Одоогоос 100 хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар парламентын гишүүдийн 87.9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож, танхимаа бүрдүүлж байв. Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газар 100 хоногт юу амжуулав. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалтай нүүр тулсан амаргүй цаг үе байсан ч чамлахааргүй ажилласныг Засгийн газрын тэргүүн болоод танхимын сайд нар тайлагналаа.
Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авсан эхний өдрөө дөрвөн зорилт тавьж ажиллахаа мэдэгдсэн. Эхнийх нь цар тахлыг богино хугацаанд даван туулах байсан бол удаах зорилт нь хүндхэн байгаа эдийн засгаа богино хугацаанд сэргээх төлөвлөгөө байв. Харин гурав дахь зорилт нь дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бий болгохоо амласан байдаг. Харин сүүлийн зорилт нь шударга ёсыг тогтоож, цахим засаглалыг бий болгоно гэдгээ парламентын индрээс мэдэгдсэн юм. Энэ хүрээндээ иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг баталж, бүх шатандаа хэрэгжүүлж эхэлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай Засгийн газар амаргүй цаг үед байгуулагдсан. Дэлхий тэр чигтээ цар тахлын өмнө сөхөрч байна. Гэхдээ манай улс цар тахлыг 10 сар дотооддоо алдалгүй барьж чадсан. Энэ нь вакцинжуулалттай залгах цаг үеийг хожиж чадсан алхам. Цар тахал эдийн засаг хоёр урвуу хамааралтай. Энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах вэ гэдэг сорилт ирсэн. Эдийн засаг 5.3 болж агшсан цаг үе таарсан. Төсвийн нийт алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь 12.3 хувь болж төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан найм орчим их наяд төгрөг буюу 7.9 их наяд төгрөг Төв банкинд гацсан. Нэг үгээр хэлбэл, банкууд зээл гаргахаа больж, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахаас айж эхэлсэн. Тиймээс зах зээлд байгаа бэлэн мөнгөний урсгал туйлын ихээр хомсдож, 68.9 мянган ажлын байр байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ засгийн газар нүүр тулсан" гэдгийг мэдээллийн эхэнд тодотгосон юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 101 дэх өдөр өнөөдөр эхэлж байна. Харин ирэх цаг хугацаа, цар тахлын дараах нөхцөл байдлыг илүү амбицтайгаар харж байгаа, 2021-2030 онд Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төслийг хэрэгжүүлэхээ зарлалаа. Гэхдээ бүгдийг шинээр эхлэх биш бүх Засгийн газрын сайн бодлогын үргэлжлэл байх болно гэдгийг итгэл төгс хэлье. Цар тахлыг амжилттай даван туулсан 10 улсын нэг нь Монгол байх болно хэмээсэн Ерөнхий сайд болоод танхимын гишүүдийн хэлсэн мэдээллээс тоймлон хүргэе.
ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ХҮҮХДИЙН ВАКЦИНЫГ ТАТАН АВНА
Дэлхий нийтээр хүүхдийн вакцинжуулалтад анхаарч байгаа энэ цаг үед Монгол Улс ч мөн адил хоцрохгүй байх бодлого баримталж, хичээж байна. Тиймээс ирэх долдугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авах бэлтгэл ажил хийж байгаа аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид Файзер компанитай холбоо тогтоон ажиллаж байгаа. Долдугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авахаар төлөвлөж байна. Худалдан авалтад ямар нэгэн асуудал гарахгүй. Одоо хийгдэж буй вакцины 80 орчим хувийг бид гаднаас худалдан авсан. Өнөөг хүртэлх худалдан авалтад ямар нэгэн хүндрэл гараагүй.
ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ НЭМЭГДЭЛ, ХӨНГӨЛӨЛТҮҮДИЙГ ОН ДУУСТАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА
Цар тахлын үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, 2021 оны долдугаар сарын 1 хүртэл татвараас чөлөөлсөн. Харин удахгүй долдугаар сарын 1 болж, үүнээс хойш ААН-үүд өөрсдөө татвараа төлөх юм. Энэ тал дээр “Цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолтой хэвээр байна. Зөвхөн татвартай холбоотой асуудал биш. Тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлууд бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Цар тахлын нөлөө гүйцэд арилгахгүй бол энэ арга хэмжээгээ он дуустал үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ нь төсөв дээр асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй учраас бидний тооцож байгаагаар вакцинжуулалт хурдан явагдаж эдийн засаг сэргээд одоо байгаа нөхцөл байдлын үзүүлэлт сайжирвал асуудал өөр болно. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Эдийн засаг сайжирвал мэдээж хөнгөлөлтүүдийг сунгахгүй. Тиймээс халдварын тохиолдлын тоо, вакцинжуулалтын үр дүнг харна" гэлээ.
АВЛИГЫН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН БОЛ ҮГ ДУУГҮЙ ХАЛНА
Ерөнхий сайдтай хийх уулзалтын үеэр зарим төрийн албан тушаалтан, Засгийн газрын сайд нартай холбоотой сахилга, хариуцлагын асуудлыг сэтгүүлчид хөндлөө. Энэ тал дээр ямар бодлого баримтлах тухайгаа Ерөнхий сайд “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ямар нэг асуудалтай нэр холбогдсон тохиолдолд шууд буруутгах аргагүй. Асуудал байвал хууль хяналтын байгууллагад шалгуулж үнэн мөнийг тогтоолгоно. Харин Засгийн газрын сайд нар ч бай авлигын хэрэгт нэр холбогдсон бол ярих юм байхгүй. Сануулга өгөөд шууд хална. Үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй” гэв.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХӨД ГУРВАН ЖИЛ ЗАРЦУУЛНА
Жил гаруй хугацаанд цахимаар хичээлд суусан хоцрогдлыг хэрхэн арилгах талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол боловсрол. Цар тахал цаашид үргэлжилж, есдүгээр сард хичээл нээх боломжгүй болбол хэрхэх талаар, 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлөх талаар Дэлхийн банктай хамтарч судалгаа хийсэн. Нийт хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хохирол ирээдүйд үүснэ гэсэн судалгаа бий. Нэг хичээлийн жилд танхимаар 165-180 хоног хичээллэдэг. 2020 онд 40 хувь нь цахимаар хичээллэсэн. 2021 онд цахимаар 110 хоног цахимаар хичээллэсэн байна. Ер нь Монгол Улсын боловсролын салбарт цар тахлаас өмнө ч хоцрогдол үүссэн байсан юм билээ. Тиймээс цар тахлын өмнөх ба дараах хоцрогдлыг арилгах шинэчлэлийг ойрын хугацаанд хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Боловсролын салбарын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулж байгаа. Удахгүй Засгийн газарт танилцуулна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зардал, санхүүжилт шаардсан ажил байх болно. Энэ жил хичээлийг 15 хоногийн өмнө эхлүүлээд хоцрогдлын асуудлыг шийдвэрлэхгүй. Хамгийн багадаа гурван жилийг зарцуулж байж хоцрогдлыг нөхөх тооцоо, судалгаа гарч байна” гэв.
ИРГЭНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ РҮҮ ТӨР НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
Монгол Улс цахим үндэстэн болохоо зарлаж, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар энэ ажилд онцгой анхаарал хандуулж байгаа. Тэгвэл цахим засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, технологийн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ.Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инноваци нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлж, үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангасан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барьсан талаар “Цахим хөгжлийн дөрвөн багц хууль батлагдвал цахим гарын үсэгтэй болно. Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн боломж бүрдэнэ. Таны мэдээлэл рүү төр нэвтрэх боломжгүй болно гэсэн үг. Ийм оролдлого гарвал заавал сигнал танд имэйл хаягаар очно. Төрийн серверүүд хувийн серверүүдтэй холбогдоно. Иргэн 10 оронтой нэг кодтой болно. Регистрийн болон жолооны үнэмлэхний дугаар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар байхгүй болох юм. Цахимаар гэрээсээ үйлчилгээ авах систем рүү орно. Энэ нь хүнд суртал авлигыг тодорхой хэмжээнд бууруулна. Хэрвээ цахим шилжилт хийгээгүй яам байвал авлигатай тэмцэх ерөнхий сайдын тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ. Авлига авсан хүн, авлига үүсэж байгаа хөрс суурьтай тэмцэнэ.Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлдэг зэргийг цахим болгож цэгцэлнэ" хэмээлээ.
100 ТӨСӨЛ ЭДИЙН ЗАСГИЙГ ГУРАВ ДАХИН ТЭЛНЭ
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том ажил бол 100 төсөл арга хэмжээ юм. Төр, хувийн хэвшил хамтраад 100 төслийг хэрэгжүүлж чадвал эдийн засаг гурав дахин тэлэх тооцоо судалгаа хийжээ. Энэ Засгийн газрын нэрлэж, дэмжсэн 100 төсөлд эдийн засгийн хүрээг тэлэх 50, амьдралын чанарыг дээшлүүлэх 25, засаглалыг сайжруулах шинэчлэл хийх 25 төсөл багтаж байна. Тухайлбал, уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбарт реформ хийх хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайг ашиглалтад оруулах, Тавантолгой нүүрсний баяжуулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, хоолой, Дорноговь хар төмөрлөг, Дорноговь хар төмөрлөг орж байна. Харин эрүүл мэндийн салбарт Хавдар судлалын үндэсний төв II, Зүрх судасны төв, Түлэнхийн төв, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг тусгажээ.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЧИГ ҮҮРЭГ, БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
“Улаанбаатар болон аймгийн төвүүдийг ухаалаг платформ бүхий дэвшилтэт технологитой камержуулалтын системд холбоно. Өнгөрсөн оны байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 117 хуулийн этгээдийн 60 хувь нь алдагдалтай ажилласан бөгөөд ашигт ажиллагааны түвшин нь тогтмол буурч байна.Тиймээс Төрийн өмчит компаниудын чиг үүрэг, бүтцийг шинэчлэн зохион байгуулж, тэдний үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжоор хангаж, шилэн болгон, ашиг, орлого, өгөөжийг нэмэгдүүлнэ. Эрдэс баялгийн бирж байгуулж, эрдэс бүтээгдэхүүний нэгдсэн стандарт нэвтрүүлэн, арилжааг олон улсын жишигт нийцүүлэн хийх, үнийг ил тод, нээлттэй тогтох нөхцөл бүрдүүлнэ. Татварын багц хуулийн дагуу техник, технологийн дэвшлийг ашиглан татварын бүртгэлийг бүрэн цахимжуулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, иргэдэд хүрсэн аппликейшн нэвтрүүлэх замаар татварын хамрагдалтыг нэмэгдүүлж, бүртгэл, үнэ шилжилтийн хяналтыг сайжруулж, татварын суурийг өргөжүүлнэ.
Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, “Нэг иргэн-нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлэн, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулахаар төлөвлөсөн байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин