УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил гэх БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Жуковын талбайн арын хэсгийн газрын маргаан дэгдээд даруй 10 гаруй жил өнгөрчээ. Олон жилийн турш маргаан дэгдээсэн энэхүү газрыг Ерөнхий сайд цуцлах үүргийг өчигдөр Хотын дарга Д.Сумъяабазарт өгөв. Тэгвэл энэхүү газар ямар учраас маргаан дэгдээсэн, нийтийн эзэмшлийн талбайг анх хэн, ямар замаар хувьдаа авсан талаар бид сурвалжилсан юм.
Юуны түрүүнд Жуковын талбайн 70 орчим хувийг хамарсан гэх тэрхүү хашаатай таницлаа. Таван метр орчим доош ухсан газрын зарим хонхор хэсгүүдэд ус тогтжээ. Харин хашааны дээд, доод болон хоёр хажуугийн ухаагүй үлдээсэн хэсгүүдэд хэдэн мод ургасан байх нь тонгичоод хаясан энэ газрыг нүдэнд дулаан харагдуулах ганц чимэг гэлтэй.
80, 90-ээд оны үед шинэ жилийн баяраар эндхийн оршин суугчид Орос, Монгол гэж ялгаралгүй бүгд талбай дээрээ цуглан, гэр гэрээсээ оргилуун дарс, тортоо барьж гарч ирээд дуулж бүжиглэн шинэ оноо угтдаг уламжлалтай байжээ. Дулааны улиралд харин хүүхдүүд тоглож, залуус болзон, хөгшид суун шатар нүүдэг байсан Баянзүрх дүүргийнхээ "төв талбай" гэхэд хилсдэхгүй талбай байсан хэмээн эндхийн оршин суугчид хэлж байв. Гэтэл өнөөдөр ухаад хаясан энэ газар зун нь мал нядалгааны эхүүн үнэр ханхалж, өвөл нь цэлэлзсэн мөс уул мэт босоод ирдэг талаар дурдлаа.
Хашааны баруун урд ганц гэр байх нь манаачийн байр ажээ. Гэрийн хаалгыг тогшиход одоогоор энэ газрыг манаж байгаа гэх 20 орчим насны залуу гарч ирэв. Түүнээс энэ газар хэний өмч болох, хашааг манаад хэдий хугацаа өнгөрүүлсэн талаар тодруулахад,
"Манайх энэ газрыг манаад хоёр, гурван жил болж байна. "Сод Монгол" компанийн өмч. Ноднин газраа ухсан. Энэ зунаас барилга барина гэсэн. Нарийн ширийнийг нь би сайн мэдэхгүй, барилгын ажил эхлэхээр нь явна" гэв.
Оршин суугчдаас энэ асуудлаар мэдээлэл өгөх хүнийг тодруулахад, талбайн баруун талд байрлах 12, 13 дугаар байхны СӨХ-ийн дарга Б.Батцэцэгтэй уулзахыг зөвлөв. Оршин суугчдын албан ёсны төлөөлөл, ТБЭЭАХХ сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Нийтийн эзэмшлийн талбайг хувьчилсан явдал анх хэзээнээс эхэлсэн юм бэ. Даруй 10 гаруй жил болсон гэх юм?
-Энэ газрын арын хэсэгт байгаа мод тухайн үед байгаагүй юм. Үр нь унаад өдий болтол ургасан мод. Энэ модыг харахад энэ талбайг хувьчлаад хэр зэрэг удсан нь харагдана. 2007 оны үед энэ талбайг таван өөр компани хувааж аваад дөрөв нь Ц.Анандбазарын охин компани, хойд хэсгийг нь Монголын саран ээж нийгэмлэг хувьчилсан. Энэ нийгэмлэгийн гүйцэтгэх захирал нь манай БЗД-ийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Г.Лхамсүрэн гэдэг хүн байсан юм. Тэр хүн энэ газрыг анх авахдаа хойд хэсэгт нь Ээж музей барина гэж ярьж байснаа өөр хүнд зарсан. Тухайн үед манай дүүргийн Засаг даргаар Э.Мөнх-Очир байхдаа Ц.Анандбазартай найз нөхдийн харилцаатай учраас энэ газраа өгсөн. Энэ талбай чинь тэр чигтээ иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг том талбай байлаа шүү дээ. Энэ хавийн оршин суугчид бид эсэргүүцээд дийлдэггүй, Э.Мөнх-Очир хэлэхдээ Би найздаа өгсөн, яадаг юм гэдэг байсан.
-10 гаруй жилийн хугацаанд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй шалтгаан нь доороосоо ус гараад байдагтай холбоотой юу?
-Анх барьж байсан хашаа нь бүр яажийгаад уначихсан, хүн дарж гэмтээчих гээд байхаар нь өнгөрсөн жил одоо байгаа энэ 3 метр өндөр хашааг барьсан. Энэ хашааг Хотын захиргаа барилаа гэж Т.Гантөмөр бидэнд хэлж байсан. Тэр үед С.Амарсайхан хотын дарга байсан. Доороосоо ус ундраад байгаа газар яаж барилга барих билээ дээ. Өдийг хүртгэл энэ хашаан дотор машин тавьдаг, зундаа мал муулдаг байсан. Үнэр танар нь дийлдэхгүй болохоор бид мэргэжлийн хяналт ч дууддаг. Тэр бүү хэл, хойд хэсгийнх нь явган хүний замыг эвдэж хаяад хашаагаа барьчихсан. Бид энэ талаар хэлээгүй, яриагүй газар гэж үгүй. Баянзүрх дүүрэг рүү хэлэхээр хотын удирдлага руу шилжүүлсэн, бид яаж ч чадахгүй гэнэ. Биднийг асуудал бариад очихоор шүүх дээр байгаа, наад асуудлыг чинь шүүхээс шийдэх гэж байгаа гэдэг байсан. Олон жил Захиргааны шүүхээр яваад Ц.Анандбазарын талд гарсан гэнэ лээ. Үүний дараа 2016 оны сонгуулийн дараа энэ газрыг 60 жилээр эзэмшүүлэх гэрээ байгуулсан гээд бидэнд мэдэгдсэн.
Одоо энэ газарт 16 давхар дөрвөн том орон сууц барина гээд байгаа. Хоорондоо холбогдсон хэсэгт нь том худалдааны төв, кино театр барина гэсэн. Нөгөө алдартай Ээж музей нь тэр кино театрынх нь хоёр давхарт орох юм гэнэ лээ. Уг нь тэр музейг барих гэж байсан урлагийн алдартай хүмүүс болох Л.Цогзолмаа, Н.Сувд зэрэг хүмүүс өөрсдөө манай энэ хавийн оршин суугчдынхаар явж 500, 1000 төгрөгийн хандив цуглуулж байсан.
-Баянзүрх дүүргийн зүгээс энэ асуудал нийслэл рүү шилжсэн гэж хэлдэг гэлээ. Нийслэл рүү хандаж байв уу?
-Үе үеийн бүх хотын дарга нарт хандаж байсан. 2016 оноос хойш л гэхэд С.Амарсайхан дарга, Д.Сумъяабазар гээд бүгд рүү нь оршин суугчдын гарын үсэгтэй бичиг явуулдаг. Хотын дарга нар хэзээ ч хариу өгч байгаагүй. С.Амарсайхан даргатай 2020 оны тавдугаар сарын сүүлээр манай хажууханд баригдсан биеийн тамирын спорт талбайн нээлтийн үеэр би өөрийн биеэр уулзаж энэ асуудлыг хэлсэн. Гэтэл миний өөдөөс ууртайгаар "Хот хашаа бариад хамгаалчихлаа, барилга барих зөвшөөрөл өгөхгүй байна, тэрнээс илүү яах гээд байгаа юм. Наана чинь цэцэрлэгт хүрээлэн байгуулах гээд хот хамгаалалтандаа авчихаад байна" гэж хэлсэн. Дараа нь Т.Гантөмөр дарга ч бас Хот хамгаалалтандаа авсан, барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаа гэж хэлсэн.
Сүүлд нь аргаа бараад Хот байгуулалт хөгжлийн газар луу бичиг явуулахад тэндээс хариу ирсэн. Тэр хариун дээр 2020 оны долдугаар сарын 10-нд буюу яг сонгуулийн дараа барилга барих зөвшөөрөл олгосон гэсэн хариу ирсэн. Сонгуулийн өмнө зөвшөөрөл олгоогүй гээд байсан чинь яг сонгуулийн дараа энэ бичиг нь ирж байгаа юм. Жирийн иргэн газар ашиглах гэж аваад хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй бол газрыг нь хураана гэж заасан байдаг. Гэтэл энэ эрх мэдэлтэй хүмүүс 10, 20 жил машин тавьж, мал муулж мөнгө олж ашиглаад 10 жилийн дараа зөвшөөрлөө гаргуулсан байна. Одоо ийм байдалтай сууж байна даа гэсэн юм.
Ийнхүү анх музей байгуулна хэмээн авсан газар эцэстээ Ц.Анандбазарын "Сод Монгол" компанийн өмч болжээ. Харин удтал маргаан дагуулж, иргэдийн итгэл алдраад байсан уг газрыг ийнхүү цуцлахаар болоод байна.
Эх сурвалж: UBN.mn