Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулсан хүндхэн цаг үеийг туулж байна. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах энэ эгзэгтэй үед хүний заяагдмал эрх ноцтой зөрчигдөж байгааг дэлхий даяар шүүмжилж ирэв. Хатуу хөл хорионы дэглэм нэрийдлээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах явдал хэрээс хэтэрч байгаа учраас төр иргэдийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатайг олон улсын хүний эрхийн байгууллагууд хэлж шаардаж байгаа юм. Харамсалтай нь Монгол Улсад цар тахлын хатуу хөл хориогоор далимдуулж хүний эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах явдал газар авсан. Тэр ч бүү хэл төрийн байгууллагуудын уялдаагүй шийдвэрийн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чадалгүй нас барсан, халдвар авсан нэрийдлээр нялх биетэй эмэгтэйг углааштай гаргасан, халдвар авсан иргэний нэр, зураг, регистрийн дугаар бүхий хувийн мэдээллийг нийтэд “цацсан” төрийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжгүй, уялдаагүй шийдвэр удаа дараа гарсан.
Тэгвэл манай улс халдварын тархалтыг хумихын тулд хоёр удаа хатуу хөл хорио тогтоосон. Гэвч хоёуланд нь иргэдийн эрхийг хамгаалж бэлэн байдалд ажиллах учиртай Хүний эрхийн үндэсний комиссыг хөл хорионы үеэр ажиллах байгууллагын жагсаалтад багтаасангүй. Хамгийн сүүлд буюу энэ сарын 10-наас эхлэн 14 хоног хөл хорихдоо мөн л зайлшгүй ажиллах 15 байгууллагыг нэрлэхдээ хүний эрхийн комиссыг “мартжээ”. Өөрөөр хэлбэл, эрх нь зөрчигдсөн иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр ажиллах ёстой хүний эрхийн байгууллагыг хөл хорионы үеэр ажиллах хуваарьт оруулаагүйгээс хэдэн хувиар яаж ажиллах нь тодорхой шийдэлгүй. Нэр дурдаагүй ч “төрийн байгууллага” гэдэгт хамааруулж болох ч жагсаалтад байхгүй болохоор хөл хорионы үеэр хяналт тавьж байгаа хуулийн байгууллагын ажилтнуудад үргэлж тайлбарлаж зорчих болдог. Гэвч зарим нь жагсаалтад байхгүй гэсэн нэрийдлээр буцаах, чирэгдэл учруулах байдал цөөнгүй гардаг аж. Тэгсэн хэрнээ асуудал гармагц хүний эрхийн байгууллага юу хийв. Удаан, хойрго байна хэмээн цоллодог. Гэтэл хөл хорионы үеэр хүний эрх хангагдаж байгаад хяналт тавих үүрэгтэй төрийн тусгай нэгжийнхээ “эрхийг” хязгаарласан байх жишээтэй.
Хөл хорионы үеэр комисс хэрхэн ажиллаж байгаа талаар тус байгууллагаас тодруулахад “Комиссын гишүүд бүрэн цагаар, ажилтнууд хуваариар ээлжилж зорчиж байна. Гомдол, саналын мөрөөр гадуур явах шаардлага их гардаг. Гэтэл зайлшгүй ажиллах байгууллагын нэрийн жагсаалтад ХЭҮК байхгүй учраас байнга тайлбарлаж, учирлаж явах хэрэг гардаг. Зарим цагдаа танай байгууллагын нэр алга мэтээр хүндрэл учруулах тохиолдол гарна. Хөл хорионы өдрүүдэд 7000022 утсаар байнгын гомдол, мэдээлэл хүлээн авч, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хөл хорио тогтоосноос хойш амралтын хоёр өдөр орон нутгаас гомдол ирсэн. Тусгаарлах байрны орчин нөхцөл муу, хулгайн замаар зорчиж байгаад баривчлах шийтгэл авсан. Гэвч хууль, шүүхийн байгууллага нь ажиллахгүй байна гэсэн гомдол ирлээ. Бид хяналтын цэгүүд, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, цагдаагийн байгууллагад ирж байгаа гомдол мэдээллийн шийдвэрлэлт, вакцинжуулалттай холбоотой асуудалд анхаарч ажиллаж байна” гэсэн юм.
С.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин