Caakmedee

Дайны бүсээс дайчдаа “аварсан” тусгай экипаж

  • Онцлох мэдээ
  • 2021/05/24


Хүн төрөлхтөн шинэ сорилттой нүүр тулсан онцгой дэглэмд жил хагасыг өнгөрүүллээ. Цар тахлыг сөрсөн амаргүй хугацаанд бөмбөрцгийн өнцөг булан бүрт  халуун амь бүрийг аврахыг хичээсэн онцгой гавьяатнуудын үйлс эрхгүй бахдал төрүүлэх. Тэдгээр хүмүүсийн эр зориг, бахдам зүтгэлийг “Зууны мэдээ” сонин уншигчдадаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Цаг хугацааны хувьд ч Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн баярын өдөр таарсан нь онцгой давхцал биз ээ. 
ГАЛЫН БҮСЭД 32 ЖИЛИЙН ДАРАА ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ТУСГАЙ “САЛАА” 
Нисэх бүрэлдэхүүний багийн хоёр багш нисгэгч, агаарын хөлгийн бүхээгийн хоёр ажилтан тахлын халдвараас сэргийлсэн битүү хамгаалалтын хувцастай явсан гээд онцгой цаг үед ёстой л онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. 
Монгол Улс Афганистан руу 1988 онд нислэг үйлдэж байв. Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханаар ахлуулсан нисэх бүрэлдэхүүн АН-26, АН-24 хөлгөөр тусгай үүрэг гүйцэтгэж явсан. Афганистан ид байлдаж байсан тэр үед 30 шахам өнчин хүүхдийг дайны утаанаас холдуулж, эх орондоо авчрах, тэдэнд тусламжийн бараа хүргэхээр явсан нь өдгөө түүх болж үлджээ. Тэгвэл тэр өдрөөс хойш 32 жилийн дараа Афгани руу Монголын хөлгийн баг нисч, тусгай үүрэг гүйцэтгээд ирлээ. Тэр дундаа дэлхий нийтэд цар тахал дэгдэж онцгой дэглэм тогтоосон үед дайны бүс гэгддэг Афгани руу нисч хүний нутагт хүндхэн нөхцөл байдалд орсон энхийг сахиулагчдаа авчирсан “Хүннү эйр” компанийн нисэх бүрэлдэхүүнийг манай сонин онцлон сурвалжиллаа. 

Өнгөрсөн жилийн долдугаар сар буюу цар тахлын оргил үед Монголын энхийг сахиулагчид Афганистанд үүрэг гүйцэтгээд буцахдаа нислэгийн зөвшөөрөл саатаж Кабулд гацаад байсан юм. Галын бүс, цар тахлын аюул давхцсан хүндхэн нөхцөлд эх орон, гэр бүлдээ яарсан цэргүүд хүний нутагт өдөр нь 30-40 хэмийн халуун, шөнийн тэсгим хүйтэнд майхан, кэмп дамжиж бараг л бүтэн сар болоод байв. Цэргүүд эхнээсээ олноороо халдвар авч, хүндхэн хагалгаанд орсон хүнд цаг үетэй зөвхөн Монгол Улсын Батлан хамгаалах салбар бус улс даяараа нүүр тулаад байсан эгзэгтэй мөч. Энэ үед энхийг сахиулагчдаа цаг алдалгүй эх оронд нь авчрахын тулд гадаад, дотоодын Элчин сайдын яамнаас эхлээд улс даяараа хөдөлсөн юм билээ. Афганийн Кабулын нисэх онгоцны зурваст буухын тулд НАТО-гийн командлалаас зөвшөөрөл авах, АНУ-ын цэргийн хяналтан дор агаарын хил  нэвтрэх зэргээр эхлэх цэгээс бүхий л үйл ажиллагаа тусгай горимоор явагдсан гэдэг. Харин зөвшөөрөл авсны дараа дайнтай бүс рүү “шумбаж” Монголынхоо 100 гаруй дайчныг авчрах үүрэг агаарын тээвэрлэгч “Хүннү эйр” компанийн нисэх бүрэлдэхүүнд оногджээ. Нэг талаараа цар тахлын эрсдэлтэй, агаарын тээвэрлэгчид нислэгээ зогсоосон сэтгэл түгшээсэн, айдастай. Нөгөө талаараа эх орон, элгэн садандаа ирэх гэж яарч догдолсон цэргүүдийн нүдэндээ нулимстай, баяр бахдалын сэтгэлийг тээж ирсэн түүхэн үйл явдал байсан нь лавтай. Энэ мэдрэмжийг хуваалцах саналыг маань П.Мөнхжаргал захирал “Хөл хорионы дараа больё” хэмээн багагүй хугацаанд хойшлуулсны эцэст хөл хорионы дараах ажлын сүүлийн өдөр уулзах цаг товлосон юм. Тэрээр “Би ч юугаа ярих вэ. Манай нисэх багийнхантай уулзаарай” гэснээр бид нисэх зөвшөөрөл хэрхэн авах зэргээр үйл явц яаж өрнөсөн талаар товчхон яриа өрнүүлэв. П.Мөнхжаргал захирал “Долдугаар сарын 3-нд Батлан хамгаалахын яамнаас над руу утасдсан.

Тэнд нөхцөл байдал хүндэрсэн учраас яаралтай цэргүүдээ авчирмаар байна. Танайх явж чадах уу. Хэн л чадна гэнэ тийшээ хандана” гэж шууд асуусан. Тэгэхэд нь “Нисэх зөвшөөрөл, бэлтгэл ажил хангахад багадаа 14 хоног шаардлагатай. Наадмын дараа нисье” гэхэд “Нэг ч хоног алдмааргүй байна. Наадмаар яваад ирээч” гэснээр бид оройдоо уулзалт товлож хөөцөлдөж эхэлсэн. Ер нь Афгани руу ниснэ гэдэг эрсдэлтэй. Дайнтай бүс рүү явах учраас даатгалын тусгай зөвшөөрөл авах ёстой. Тэгээд долдугаар сарын 12-нд явахаар төлөвлөж бэлтгэлээ хангаж эхэлсэн. Зөвшөөрлийг тав хоногийн дотор л авсан. Афгани руу нисэхийн тулд ОХУ дээгүүр гараад, Казакстаны Алматыд бууж шатахуунаа сумлаад Узбекстан дээгүүр нисч хүрнэ. Өөр бусад нарийн зүйлийг хэлж болохгүй байх. Афганийн агаарын хил рүү оронгуутаа онгоцны кодыг сольж мэдээллээ нууцлах зэргээр нарийн зүйл байдаг юм билээ. Лалын шашинтай орон учраас ажил, амралтын өдөр таарч өгөхгүй нислэгийн зөвшөөрөл авахад хүндрэлтэй. Батлан хамгаалах яам, ГХЯ, Энэтхэгт байдаг Элчин сайдын яам зэргээр тал талаасаа хөөцөлдсөн дөө. Буцахдаа Казакстан дээр түлшээ сумлах гэхээр цэрэг авч явахыг зөвшөөрөхгүй гэх мэтээр хүндрэл бэрхшээл их гарсан юм билээ. Тэр болгоныг яам болон холбогдох байгууллагууд шуурхай зохицуулсан даа. Ямар ч байсан манай залуучууд амжилттай яваад ирсэн. Батлан хамгаалах яам талархал илэрхийлж нислэг зохион байгуулахад оролцсон хүмүүс болон экипажиар нь шагнасан шүү” гэлээ. Ийнхүү бид түүний залуучуудаараа  бахархсан, бахадсан сэтгэлийг “сонсч”, нисэх багийнхныг хүлээнгээ цар тахлын үед хэрхэн ажилласан талаар нь яриагаа үргэлжлүүлэв. “Цар тахлын үе гэлтгүй одоо ч хүнд байна. Хөл хорихоос өмнө гадагшаа нислэг багасаад эхлэнгүүт дотоодынхоо нислэгт анхаарсан. Дотоодын нислэг зорчигч багатай. Харьцангуй зам харилцаа сайжирсан учраас тасалбарын үнээ хямдхан байлгах шаардлага үүснэ. Гэтэл нислэгийн зардал өндөр. Хөл хорионы үед нэмэлт орлого олох гэж их хичээлээ. Олон ч зүйл хийлээ. Багахан төлбөрөөр хүүхдүүдэд онгоц үзүүлж, салбараа сурталчилж байтал хатуу хөл хориод нам зогссон. Орон нутгийн нислэг явж байхад онгоцоор наймаа хийсэн. Хөвсгөлөөс самар авч Өмнөговьд зарлаа, Ховдоос тарвас зөөж хотод зарсан.

Улаанбаатараас орон нутаг руу торт, амьд цэцэг зөөх зэргээр нэлээн олон шинэ зүйл санаачилсан. Тэгж байж л багахан цалингаар ч болов ажилчдаа авч үлдэнэ шүү дээ. Нисэхийн мэргэжил маш нарийн чадвар шаарддаг учраас ажилчин бүр үнэтэй капитал байдаг. Нисгэгч, инженерүүдээс гадна онгоцонд ачаа ачигч, цэвэрлэгч хүртэл маш чухал. Туршлагатай ачигч нэг онгоцонд 100 ачаа багтаах бол туршлагагүй нь 50 ачаа л багтаах жишээтэй. Яг хатуу хөл хорио тогтооход ямар ч аргагүй болсон л доо. Сүүлд спортын холбоодтой нэлээдгүй хамтарч олимпийн эрх олгох тэмцээнүүдэд тамирчдыг хүргэж өгөх, авах ажлыг зохион байгууллаа. Мөн Оюутолгой руу нисч, түргэн тусламжаар Э.Энхбат начныг Сөүл рүү хүргэж өгөөд ирсэн. Манайх тусгай үүргийн нислэгт цөөн явсан. Энэтхэг, Будапешт, Афганистаниас монголчуудаа авчирсан. Ер нь хаана л ямар боломж байна. Тэр нүх сүв болгоныг хайлаа. Хүмүүс маш сайн вакцинжаад улсаараа ногоон бүс болчихвол нислэг сэргэнэ гэж найдаж байна. Сайн цаг ирэхийг хүлээж байна даа” хэмээн инээмсэглэлээ. Энэ зуур захирлын тодотгож хэлснээр нисэх багийн туршлагатай ажилчид орж ирсэн нь 30 гаруй насны залуус байсныг онцлохыг хүсч байна.  
 
ЭНХИЙН ТӨЛӨӨ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ, ЦЭРГИЙН АЛДАР ЗҮҮСЭН НИСЭХ БАГИЙНХАН 
НИСЛЭГИЙН АЛБАНЫ ДАРГА М.ТӨГӨЛДӨР: НИСГЭГЧ НАРТ ӨГДӨГ МЭДЭЭЛЭЛ ДЭЭР “БУУДАХ АЮУЛТАЙ” ГЭСЭН ТЭМДЭГЛЭЛ БАЙСАН 
 
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан “Хүннү эйр” компанийн Embraer 190 агаарын хөлөг Афганийн агаарын орон зайд орохдоо АНУ-ын цэргийн командлалын хяналтад орно. Доогуур нислэг бол газраас гал нээх ч магадлалтай. Хамгаалалтын энэ зоон дээгүүр Embraer 190 агаарын хөлөг нисээд ирсэн юм. Эрсдлийг сөрж, хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлээд Монголынхоо армийн энхийг сахиулагчдыг эх оронд нь эрсдэлгүй авчирсан тусгай экипажийн нислэг 16 цаг  үргэлжилжээ. Нисэх бүрэлдэхүүний багийн хоёр багш нисгэгч, агаарын хөлгийн бүхээгийн хоёр ажилтан тахлын халдвараас сэргийлсэн битүү хамгаалалтын хувцастай явсан гээд онцгой цаг үед ёстой л онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үед хөлгийн багийг ахалж явсан Нислэгийн албаны дарга, Embraer 190 онгоцны багш нисгэгч М.Төгөлдөр АНУ-д нисгэгч бэлтгэх академийг төгсч ирээд “Хүннү эйр” компанид 10 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр долдугаар сарын анхны нислэгээс хойш гурван удаа Афгани руу онгоц “жолооджээ”. М.Төгөлдөрөөс тухайн үед нислэг ямар байсан талаар асуухад “Дайны бүс гэдэг утгаараа мэдээж эрсдэлтэй. Нисгэгч нарт өгдөг мэдээлэл дээр “Буудах аюултай” гэсэн тэмдэглэл байсан. Нэгэнт үүрэг хүлээгээд нисэхээр шийдэж, сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан учраас айж, сандарсан зүйл байхгүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Гал нээж магадгүй гэж бодогддог юм билээ” хэмээн даруухан инээмсэглэв.
 
Харин Афганийн агаарын хил рүү ороход юу бодогдсон бэ гэхэд “Афганистаны нутаг дэвсгэрт цаг гаруй болсон байх. Агаарын хилээр нь цэргийн онгоц олон, хөдөлгөөн ихтэй юм билээ. Очоод онгоцноос буугаагүй. Зорчигчдоо суулгаж, замдаа түлшээ сумлаад хөдөлсөн. Энгийн үетэй харьцуулахад маск, бээлий, хамгаалалтын битүү хувцастай байсан болохоор хөлрөх зэргээр хүндрэлтэй зүйл байсан.  Дээр нь Афганистан маш халуун болохоор хамгаалалтын хувцастай хөлс гадагшлахгүй учраас нэлээн бүгчимдсэн. Биднийг өглөө очиход 30 гаруй хэмийн халуун. Өндөр уулархаг, борооны үүлнүүд битүү хучсан болохоор нисэхэд  бага зэрэг бэрхшээлтэй байсан. Мэдээж олон хүнийг ар гэрийнхэнтэй нь эсэн мэнд уулзуулах гэж байгаа болохоор хэцүү санагдах биш эсрэгээрээ сэтгэл сайхан байсан. Нисгэгчид агаарын хөлгийн бүхээгээс гарч, зорчигчидтой ойртож харилцах боломжгүй шүү дээ. Ямар ч байсан хөөрсний дараа бүхээгт алга ташаад орилолдож байгаа нь сонсогдоход сэтгэл догдлом байсан. Монголд буухад ч гэсэн алга ташаад бөөн дуу, шуу болж байсан. Хоёр, гурав дахь нислэгээс хүнд нөхцөл байдалдаа бараг дассан даа” гэсэн юм. Нислэгийн албаны дарга М.Төгөлдөр арван жилийн хугацаанд дөрөв дэх төрлийнхөө онгоцыг жолоодож байгаа, 6800 цагийг агаарт өнгөрүүлж байгаа туршлагатай нисгэгч юм билээ.
 
БҮХЭЭГИЙН АХЛАХ АЖИЛТАН Э.ЭНХТӨГӨЛДӨР:ЦЭРГҮҮД ДУУ ДУУЛЖ, ТӨРИЙНХӨӨ ДАЛБААГ НАМИРУУЛЖ ЖАГСЧ УГТАЖ АВСАН 
Афганийн тусгай үүргийн нислэгийн экипажийн онгоцны бүхээгийн ажилтнуудын ахлагчаар Э.Энхтөгөлдөр явжээ. Тэрээр “Компанийн удирдлага болон мэргэжлийн байгууллагуудаас маш сайн зөвлөмж, чиглэл өгсөн. Хийх ёстой ажил учраас айхтар хүндээр тусгаж аваагүй. Сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Ер нь бид ямар ч нөхцөлд сэтгэлзүйн бэлтгэлтэй тайван байж дүн шинжилгээ хийж, зөв арга хэмжээ авах ёстой. Биднийг онгоцны зогсоол руу ойртоход цэргүүд жагсчихсан дуу дуулж, төрийнхөө далбааг намируулж угтсаныг тод санаж байна. Удаан хүлээсэн учраас маш их баярлаж, догдоллоо. Халдвар авсан ч хамаагүй эх орон руугаа буцах л хамгийн чухал байна гэдгээ хэлж онгоцонд  орж ирээд талархлаа илэрхийлж байсан. Хамгаалалтын битүү хувцастай, халдвар хамгааллын дэглэм нарийн мөрдөх ёстой учраас ойроос харилцах боломжгүй байсан ч цэргүүдийн сэтгэл хөдлөлийг харах сайхан байсан. Эхний нислэгээр ирэх цэргүүд дунд мухар олгойн хагалгаа хоёр удаа хийлгэсэн хүн байсан учраас бид тусгай зөөврийн ор авч явсан. Улаанбаатарт газардах үед зорчигчдыг үдэн гаргах зарлан мэдээлэл уншдаг. Цэргүүдэд зориулж эх орондоо тавтай морил, та бүгдийг эх орон чинь угтан авч байна гэх агшинд цэргүүд маш их баярлаж алгаа ташиж орилолдож байсан” гэлээ. Бүхээгийн ахлах ажилтан Э.Энхтөгөлдөр “Хүннү эйр” компанид тав дахь жилдээ ажиллаж байгаа. “Онгоцны үйлчлэгч” буюу олон улсын нэршлээр агаарын хөлгийн бүхээгийн ажилтан зорчигчдын аюулгүй байдлыг хянаж, эрүүл мэндийн асуудал гарвал туслах үүрэгтэй. Ялангуяа, ахлах ажилтан хөлгийн бүхээгийг хяналтдаа бүрэн байлгаж сонор сэрэмжтэй байж олон зүйлийг анзаарч явах ёстой билээ.
 
 
Ийнхүү энхийн төлөө үүрэг гүйцэтгэж, цэргийн алдар зүүсэн нисэх багийн шижигнэсэн залуустай цөөн хором ч сэтгэл хөдөлгөм яриа өрнүүлсэн юм. Муугаар бодвол, хэзээ ч хаанаас ч гал нээх эрсдэлтэй бүс рүү дөнгөж 30 гаруй настай залуус өндөр эрсдлийг зоригтой үүрч, үүргээ хариуцлагатай биелүүлсэн энэ үйл явдал бол яах аргагүй түүх болж үлдэх учиртай. Харин энэ түүхийг бүтээж байгаа нисэхийн салбарынханд тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байх ерөөл өргөе.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу