Одоогоос 18 жилийн тэртээ Б.Хурц нарын ТЕГ-ын ажилтнууд Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан. Эрүүдэн шүүсэн. Удалгүй Д.Энхбат нас барсан. Энэ асуудал ямар нэг шийдэлгүй өнөөдрийг хүрчээ. Тэгвэл энэ сарын 19-ний өдөр Д.Энхбат агсны хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ээлжит өргөдлөө гаргалаа.
Уг өргөдөлд дурдагдсан нэг баримт байна. Тэр нь ХЭҮК-ын 2010 оны арваннэгдүгээр сарын 29-нд гаргасан №02/281 тоот дүгнэлт юм. Уг дүгнэлтийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн №11/7565 албан бичгийн дагуу дүгнэлт гаргаж байжээ. Түүнийг тухайн үед УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж байжээ.
Уг дүгнэлтэд “ТЕГ-ын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч дур мэдэн нэгжих, баривчлах, хорих, эрх чөлөөг иь хязгаарлахыг хориглоно.
Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлон харьцаж болохгүй” гэсэн заалтыг эөрчиж, Д.Энхбатыг Франц улсаас хулгайлан, хуурамч бичиг баримт ашиглан Монгол Улсын хил нэвтрүүлж, нууц газар, ямар ч хяналтгүйгээр долоо хоног цагдан хорьж, эрүүдэн шүүх үйл ажиллагаа явуулж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг албадаж, талийгаач С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт бусдыг гүтгүүлэхийг оролдож хүний эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байна” гэжээ.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин