учир ийн тайлагдлаа. Юу гэхээр шүүхээс гэм буруутайг нь тогтоовол гэмт хэрэгтэн болдог. Шүүхээс тогтоогдоогүй л бол гэмт хэрэгтэн, буруутан биш гэсэн үг.
Тэгэхээр УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанд холбогдох хэрэг яагаад шийдэгдэхгүй уддаг болдогын шалтгаан нь шүүгчид авлигад идэгдсэн юм байна. Авлига авсан шүүгчид үнэний талд зогсч, үнэн худлыг дэнсэлж чадахгүй юм байна гэдгийг бэлхнээ баталчихлаа. Тодруулбал 2018 онд хийсэн дээрх судалгаанд нийтдээ 9411 иргэн, албан хаагчийг хамруулсан байна. Тэгвэл хоёрхон жилийн өмнө буюу 2016 онд хийсэн судалгаагаар авлигын үзүүлэлтээрээ гуравдугаарт жагсч байсан бол 2018 онд тэргүүлэх хэмжээнд тултлаа авлигад идэгджээ. Ажил, амжилтаараа тэргүүлсэн бол яаахав гээд, алгаа ташиж баяр хүргэхсэн. Тиймээс шүүх байгууллагын идээ бээрийг шахах цаг нь ирж. Тэгж байж л төрийн өндөр албан хаагчидтай хуулийн дагуу арга хэмжээ авах үндэс суурь бэхжих юм гэдгийг энэ удаагийн нийтлэлээрээ дайя.
Дашрамд дурдахад, 2016 оны авлигын индекс судалгаагаар боловсролын байгууллага жагсаалтын есдүгээрт бичигдэж байсан бол 2018 оны судалгаагаар тавдугаар байрт жагсчээ. Тэгвэл энэ оны байдлаар газрын алба авлигын үзүүлэлтээрээ хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар гуравдугаарт, яам, агентлагын газрууд дөрөвдүгээрт орж авлига их тархсан институц гэж нэрлэгдсэн байна.
Б.Лхам
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу