Caakmedee

"Ковидгүй зуны төлөө вакциндаа хамрагдъя"

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/04/05
Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний олон нийтэд хандаж мэдэгдсэн уриалга. Тэрбээр МҮОТВ-ээр ард иргэддээ хандан "Ковид-19 хэмээх вирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их буюу 2.9 сая хүний амь насыг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны санхүүгийн хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно" гэдгийг хэлж байсан. Бид цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгүүдээ Засгийн газрын эхний 100 хоногт багтаан вакцинжуулна" гэсэн зорилт тавин ажиллаж байгаа билээ. Цаашлаад нийт иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар Засгийн газар бүхий л хүч боломжоо дайчлан ажиллаж байна. Дөрөв, тавдугаар сарыг Вакцинжуулалтын сар болгон зарлалаа" гэдгийг онцолсон.
Өнөөдрийн байдлаар 346 мянга гаруй иргэн буюу насанд хүрсэн хүн амын 16 хув нь вакцинд хамрагдаад байгаа билээ. Өнөөдрөөс 18-49 насны иргэд харьяа газрууддаа вакцинжуулалтад хамрагдана. Нийслэлийн хэмжээнд  вакцинжуулалтын 80 гаруй цэг өнөөдрөөс ажиллаж байна.  
 
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар "Улаан түвшин"-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэсэн.  Гэхдээ энэ сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа билээ. Энэ хүрээнд 
  • Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах   
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
  • Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах  30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
  • Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 
Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:
  • Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх
  • 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах
  • Хөршийн холбоо,  иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах
  • Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс  нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах 
  • Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах
Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд:
  • Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх
  • Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх
  • Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих 
  • Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах
  • Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах
  • 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах
  • 04 дүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах
  • 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа. 
 
Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдан дэлгэр зуныг ковидгүйгээр угтахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй юм. Их зохиолчийн хэлсэнчлэн "Эрүүл явбал улсын наадам үзнэ", бүгдээрээ. 
Н.Нягт  
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу