Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. Улсын Их Хурлын дарга, гишүүд болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгийн удирдлага, багш нарын оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын Үндсэн хуулийн эрхэм зорилгын нэг бол Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх юм. Энд дурдагдаж буй хүмүүнлэг нийгмийг цогцлоох хөрс суурь нь боловсрол, бүр тодруулбал иргэний боловсрол юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид үүнийгээ орхигдуулснаас ёс сурахууны хуучин хэм хэмжээ цагийн аясаар халагдсан ч шинэ хэм хэмжээ тогтоогоогүй өдий хүрснээр нийгэм маань “оёдол бүрээрээ задарч” байгаа мэт цаг үе болжээ.
Хүүхдийн хүмүүжил ёс зүйгээс эхлэн хувь хүний, салбар, мэргэжил бүрийн ёс зүйн асуудал нь судлагдахууны хувьд ч орхигдсон байна. Улс орны хөгжилд ёс суртахуун нэн чухал. Ёс суртахууны ялзрал нь улс орны уруудал, доройтлын суурь шалтгаан болдог. Өнөөдрийн нийгмийн болохгүй бүхэн нь ёс суртахууны асуудалтай ямар нэг хэмжээгээр холбогддог.
Та бүхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын боловсруулж, өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулах, санал бодлыг тань сонсохоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.
Хүмүүнлэг боловсрол гэдэг нь хүнийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх, хүнээр хүн хийх арга ухаан юм. Энэ арга ухааныг манай өвөг дээдэс бараг төгс гэхээр түвшинд эзэмшсэн байсан ч гаднын соёл, шинэ хандлага руу хэт хошуурснаас болж сүүлийн жилүүдэд алдагдаад байгаа гэж судлаач, олон нийт үзэж байна.
Судалгаанаас үзэхэд ёс зүйн боловсрол бол насан туршийнх бөгөөд Монгол Улсын хувьд бүх нийтийн ёс зүйн боловсролд анхаарлаа хандуулах цаг болсныг харуулж байна. Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан арга-билигт суурилж байжээ. Аж төрөх ухаан, ур чадвар, мэдлэг боловсролыг арга хэмээн, асрах, энэрэх сэтгэл, дотоод сэтгэлийн боловсролыг билиг гэж үзэж байжээ. Ийнхүү арга билгийг хослуулан хүмүүжүүлсэн цагт сая жинхэнэ хүн болно гэж үздэг байсан байна. Орчин үеийн дипломыг шүтэхээс татгалзаж, ур чадвар, авьяас билиг, ёс суртахуун, зөв хүмүүжлийг чухалчлах боллоо.
Дунд сургуулиар зогсохгүй их, дээд сургуулиудад ч ёс зүй, хүмүүнлэг боловсролын чиглэлийн хичээлийг сургалтын хөтөлбөрт нь багтаадаг болсон. Энэ аргыг хамгийн сайн эзэмшиж, “сайн хүн-сайн нийгэм” төлөвшүүлэх бүхэл бүтэн шинжлэх ухаан болгож хөгжүүлж, цогцлоож чадсан хүмүүс бол япончууд. “Япон лугаа хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсний нэг шалтгаан энэ юм. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёл, зан заншлаа хүүхдүүддээ багаас нь эзэмшүүлж, шинжлэх ухааны боловсролыг хүмүүнлэг боловсролтой хослуулж чаддаг арга туршлагаас суралцахд чиглэж байгаа юм.
Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс улс орнуудын боловсролын хөтөлбөр дэх хүмүүнлэг боловсролын хөтөлбөрийн талаарх судалгааг тоймлон танилцуулсан юм. Дэлхийн улс орнууд өсвөр үе, залуустаа ёс зүй, хүмүүнлэг боловсрол олгох сургалтыг өөр өөрийн арга хэлбэрээр олгодог.
Манай улсын хувьд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байхдаа санаачилга гарган “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг долоо хоногт 2 цаг байхаар ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулсан. Хэдийгээр ийнхүү иргэний боловсрол, ёс зүйн хичээлийг дунд сургуулиудад зааж, ёс зүй, зан заншлын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх зэргээр монгол ёс уламжлалыг сэргээхээр оролдож байгаа ч тогтолцоо болж төлөвшихгүй байна.
Ийм учраас бид Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн тухайд нийгмээрээ нэг ойлголттой байж, бүх шатны боловсролын хөтөлбөрт багтаах төдийгүй насан туршийн боловсрол хэмээн ойлгох шаардлагатай гэж үзэж байна. Эрх чөлөөт байдал, олон шашин, соёлын нөлөө, сургалтын тогтолцоо, амьдралын хэв маяг, орчин нөхцөл сүүлийн 30-аад жилд орвонгоороо өөрчлөгдсөн нь уламжлалт ёс заншил, соёл, түүхээ ад үзэх, орхих шалтгаан болох ёсгүй.
Энэ бүх нөхцөл байдлыг үндэслэж Улсын Их Хурлын гишүүд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсрлуулж, өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж байна. Төсөлд хүмүүнлэг боловсролыг олгох үйл ажиллагаа, хүмүүнлэг боловсролын үндсэн чиглэл, хүмүүнлэг боловсролын агуулга, төрийн байгууллагын эрх, үүрэг, байгууллага, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, хүмүүнлэг боловсролыг олгох сургалтын дэмжлэг олгох гэх мэт харилцааг зохицуулахаар тусгасан байгаа хэмээн Улсын Их Хурлын дарга хэлээд “Эрхэм зочид, эрдэмтэн судлаачид Та бүхэн хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, зөв монгол хүнийг төлөвшүүлэх талаар үнэ цэнтэй санал бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх гэж байгаа болон хэлэлцэж буй төслийн зүйл, заалттай холбоотой саналаа илэрхийлэх иргэн, хүн нэг бүрд нээлттэй
lawforum.parliament.mn цахим хуудасны талаар цохон танилцуулж, холбогдох QR кодыг уншуулснаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлтэй цахимаар танилцан, төсөлтэй холбоотой санал, бодлоо илэрхийлээрэй хэмээн уриалж байв.Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудаа зөв иргэн болгон төлөвшүүлэхийн тулд бага наснаас нь эхлэн боловсролын бүх үе шатанд анхаарах ёстой, өнөөдрийн танилцуулж буй хуулийн төслийн гол ач холбогдол нь энэ гэдгийг тэрбээр тэмдэглэж байв.Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал 2020 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Өнөөдрийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төслийн талаар танилцуулав.
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл нь иргэний боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн харилцааг зохицуулах юм байна. Төсөлд хувь хүн хүүхэд наснаас ахмад буурай болтол зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачлагын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд, залуучууд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшиж, улмаар эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь эрс багасна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Хүүхэд, залуучууд ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшин, бага наснаасаа хөдөлмөр эрхлэх арга зүйд суралцсанаар нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлчээр хөдөлмөрлөн баялгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг тэрбээр жишээ дурдан тайлбарлав.
Улмаар хүмүүнлэг нийгэм төлөвшиж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, өв тэгш бие бялдартай, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсч буй хохирол багасах, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон үргүй зардал буурах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Академич С.Нарангэрэл: Хууль нь ёс суртахууныг хамгаалж, бэхжүүлдэг
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр боловсролын тухай хууль, эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар илтгэл танилцууллаа.
Эрдэм боловсролтой, эрүүл, хүнлэг, хөдөлмөрч, насан туршдаа хөгжих чадвартай, өөрөө хөгжин, нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулдаг иргэнийг төлөвшүүлэх зорилготой боловсролын өмнө өнөөдөр олон тулгамдсан асуудал тулгарч байгаа гэв.
Боловсролын үйлчилгээний чанар хувь хүний болон нийгмийн хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран чанартай боловсрол эзэмших нөхцөл боломж, хүүхдэд ээлтэй, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй орчин бүрдүүлж байгаа зэрэг нь өнөөдөр боловсролын тулгамдсан асуудлуудын нэг гэдгийг дэд сайд дурдав.
Өдөр тутмын амьдралд оролцох наад захын мэдлэг, чадвар эзэмших наснаас нь эхлүүлээд насан туршдаа суралцах явцдаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх гол түлхүүр бол боловсрол гэдгийг илтгэлдээ онцоллоо. Дэлхий нийт өнөөдөр боловсролын зарчим, хувь хүний болоод нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг эргэн харж байна.
Багш сургадаг, хүүхдийн хөгжлийг зөвхөн багш хариуцдаг концепцоос урагш алхаж, суралцахуй, насан туршийн боловсрол руу чиглэж байгааг Г.Ганбаяр дэд сайд хэлээд, шинэ зууны боловсролын чиг хандлага, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэ зууны иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхээр эрх зүйн орчныг шинэчлэлтэй холбоотой мэдээллийг танилцуулав.
Анх 1963 онд Монгол Улс Сургууль, амьдралын холбоог бэхжүүлэх ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай хуулийг батлан, “өсвөр үеийг орчин үеийн шинжлэх ухааны ололт, техникийн ололт, техникийг эзэмшсэн өв тэгш хөгжилтэй хүмүүжилтэй иргэд болгон хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлжээ. Нийгэм, эдийн засаг, техник технологи болон хүний хөгжилд гарч байгаа өөрчлөлтийг дагаад боловсролын эрх зүй ч мөн адил өөрчлөгдөн боловсронгуй болж байсан түүхтэй.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хууль 2002 онд батлагдан, түүнийг дагаад Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдан хэрэгжиж, тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд Боловсролын тухай хуульд нийт 26 удаа өөрчлөлт орж байсан нь цогц шийдэл байгаагүйг холбогдох судалгаануудаас харж болно гэв.
Боловсролын эрх зүйн шинэчлэлийг хийхдээ “Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан /2019/, “Боловсролын чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн бодлогын судалгаа” /2020/, “Монгол Улсын Боловсролын суурь мэдээллийн судалгаа” /2019/, “Боловсролын тухай хууль тогтоомжийн олон улсын харьцуулсан судалгаа /2019/ зэргийг ашиглан энэ тэргүүнд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг тодорхойлсон байна. Иймд иргэнийг зөвхөн ангид танхимын сургалт, албан бус боловсролоор төлөвшүүлэхээс гадна амьдралын орчинд буюу гэр бүл, ажлын байр, нийгэм, байгаль орчноос суралцах боломжтойг хүлээн зөвшөөрөх, боловсролын талаарх хандлагаа өөрчлөх цаг болсныг дэд сайд хэлж байлаа. Насан туршийн суралцахуйг дэмжсэн боловсролыг хөгжүүлэх нь манай боловсролын эрх зүйн шинэчлэлийн тулгуур гэдгийг цохон танилцуулсан.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярын илтгэлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, академич С.Нарангэрэл “Монголчуудын ёс суртахуун: сэргэлт, ялзрал, эргэн сэргэлт” сэдэвт илтгэл танилцуулав. Одоогоос 2500 жилийн өмнө буюу МЭ IV зууны үед Ази, Европын суут сэтгэгчид анх ёс суртахууныг судалсан бөгөөд ёс суртахуун нь хүнд заяагдмал, хүн бүрд адилгүй гэдгийг тодорхойлсон гэв.
Ёс суртахуун гэдэг нь хүний эрхэм сайхан зан чанарын цогц өгөгдөл гэдэг тодорхойлолтыг хэлээд Чингис хаан хуулийн амин сүнс нь ёс суртахуун гэж ханддаг, хууль нь ёс суртахууныг тогтоодог, хамгаалдаг, бэхжүүлдэг гэж үздэг байсныг академич С.Нарангэрэл тайлбарлан, холбогдох мэдээллүүдийг уулзалтад оролцогчдод өгсөн. Бид өдгөө ёс суртахуун, хууль хоёрыг тусдаа хэмээн үзэж байгааг тэрбээр шүүмжилж байв.
Төслийн танилцуулга, уулзалтад оролцогчид Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэллээ.
Иргэний боловсролын хичээлийг анги удирдсан багш нар орох, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчин, нийгмийн сүлжээнд хүмүүнлэг боловсролын талаарх контентуудыг бэлтгэж, нэвтрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны оролцоог зохистой, оновчтойгоор зохион байгуулах боломжийг бүрдүүлэх саналыг хэлж байв.
Мөн хүүхдүүдийн хүмүүжилд ээжийн оролцоо чухал гэдгийг онцолж, хүүхдийг гурван нас хүртэл ээж нь асарч, хүмүүжүүлэх бололцоог бүрдүүлэх чиглэлд төрөөс анхаарах саналыг гаргаж байв. Түүнчлэн багш мэргэжлийг эзэмших хүнээс хүмүүнлэгийн үйл ажиллагааны туршлага, кердит шаарддаг байх, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, багш нарын нийгмийн баталгааг сайжруулах, телевизүүдийн агуулгад хяналт тавих, цахим сургалтыг үргэлжлүүлэх, нөгөөтэйгүүр хүүхэд, залуусын цахим хэрэглээг зохистой түвшинд зохицуулах гэх зэрэг саналуудыг оролцогчид хэлж байв.
Ийнхүү Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалт өндөрлөж, арга хэмжээг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Улс орны хөгжил нь боловсролын асуудалтай шууд хамааралтай байдаг гэдгийг тэрбээр цохоод “Боловсролын асуудлыг багшийн хариуцлага, эцэг, эхийн оролцоо гэх мэтээр хэн нэгэнд шууд хамаатуулах учиргүй. Энэ бол бүх нийтийн үйл хэрэг. Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн амьдралынх нь бүх хугацаанд ёс зүйн боловсрол гэдэг байнга хамт байх ёстой юм байна.
Хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэх, түгээх, эзэмших нь хүн бүрийн үйл хэрэг байх юм. Төр засгаас эхлээд гэр бүл, эцэг, эх гээд иргэн нэг бүрийн үйл хэрэг, анхаарлын төвд байх үйл хэрэг байх юм байна. Тэр дундаа багш нэг бүрийн үйл хэрэг, дадал зуршил байх ёстой. Боловсролын тогтолцооны үндсэн зорилго бол хүн нэг бүрийг математикч болгох биш, харин хүн болгох юм” гэв.
Гэр бүлийн хүмүүжил хувь хүний төлөвшилд нэн чухал байдаг талаарх хэд хэдэн баримтыг тэрбээр дурдаад “Монгол нь Азидаа хоёрдугаарт, дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх зан заншлын агуу их хуультай улс гэдгийг эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн байдаг” гэв. Тиймээс боловсролын салбарыг цогцоор нь харж, асуудлыг ул суурьтайгаар судалж, бүх нийтийн ухамсар, сэтгэлгээний өөрчлөлтийн түвшинд хандаж, үүнийг нь багш нар манлайлан хийснээр нийгэмд бодит өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ гэв.
Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлд оролцох сонирхолтой хэн бүхэн
lawforum.parliament.mn цахим хуудаст нэвтрэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт оролцох, тодорхой төслийн зүйл, заалттай холбоотой саналаа илэрхийлэх боломжтойг хэлж, уриаллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
скачать dle 12.0