Caakmedee

Монголд хүн үлдэх нь үү

  • Онцлох мэдээ
  • 2018/12/27
Зөвхөн 2018 онд 490 иргэн Монгол Улсын иргэний харьяаллаас татгалзжээ
Гадаадын иргэн харьяатын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийв. Их ч олон зүйл ярилаа, анхаарууштай, мэдээд авахад илүүдэхгүй чухал мэдээлэл цөөнгүй байв. Гэхдээ энэ дундаас Монгол Улсын иргэн болохыг хүссэн хэдэн хүний хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авсан, гадаадын 500 гаруй иргэнийг албадан гаргасан тухай мэдээ л түлхүү цацагдах шиг боллоо. Харин энэ дунд нэгэн чухал тоо баримт олны анхаарлын гадуур өнгөрсөн нь зөвхөн 2018 онд 490 хүн Монгол Улсын иргэний харьяаллаас татгалзсан тухай байлаа.
Ер нь улсынхаа иргэншлээс татгалзах хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тухайлбал, 2014 онд 85, 2015 онд 129, 2016 онд 307 хүн монголын иргэншлээс гарчээ. Тэгвэл 2018 он хараахан дуусаагүй байхад монголоос татгалзах хүний тоо хагас мянгад нэлээд дөхсөн байна. Энэ бол хүсэлтээ албан ёсоор шийдвэрлүүлсэн иргэдийн тоо гэдгийг тодотгох нь зүйтэй байх. Харин үүний цаана хүсэлтийг нь хүлээн аваагүй, бичиг баримтын зөрчилтэй, нөгөө улсынхаа иргэншлийг авч чадаагүй хүмүүсийн тоог нэмбэл хэдэн мянгаар яригдах болно. Зөвхөн 2015 оноос хойш гэхэд Шенгений орнуудын цагаачлалын албанд бүртгүүлсэн монгол иргэдийн тоо 10 мянгыг хэдийн давжээ. Хэрэв цагаачлалыг нь хүлээн зөвшөөрвөл төдий тооны хүн эх орноо солиход бэлэн байна гэсэн үг.
Дүрвэгсэд болон цагаачлалын асуудал угаас дэлхий нийтийн “толгойны өвчин” болоод буй. Гэхдээ бусад улс руу цагаачилж буй шалтгаан нь монголынхоос өөр л дөө. Дайн байлдаан, үндэстэн хоорондын мөргөлдөөн, улс төрөөс үүдэлтэй мөрдлөг хавчлага энэ бүхний үндсэн шалтгаан. Харин Монголд дээр дурдсан бүхэн алга.
Үргэлжийн дайн байлдаантай, шашны мөргөлдөөнтэй байдаг улсуудын хажууд Монгол бол амар амгалангийн диваажин л гэсэн үг. Тэгсэн хэрнээ хүмүүс нь яагаад эх орноо орхин одоод байна вэ. Үүнийг хүмүүсээс асуувал “Эргэн тойрныхоо байгаа байдлыг хар л даа” гэх байлгүй.
Аргагүй ээ, агаарын бохирдол нь аюулын улаан шугамнаас хэд дахин давсан, автобусанд суух гэж алалцсан, автомашины түгжрэлд бухимдсан, ажилгүйчүүд, архичдаар дүүрсэн, дээд дарга нар нь авлигад идэгдсэн энэ улсад хэн амьдрахыг хүсэх юм бэ. Саяхны нэгэн судалгаагаар хөдөөгийн иргэдийн 75 хувь нь хотод амьдрах хүсэлтэй гэж хариулсан байна лээ. Үүнтэй нэгэн адил хэрэв боломж нь олдох юм бол монголчууд бөөнөөрөө гадаадад дүрвээд гарах хүсэл, сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. БНСУ-руу визгүй зорчдог болно гэсэн шуум тарахад “Тэгвэл сүүлийн хүн нь онгоцны буудлынхаа гэрлийг унтраагаарай” гэдэг бол үнэнд нэлээд дөхөж очсон хошигнол. Харамсалтай хэдий ч өнөөгийн бидний бодит байдал ийм л байна.
Ард иргэд нь улсаасаа дайжиж, цагаачилна гэдэг төр засгийг удирдаж байгаа эрхмүүдийн бодлого, шийдвэртэй шууд холбоотой. Үүний хамгийн тод жишээ нь Венесуэл улс болж байна. Тус улс популист удирдагчийнхаа харалган бодлогын балгаар инфляцын түвшин нь нэг саяд дөхөж очив. 2013 онд Николас Мадуро төрийн сэнтийд заларснаас хойш хэдийн дөрвөн сая хүн өөр улс руу цагаачлан оджээ. Дүрвэгч, цагаачдын их урсгал цаашид ч үргэлжилнэ гэх харамсалтай таамгийг мэргэжилтнүүд гаргаад буй.
Латви бас цагаачлалын урсгалыг манлайлж буй улсын нэг. 2004 онд тус улс Европын холбоонд нэгдэн орсноос хойш иргэд нь баруун Европ руу бөөн бөөнөөрөө нүүсээр байна. Хэрэв энэ урсгал цааш үргэлжилсээр байвал 100 жилийн дараа Латвид хүн үлдэхгүй, энэ улс мөхөж алга болно гэх зүрх шимшрүүлэм мэдээ дуулдаж байв.
Ойрхны нэгэн жишээ гэвэл Америкаас Канад руу зүглэсэн урсгалыг нэрлэж болно. Трампыг засгийн эрхэнд гарсны дараа буюу 2017 онд АНУ-ын иргэншлээ Канадаар сольсон иргэдийн тоо зургаа дахин өсөж, 2550-д хүрсэн байна. Энэ нь 1994 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Хэрэв төр засгийнх нь бодлого шийдвэр таалагдахгүй, удирдагчийн үзэл бодолтой санал нийлэхгүй бол иргэд нь ийнхүү улсаасаа татгалздаг аж. Латви, Венесуэлийн жишээ монголчууд бидэнд нэн ойрхон байгаа биз.
Шенгений орнуудын цагаачлалын албанд бүртгүүлсэн монголчуудын тоо 10 мянгыг давжээ
Үнэнийг хэлэхэд тэд эх орондоо хайргүй, дургүйдээ ийн яваагүй. Монголд амьдрахад өдрөөс өдөрт хэцүү болсоор байгаа болохоор л харь орныг зорьсон. Гадаадад амьдарч буй монголчуудын яриа ч үүнийг нотолдог. Тухайлбал, 33 настай Э “Би Шведэд таван жил амьдарчихлаа. Нутагтаа очиж амьдармаар санагдах юм. Гэвч монголын талаар дандаа хар бараан мэдээ сонсогддог болохоор очиж төвдөхгүй байна. Очлоо гэхэд хүүхдүүд маань яаж амьдрах бол гэж санаа зовдог. Үнэнийг хэлэхэд хүүхдүүдээ бодсондоо энд үлдэхээр шийдсэн” гэв. Харин 58 настай Б “Миний гурван хүүхэд Америкт амьдардаг. Нас ахиад ирэхээр хүүхдүүдээ их санадаг юм байна. Гэвч хүрээд ир гэж дуудах арга алга. Энэ их утаа, тоос шороо, бухимдал дунд тэднийг яаж амьдруулах юм бэ” хэмээн ярилаа.
Ард иргэдээ аз жаргалтай, аюул осолгүй амьдруулах нь төр барьж буй нөхдийн үндсэн үүрэг. Гэвч төрийн толгойд суусан унхиагүй нөхөд, тэдний удирдлагад ажиллаж буй мэдлэг чадваргүй хурган дарга нар, цүнх баригчдыг хараад улс орон маань хөгжиж цэцэглэнэ гэсэн итгэл улам бүр бөхөх боллоо. Сандал суудал булаалдсан тэмцэл нь төрийн ажлыг гацаагаад удлаа. Жижиг бизнес эхлүүлэх гэж зүдэрч яваа жирийн иргэдэд очих мөнгийг томчууд өөрсдөө хуваагаад цохисон нь илэрлээ. Хөгжил дэвшил, гарц шийдэл, бодлого ярихын оронд нэгнийхээ муу муухайг илчилж сүрдүүлсэн төрийн түшээдийг хараад хэлэх ч үг олдохгүй юм. Тэгсэн хэрнээ Байгаль орчны сайд нь “Ногоон элч” гэх шагналын эзэн болж, түүнийгээ гардан авч буй зургаа хэвлэл мэдээллээр түгээхдээ огт ичиж зовсонгүй. Нийслэл нь хорт утаандаа бүрхүүлж дууслаа. Бохир агаараас болж өвдсөн хүүхдүүд эмнэлэгт багтахгүй чихэлдэж байна.
Ийм л арчаагүй төртэй, ийм л арчаагүй сайдуудтай, ийм л арчаагүй гишүүдтэй учраас энэ улс чинь уруудан доройтсоор байгаа юм. Улс нь уруудаад байгаа болохоор иргэд нь гадаадад цагаачлахыг хүсэн тэмүүлэх боллоо. Энэ янзаараа бол дараагийн Латви, дараагийн Венесуэл болоход гайхах зүйл алга. Гэвч эрх баригчид үүнийг анзаарч байгаа шинж ч үгүй, хэрүүл тэмцлээ үргэлжлүүлсээр. Харин нэг сэхээ авахад чинь энэ улсын иргэд бөөнөөрөө цагаачлаад алга болсон байх вий. Тэр үед харин онгоцны буудлынхаа гэрлийг өөрсдөө унтраахаа мартав!!!

Г.Баярсайхан
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу